Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Алтны уурхайд довтолсон иргэдийг шийтгэхийг Хятадын тал Киргизистанаас шаарджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Бишкек дэх Хятадын элчин сайдын яам өөрийнх нь хөрөнгө оруулалттай алтны уурхайд халдсан орон нутгийн иргэдэд хариуцлага тооцохыг Киргизистаны эрх баригчдаас өчигдөр шаарджээ.

Киргизийн Солтон Сары алтны ордод олборлолт явуулах эрхийг Хятадын Зон Жи Майнинг компани 2012 онд авч байсан юм. Тэгвэл Даваа гарагт 300 орчим нутгийн иргэд тус компанийн уурхайд ирж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсанаар мөргөлдөөн үүсжээ. Талууд харилцан чулуу нүүлгэлцэж байсныг гэрчүүд мэдээлсэн байна.

Энэ үеэр Хятадын талаас 28 хүн бэртэж, эмчлүүлжээ. Хятадын элчин сайдын яамны мэдэгдэлд “Хятадын компаниудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, Хятадын иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Киргизийн засгийн газраас хатуу шаардаж байна” гээд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг хүссэн байна.

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчид болон нутгийн иргэдийн хооронд зөрчил байнга гарах болсон ч Хятадын талаас ийм мэдэгдэл гаргаж байгаагүй юм.

Киргизийн аюулаас хамгаалах газар болсон үйл явдлын талаар мэдээ мэдээлэл, дүрс бичлэгийг тараахгүй байхыг иргэддээ анхааруулсан нь үндэстэн хоорондын зөрчлийг дэвэргэхээс болгоомжилсон хэрэг байв.

Киргизийн нүүдэлчид, фермерүүд байгаль орчныг нь бохирдуулж байгаа уул уурхайн компаниудыг байнга буруутгадаг.

Сүүлийн үед болсон хамгийн том мөргөлдөөн зүүн Иссык Куль муж дахь Канадын Сентерра Гоулд компанийн уурхайд гарсан юм. Тус уурхай нь 2018 онд Киргизийн дотоодын нийт бүтээгдэхүүний 8.5 хувийг бүрдүүлж байжээ.

Уулархаг газар нутагтай, зургаан сая муслим голдуу хүн амтай Киргизистан улс нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 улсаас ядуурлын түвшнээр хоёрдугаарт жагсдаг байна.

 

Эх сурвалж: AFP