Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ганбаатар: Эв нэгдэл бидний хамгийн том хожил байсан

Т.Батсайхан, Зууны мэдээ
2019 оны 8 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг.

Тэр бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ.

Энэ удаагийн “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарыг урьж, ярилцлаа.

-Өнгөрсөн зургаадугаар сард танай холбооны ээлжит Их хурал боллоо. Таныг холбооны ерөнхийлөгчөөр улираан сонгосон. Өнгөрсөн дөрвөн жил хийсэн, бүтээсэн ажлын тань нэг үнэлгээ болов уу даа. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Тийм ээ. Би 2015 онд холбооныхоо ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Энэ жил манай наймдугаар сонгуульт Их хурал Олон Улсын хөлбөмбөгийн холбооны жишиг дүрмээр явагдсан.

Ардчилсан шударга, өрсөлдөөний зарчмаар, нууц саналт хураалтаар ерөнхийлөгчөө хоёр дахь удаагаа сонголоо. Би хоёр дахиа нэр дэвшиж сонгогдсон. Хөлбөмбөгт хайртай, энэ спортыг эх орондоо хөгжүүлэхсэн гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс надад дахин итгэл хүлээлгэлээ. Хоёрдугаарт өмнөх дөрвөн жилд энэ салбарын төлөө бүхнээ зориулж зүтгэж ирсний минь үр дүн гарлаа даа.

-Хөлбөмбөг бол олон сая үзэгчтэй, хүчтэй спорт.  Та өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар зарчим баримталж ажилласан юм бэ?

-Би 2015 онд ерөнхийлөгчид нэр дэвшихдээ бодлого, менежмент, эв нэгдэл гэсэн гурван зүйлийг баримталж ажиллахаа илэрхийлсэн.   Аливаа холбооны үйл ажиллагаа, бодлого, менежмент төлөвлөгөөтэй байх учиртай.

Би олон улсын жишигт нийцсэн хөлбөмбөгийг эх орондоо хөгжүүлэх бодлогоо боловсруулсан.  Түүндээ менежмент хийсэн. Мөн сайн аппарат, баг чухал байсан. Түүн дээр хамгийн чухал нь эв нэгдэл байлаа. Намайг 2015 онд ирэхэд хөлбөмбөгийн ертөнц хоёр хуваагдчихсан байсан л даа.

Хоорондоо маш их хэрүүл тэмцэлтэй, нэг нэгнийгээ үгүйсгэдэг. Үүнийг би засахыг хичээсэн. Ер нь спорт ч гэлтгүй аливаа хамт олон эв нэгдэлгүй болоод ирэхээр амжилт нь унаж байдаг. Тэгэхээр хүлээцтэй, тэвчээртэй, эв нэгдэлтэй байж өөрийгөө хүлээн зөвшөөрөгдтөл ажиллая л гэж бодсон. Одоо харахад үүний үр дүнд Монголын хөлбөмбөг л хожсон байгаа юм.

-Тийм шүү. 60 жилийн түүхтэй энэ спортод амжилт арвин байна. Манай шигшээ баг Азийн томоохон тоглолтуудад оролцоод эхэллээ?

-Эрэгтэй эмэгтэй шигшээ баг маань Зүүн Азийн анхны шатны тоглолтоос гарсан.  Хөлбөмбөг сонирхогчдын хувьд их том баяр боллоо. Түүнээс гадна дэлхийн аваргын урьдчилсан шатанд Монголын баг хэзээ ч шалгарч үзээгүй. Тэгвэл шалгарч үлдэж чадлаа.

Өнгөрсөн зургаадугаар сард манай баг Брунейн багтай тоглож, хожсон. Ингэж 60 жилийн түүхэндээ анх удаа урьдчилсан шатанд шалгарсан байдаг. Азийн хөлбөмбөгийн 40 багийг одоогоор тав ангилж байна. Өндөр зэрэглэлийн найман баг нь группээ толгойлдог.  Түүний араас таван зэрэглэлд багууд хуваагддаг.

Манайх анх удаа тавдугаар зэрэглэлд багтсан.  Японы багтай нэг группт орсон. Тус баг нь  дэлхийд чансаагаараа эхний  30-д багтдаг. Өнгөрсөн жил ОХУ-д болсон Дэлхийн аваргад Японы баг Азиас ганцаархнаа шигшээ 16-д үлдсэн шүү дээ. Бид энэ багтай ирэх аравдугаар сард Японд очиж тоглоно. 

Эргээд ирэх оны  гуравдугаар сард хоёр баг Монголд тоглоно. Дэлхийн хэмжээний тоглолтуудаас дарийн утаа үнэрлэх цаг иржээ хэмээн баярлаж байна.  Эмэгтэй баг  маань байгуулагдаад удаагүй ч гэлээ амжилттай байна.

-Бодлого, менежмент, эв нэгдлийг баримталж ажилласан гэж та хэлсэн.  Ер нь энэ бүхэн бүрдсэн байхад тамирчин, дасгалжуулагчид ур чадвараа гаргаад эхэлнэ гэж харжээ?

-Тийм шүү. Ер нь нэн тэргүүнд тамирчдаас амжилт, ур чадвар нэхээд байх нь утгагүй. Хөлбөмбөгийг хөгжүүлэхээр  бодлого барьж байгаа хүмүүс өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй.   Холбоо нь ямар ч менежментгүй, хэрүүл маргаантай байвал багаас амжилт гарахгүй нь тодорхой.   Тиймээс бүх зүйл ойлгомжтой ил тод байх ёстой гэж би үзсэн. Төсвөө хүртэл  тэгш хуваарилна шүү дээ. 

Шигшээ баг, өсвөрийнхөн, заалны хөлбөмбөг, дасгалжуулагч, шүүгч, эмч нарын сургалт гээд бүх зүйлд тэгш хандаж ирсэн.  Мөн манай холбооныхон олон улсын хөлбөмбөгийн холбооны засаглалаас ихээхэн суралцаж байна. Хөлбөмбөгийн багаа яаж хөгжүүлэх үү, өсвөрийнхөн, шүүгч тамирчид, хөгжөөн дэмжигчид гээд бүгдийг нь хэрхэн жигд авч явж явах вэ гэдэгт анхаарч ажилласан.

Тэгж явсны хүчинд ч 2018 онд Азийн шилдэг хөлбөмбөгийн холбоогоор шалгарсан. Япон, Хойд Солонгос манай гурвыг шалгаруулсан байдаг.  Энэ ч бас нэг амжилт юм даа.

-Манайх олон улсын жишгээр хөлбөмбөгийн спортыг хөгжүүлж байгаа юм байна. Тухайлбал… ?

-Эмэгтэй баг маань гэхэд Японы багтай хамтран ажиллаж байна.  Холбооны хэмжээнд БНСУ, БНХАУ, Катар гээд туршлага судалж ажилладаг. Тухайлбал, манай урд хөрш хөлбөмбөгт маш их хөрөнгө зарж байна. 

Нийгмийн хариуцлагаараа Азидаа нэгдүгээрт гараад ирлээ. 8,000 хөлбөмбөгийн сургууль, 2,000 цэцэрлэг байгуулж байна. Зөвхөн Өвөрмонголд гэхэд 2,000 хөлбөмбөгийн талбай бий болж байна.

Барууны том том одуудыг лигтээ авч багаа бүрдүүлж тэднээр заалгаж байна. Энэ улсаас бид нийгмийн хариуцлагыг нь суралцахаас өөр аргагүй. Манай холбоо өнгөрсөн онд энэ чиглэлд ажиллаад “Азийн мөрөөдөл” шагналыг мөн авсан. Зүгээр өгдөг шагнал биш л дээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөлбөмбөгт хамруулах, тархины саажилттай, даунтай хүүхдүүдийг энэ спортод татаж оролцуулах гээд тодорхой ажлыг хийсэн байх учиртай. Өнгөрсөн жил 79 дүгээр сургууль дээр гэхэд хүүхэд хөлбөмбөгийн хаалганд даруулж нас барсан харамсалтай хэрэг гарсан.  Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг Монголд ирэхэд нь би хүсэлт тавьсан байдаг. 

Манай нийгмийн хариуцлагыг дэмжиж өгөхийг хүссэн. Тэдний зүгээс 79 дүгээр сургууль дээр хөлбөмбөгийн талбай байгуулж өгөхөөр амласан.  Энэ ажил эхлээд явж байна.

-Олон улсаас туршлага судалж байгаа юм байна. Яг Монголын хөлбөмбөгийн онцлог нь юу юм бэ?

-Монголын хөлбөмбөг 70-80 жилийн түүхтэй. Ахмад үеийнхэн маань ЗХУ-ын арга барилаар тоглож байсан. Тухайн үед тэндээс ирсэн мэргэжилтнүүд хөлбөмбөг зааж сургаж байсан гэдэг.

Харин 1990 оноос хойш арай өөр болсон л доо. Гэхдээ яг өөрсдийн хэв маягаа олж чадаагүй байна. Ер нь хөлбөмбөг маань өөрийн гэсэн философитой  спорт юм. Одоо манай холбоонд Азийн хөлбөмбөгийн холбооноос урилгаар нэлээд олон хүн ажиллаж байна.

Техникийн захирал гэхэд Тунис хүн байгаа. Шигшээ багийн дасгалжуулагчаар герман, эмэгтэй багийг япон, өсвөрийн тамирчдыг маань словак хүн, хаалгач нарыг румен дасгалжуулагч удирдаж байна. Би техникийн захиралдаа нэг хүсэлт тавьсан.

“Та монголын хөлбөмбөгийн талаар судалгаа хийгээд монгол хүнд ямар хөлбөмбөг тохирох вэ гэдгийг тодорхойлоод философийг нь гаргаж өгөөч” гэж хэлсэн. Тэр хүн маань энэ асуудалд хагас жил орчимд судалгаа хийж байна. Дараа жилээс төлөвлөгөө, концевцио өгөх байх. Түүн дээр тулгуурлан бид цаашдаа монголын хөлбөмбөг гэсэн онцлогийг хөгжүүлж ажиллана. Одоо бол зүгээр л туршлага судлаад өөрсдийн хэмжээнд хөлбөмбөгөө хөгжүүлж байна. Цаашид ингэж явмааргүй байна.

-Багийн спортоор монголчууд амжилт гаргаж чадахгүй гэх ойлголт үгүй болсон. Тэгэхээр өөрсдийн гэсэн онцлогийг гаргаж чадах л юм бол хөлбөмбөгөөр бид хаана ч хүрч болох уу.  Танд ямар төсөөлөл байна вэ?

-Бид аливаа асуудлыг генийн төвшинд судлах ёстой. Монгол хүн Чингис хааны үеэс тэмцэгч, баатарлаг, дайчин явж ирсэн юм бол тэр дээр нь ямар уран чадварыг суулгаж өгөх ёстой юм. Эсвэл сүүлийн үед монгол хүний ген өөрчлөгдсөн юм уу. Энэ бүхнийг судлаад монголчуудад ийм хөлбөмбөг таарна гэсэн тодорхой онцлог гарч ирнэ.

Дараа жилээс гэхэд Монгол хөлбөмбөг гэдэг ойлголт гараад ирнэ дээ. Миний ойлгож байгаагаар одоо дэлхий дээр латин хөлбөмбөг гэж байна. Европийн хөлбөмбөг гэж бий. Сүүлийн үед ази хөлбөмбөг гэсэн ойлголт бий болчихлоо. Тэр нь бараг Япон л доо. Өөрөөр хэлбэл, намхан нуруутай, богино хөлтэй хүмүүс яаж  хөлбөмбөг тоглох юм.

Тэд хурдан дамжуулалт хийж богино пасс буюу доогуур тоглож байна. Япончууд энэ тоглолтоор амжилт үзүүлж байна. Гэтэл хятад хөлбөмбөгийн спортдоо маш их хөрөнгө хаяж байгаа атлаа том хөлбөмбөг нь амжилт гаргахгүй байгаа. Япон, Солонгосын ард гишгэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь өөрсдийн гэсэн школыг олж авч чадаагүйтэй л холбоотой.

-Тэгэхээр хөлбөмбөг гэдэг хүчээр, хөрөнгө хаяж хөгжүүлдэг спорт биш юм аа?

-Тийм ээ. Бүхэл бүтэн шинжлэх ухаан болчихсон. Намайг  ерөнхийлөгч болсны дараахан манайд англи дасгалжуулагч ирсэн. Тэр хүн манай хүүхдүүдийг хараад “Танайх ерөөсөө гүйж чадахгүй байна” гэж хэлж байсан. Тэгэхэд их л сонин сонсогдож байсан даа. Хүндийн төвөө тооцож зөв  гүйж чадахгүй байна гэсэн санаа юм билээ. Хүчээ нөөж сураагүй, бариандаа хүрч чадахгүй ядардаг ийм асуудал бий.  Ер нь гүйж сурна гэдэг спортод бол А үсэг нь юм. Тэгэхээр яалт ч үгүй хөлбөмбөгийг генийн төвшинд судална.

-Та холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдоогүй байсан бол улс төрд хүч үзэх байв уу. Ер нь хөлбөмбөгтөө үлдэх шалтгаан нь юу байсан юм бэ?

-Би багаасаа л хөлбөмбөгт хоббитой, тоглодог байсан.  “Арвис” гэдэг хувийн клуб байгуулсан.  Тэр цагаас хойш хөлбөмбөгийн зүтгэлтэн болсон доо. Манай дүрэмд  холбооны ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдох боломжтой гэж заасан байдаг. Тийм учраас энэ салбартаа сайн ул мөр үлдээхсэн гэсэн хүсэлтэйгээр үлдсэн. Энэ бол дэлхийн номер нэг спортын тухай яриа юм шүү дээ.  Үүнийг эх орондоо хөгжүүлнэ гэдэг эргээд спортоор дамжуулж эх орныхоо хөгжилд хөрөнгө оруулалт хийж байгаа ойлголт юм. Тэгэхээр хөлбөмбөг ч адилхан улс төр юм.

-Ямар ч гэсэн өнгөрсөн дөрвөн жилийн ажил тань  холбооны үйл ажиллагаа, баг тамирчдын амжилтаас харагдаж байна.  Одоо ирэх дөрвөн жилд шинээр юу хийх вэ?

-Надад үргэлжлүүлэн хийх ажил олон байна. Түүнчлэн хөлбөмбөгийн спортод дэд бүтэц маш чухал. Хаа сайгүй л хөлбөмбөгийн талбайтай болмоор байна.  Сургуулиудын гадаа, сум, аймаг гээд хөлбөмбөг хөгжих ёстой.

Дотоод гадаадын маш олон тэмцээнд оролцох боломж бидэнд байна. Тэгэхээр дэд бүтцээ энэ дөрвөн жил дэд бүтцээ хөгжүүлнэ.  Хөлбөмбөгийн талбай олныг хийнэ.  Азийн болон дэлхийн холбооны тусламжийг хүлээгээд байхгүй төрийн байгууллагуудтайгаа хамтран ажиллана гэж бодож байна. 

Мөн хөлбөмбөгийн алтан гурвалжин гэж бий. Энэ нь бага нас, олон нийт,  дасгалжуулагчийн боловсрол юм.   Бид дандаа өндөр үнээр гадны дасгалжуулагч нарыг авчирдаг баймааргүй байна. Тэгэхээр цаашдаа энэ алтан гурвалжинг баримталж ажиллана.

-Ер нь аливаа салбарт залгамж халаа чухал болсон. Магадгүй энэ жил та биш өөр хүн сонгогдсон бол таны эхлүүлсэн ажлыг өөрөөр үргэлжлүүлэх байсан байх даа?

-Олон улсын хөлбөмбөгийн холбооноос мэргэжилтнүүд ирээд бидэнд зөвлөмж өгсөн. Бүх чиглэлд жигд хөгжүүлэх 2012-2020 он хүртэлх төлөвлөгөөг баталлаа. Манай багийнхан буюу хөлбөмбөгт сэтгэл зүрхтэй хүмүүс энэ төлөвлөгөөний дагуу л явж байна. Нэг бодлого, нэг зорилт дор хөлбөмбөг хөгжинө. Тэгэхгүй нэг хүн гарч ирээд шал өөр юм яриад л эхэлбэл тэгээд хөгжихгүй.

-Спорт холбоод руу улс төрийн сонирхол их ордог л доо. Энэ жилийн их хурал тань харьцангуй гайгүй болов уу гэж харсан?

-Олон улс хөлбөмбөгийн холбооны дүрэм гэж бий. Энэ бол маш хатуу. Тухайн орны спорт холбоонд улс төрийн ашиг сонирхол орохыг хориглодог. Хэрэв ямар нэгэн байдлаар нөлөөлбөл үйл ажиллагааг нь зогсоочихдог.

Ийм дүрэмтэй. Өнгөрсөн хугацаанд Кубейт, Тайланд, Малайз, Индонез энэ хоригийг авч байсан. Африкийн орнууд бас байна. Холбоог нь хаагаад тусламж дэмжлэг өгдөггүй,  тэмцээнд оруулдаггүй. Тэгэхээр  тухайн орны хөлбөмбөгт сэтгэлтэй хүмүүс улс төрийнхөн болон холбооныхонд шахалт үзүүлж эхэлдэг. Манай холбоонд бол улс төр байхгүй. Ерөнхийлөгч, Засгийн газрын дэмжлэг авна уу гэхээс тэр хүмүүсийн нөлөөг хүлээж авахгүй.

Би намын харьяалалтай байдаг ч гэлээ ийм зарчимтай ажилладаг.   Хөлбөмбөг нам хоёрыг байнга салгана. Хольж болохгүй. Тэгвэл ёстой бантан болно л доо.

-Нөгөө утгаараа бол хөлбөмбөг олон улсад улс төрийн төвшинд хөгжиж байна гэж ярьдаг юм билээ. Улс орны  нэр хүнд, ашиг сонирхлоо дээшлүүлэх нэг хэрэгсэл болж байна?

-Тийм шүү. Хөлбөмбөг олон сая хөгжөөн дэмжигчтэй спорт. Гэхдээ хэтэрхий өндөр төвшинд улс төрийн нөлөөлөл нь хүлээн зөвшөөрөгддөг. Өнгөрсөн дэлхийн аваргаар гэхэд Ерөнхийлөгч В.Путин Фифа-гийн ерөнхийлөгчтэй зогсож байлаа.

Финалд үлдсэн багийн Төрийн тэргүүнүүд шигшээ багийнхантайгаа зогсож харагддаг. Түүнийг бол хэн ч хүлээн зөвшөөрнө.  Тухайн улс орны багийг амжилт үзүүлэхэд тэр Ерөнхийлөгчийн гавьяа байж л байгаа. Үүгээр хөлбөмбөг бол хамгийн том улс төр юм.

Анх Аргентин, Англи хоёр Фолклендын арлыг булаацалдаж дайн хийж байсан. Гэтэл дараахан нь дэлхийн аваргын тэмцээнд дээр хоёр улсын баг хоорондоо таарч байлаа. Марадона Английн хаалганд гоол хийж, хожсон.

Тэр үеэс Марадонагийн гоолыг бурхны гар гэж нэрлэж ирсэн шүү дээ. Фолклендын арлаа Англид алдсан боловч хөлбөмбөгийн тэмцээн дээр Аргентин хожсон. Ингээд хоёр улс адил тэнцүү ялалттай болж байгаа юм. Энэ нь нэг төрлийн улс төр мөн биз. Үүнийг мэдэрсэн улс орнууд хөлбөмбөгийн спортыг бодлоготойгоор хөгжүүлж байна. Түүнээс биш хөлбөмбөгөөр дамжуулан өөрийгөө сурталчлаад шигшээ багийнхнаа чирээд гүйгээд байвал энэ бол дүрмийн харш асуудал л даа.

Зураг