Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс Кашмирыг өөртөө бүрэн нэгтгэх түүхэн шийдвэрийг гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Энэтхэгийн парламентын доод танхим Жамму Кашмир мужийн өөртөө засах онцгой эрхийг цуцалж, Шинэ Делигийн шууд захиргаанд оруулах шийдвэр гаргалаа.

Кашмир бол дэлхийн хамгийн аюултай бүс нутгуудын нэгт тооцогддог. Энэтхэг, Пакистан улсууд уг бүс нутгийг хувааж захиргаандаа оруулсан байдаг ч аль аль нь Кашмирыг бүхлээр нь өөрийн газар нутаг гэж үзэн маргадаг юм.

Парламентын доод танхимын гишүүдийн 370 нь Кашмирын статусыг өөрчлөхийг дэмжиж, 70 нь эсэргүүцжээ.

Ингэхдээ Кашмирын хамгийн алслагдсан уулархаг хэсэг болох Ладакыг тусад нь салгаж, мөн Шинэ Делигийн шууд захиргаанд оруулсан байна.

 

Даваа гарагт уг шийдвэрийг Энэтхэгийн парламентын дээд танхим дэмжсэн тул одоо тус улсын ерөнхийлөгч батлах үлдэж байна.

1947 онд Энэтхэг улс Британийн колоничлолоос салсны дараа Пакистан улс салан тусгаарлахад Кашмир хоёр хуваагдсан юм. Тэр цагаас хойш муслим хүн ам голлодог энэ мужид Энэтхэгээс салан тусгаарлаж, Пакистанд нэгдэх тэмцэл тасралтгүй үргэлжилж, нийтдээ 70,000 гаруй энгийн иргэний амь үрэгдээд байгаа.

Хоёр улс нийт гурван удаа дайн хийсний хоёр нь Кашмирт болж байжээ.

Кашмирын статусыг өөрчилж, төв засгийн газрын шууд захиргаанд оруулах нь Энэтхэгийн ерөнхий сайд Нардендра Моди тэргүүтэй үндсэрхэг үзэлтнүүдийн сонгуулийн амлалт байсан юм. 

Өнөөдрийг хүртэл Жамму Кашмир нь өөрийн туг далбаа, үндсэн хуультай, өөртөө засах онцгой эрхийг эдэлж байв. Зөвхөн гадаад харилцаа, батлан хамгаалах асуудлыг Шинэ Делигээс шийддэг байжээ.

Тэгвэл одооноос эхлэн Кашмирын удирдлагыг Энэтхэгийн төв засгийн газраас томилж, Энэтхэгийн өөр бүс нутгийн иргэд Кашмирт эд хөрөнгөтэй болох, ажил хөдөлмөр эрхлэх боломж нээгдэж байна.

Кашмирын статусыг өөрчилсөн нь Энэтхэг, Пакистаны харилцааг хурцатгаж, бүс нутагт тогтворгүй байдал үүсгэж байгаа юм.

Пакистаны засгийн газар Энэтхэгийн эрх баригчдын шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа мэдэгдээд байна. Пакистаны ерөнхий сайд Имран Хан уг асуудлыг НҮБ­-ын аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх, Олон Улсын Шүүхээр шалгуулах боломжийг судлахаа амлажээ.

Тэрээр Пакистаны парламентад үг хэлэхдээ Нарендра Модигийн эрх баригч намын бодлого нь “Энэтхэгээс муслим хүн амыг цэвэрлэх”-д чиглэж байгааг шүүмжилсэн байна.

Шийдвэрийг гаргахаас хэд хоногийн өмнө Энэтхэгийн засгийн газар Жамму Кашмираас гадаадын жуулчид, мөргөлчдийг гаргаж, харилцаа холбоо, интернэтийн холболтыг нь хязгаарлаж эхэлсэн юм.

Мөн Кашмирын иргэдэд хурал цуглаан хийхийг хориглож, гол улс төрчдийг нь гэрийн хорионд оруулсан байна. 

 

Эх сурвалж: CNN