Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Папуа Шинэ Гвиней улс бүх өрийг нь шилжүүлж авахыг Хятадаас хүсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Папуа Шинэ Гвиней улсын ерөнхий сайд Жэймс Марапе

Папуа Шинэ Гвиней улс засгийн газрынхаа бүх өрийг шилжүүлж авахыг Хятадын засгийн газраас хүссэн байна.

Хэрвээ ингэвэл Номхон далайн бүсийн энэ улсын хувьд стратегийн томоохон шилжилт болж, уламжлалт түнш Австралийн нөлөөнөөс гарч Бээжинтэй ойртоно.

Хоёр долоо хоногийн өмнө Папуа Шинэ Гвиней улсын ерөнхий сайд Жэймс Марапе анхны гадаад айлчлалаа Австралид хийсэн юм. Тэрээр ерөнхий сайдаар томилогдоод хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа.

Айлчлалынхаа үеэр Марапе ойрын 10 жилийн дотор зээл тусламж авдаг улс орноо Австрали улстай эрх тэгш түншилдэг орон болгон өөрчлөх хүсэлтэйгээ ярьж байжээ.

Гэтэл өчигдөр буюу Мягмар гарагт Марапе тус улсад суугаа Хятадын элчин сайд Шу Бинтэй уулзахдаа Папуа Шинэ Гвиней улсын засгийн газрын нийт өр болох $7.95 тэрбумыг Хятадад шилжүүлэх хүсэлт тавьсан байна.

Тус улсын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 32.8 хувьд хүрээд байгаа юм.

 

Сүүлийн жилүүдэд Папуа Шинэ Гвиней улсын эрх баригчид Бээжинтэй улам бүр ойртон дотносож байгаа.

Өнгөрсөн онд Папуа Шинэ Гвинейн нийслэл Порт Морсбид APEC-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдахад Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин айлчилж, бусад зочдоос илүү хүндлүүлж байв. Үүнтэй зэрэгцэн Папуагийн парламентын гишүүд Бээжинд байнга зочлох болсон байна.

2017 онд Хятадын засгийн газар Папуа Шинэ Гвинейн зам тээврийн дэд бүтцийг шинэчлэн байгуулахад зориулж $3.9 тэрбумын зээл санал болгож байжээ.

Сүүлийн жилүүдэд Номхон далайн бүсийн улс орнуудын “том ах” Австрали улс нөлөөгөө Бээжинд алдах аюул тулгараад байгаа.

Хятадын эрх баригчид их хэмжээний зээл, тусламжаар энэ бүс нутгийн хөгжил дорой улсуудыг өөртөө татах болоод байна.

 

Эх сурвалж: The Guardian