2019/08/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
10:00
S30
17°
11:00
S30
18°
12:00
S30
18°
13:00
S30
18°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
17°
17:00
S32
17°
18:00
S32
15°
19:00
S32
14°
20:00
S31
12°
21:00
S31
11°

Протокол: Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх үед хэн юу гэж байв?

Т.Батсайхан
2019 оны 8 сарын 7
Зууны мэдээ
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-аас 2015 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн батлахдаа гэмт хэрэгтнийг олох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй байхаар заасан.

Гэтэл 2017 онд Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх явцад  нэр бүхий гишүүдээс санал гарч, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн байдаг.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” хэмээн засжээ.

Энэхүү хуулийн заалтын өөрчлөлт нь өнөөдөр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст ял завших боломж олгож эхэллээ. Тэгвэл  2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанаар хэлэлцэн баталсан байдаг. Хуралдааны протоколыг тоймлон хүргэж байна.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Эрүүгийн хэрэгтэй тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр тасралтгүй үргэлжлүүлсэн хугацаа нь тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанаас хэтэрвэл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ талаар хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Энэ чинь хүн алчихаад гадагшаа гараад яваад баригдалгүй байж байгаад хугацаа нь дуусчих, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчих юм бол тэр хүнийг 20 жилийн дараа ялаас шууд чөлөөлнө гэсэн ийм томьёолол уншигдаж байна. Ингэж болохгүй ээ.

Хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хэргийг нь түдгэлзүүлж байгаад олж авсан цагтаа хэзээ ч хамаагүйгээр шийтгэж байх ёстой юмаа. Үүнийгээ хоёрдугаар хэлэлцүүлгийн үедээ яриарай. Тэр аахар шаахар хэргүүд нь одоо өнгөрч.

Гол нь тэр хүнд ялтай, төрийн эсрэг, хүний аминд халдсан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэх мэтийн энэ заавал төр хянаж байх ёстой ийм хэргүүд байдаг юм. Энийг ингэж шууд сайн зугтаа. Тэгэх юм бол хэргийг чинь 20 жилийн дараа хэрэгсэхгүй болгоно гэж хууль хийж болохгүй ээ. Тэгээд баригдсан үед нь шалгаж шийдвэрлэдэг зарчмаа хадгалж үлдээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хөөн хэлэлцэх хугацааг бүр мөсөн байхгүй болгож байгаа юм байна. Тэгээд шүүхээр шийдэгдэх хүртэл одоо хөөн хэлэлцэх хугацаа тооцно гэдэг чинь соёлтойгоор бол ямар ч хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа байхгүй гээд. 

Уг нь нийтээрээ хэлэлцүүлээд ард түмнээсээ асуугаад зарим нэг маргаантай зүйлүүдээр санал солилцоод явах арга байдаггүй юм уу. Би одоо ямар завсарлага авалтай биш. Тэгээд ийм л байна л даа. Энийг нэг хойшлуулаач гэсэн ийм хоёр асуудал байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Хөөн хэлэлцэх хугацаа байхгүй болчихлоо гээд О.Баасанхүү гишүүн сая буруу ташаа зүйл ярьж байх шиг байна. Та Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийг гаргаад хар.

Өнөөдөр бид нар уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн асуудал ярьж байгаа.

Эрүүгийн хуулийн 1.10 дээр хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголтыг оруулж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон бол хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байна.

Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол гэсэн хөөн хэлэлцэх хугацаа ингээд зүйл, заалт бүрээр нь оруулсан байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг үндсэндээ дөрөв ангилсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль баталсны дараа энэ хуулийг баталъя гэж байгаа байхгүй юу. Энэ хууль чинь таны яриад байгаа тэр Эрүүгийн хуулийн бүх юм байхгүй болгочихож байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа анхан шатны шүүхээр орсноор дуусгавар болно гэж байгаа байхгүй юу.

Тэгэхээр чинь гарснаасаа хойш шүүх болох бүх хугацаанд бол тэр хөөн хэлэлцэх хугацаа чинь явна гээд хүчингүй болчихож байна. Энийг батлах гээд байгаа чинь ямар учиртай юм бэ гэж асуугаад байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн саналын томьёололтой хамтдаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйл буюу хөөн хэлэлцэх хугацаа нь дагаж нэмэлт, өөрчлөлт орж байгаа.

Яагаад ингэж орж байгаа вэ гэхээр хөөн хэлэлцэх хугацаа бүх төрлийн хэрэг дээр тодорхой хугацаанд зогсох, тасрах гэсэн ийм ойлголтууд байдаг. Хэрэв энэ өөрчлөлт орохгүй бол хүнийг 20, 30 жил насаар нь шалгах ийм эрх зүйн нөхцөл байдлыг дордуулсан одоо ийм зохицуулалт орж ирэх гээд байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаан дээр бид нар бас оруулж ирж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хөөн хэлэлцэх хугацаа хэрэг болгон дээр өөр өөр байдаг. Харин тоолох нь бол яаж эхэлж тоолох юм бэ гэдэг нь гарч ирж байгаа юм болов уу гэж ойлгож байгаа юм. Шүүх хуралдаан болтол хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилнэ тэгээд дуусгавар болно.

Харин шүүхээс өмнөх шатанд одоо хөөн хэлэлцэх хугацаа дуусаад тэгээд зүйл дуусаад хэрэг хэрэгсэхгүй болгодог ч юм эвлэрдэг ч юм уу ингээд явах нь нээлттэй байгаа юм байгаа биз дээ.

Хоёрдугаарт энэ хөөн хэлэлцэх хугацаа залилан мэхлэх хэрэг дээр их яригдаж байна. Баахан юм ярьж залилж мэхэлчихээд тэгээд өмч хөрөнгө туучихаад гадаадад гараад алга болчихдог. Тэгээд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ирэх гээд хүлээгээд суучихдаг. Өршөөлийн хууль гарахын хүлээгээд суудаг. Ийм зүйлүүд дээр хүмүүс их ярих юм. 

Иймэрхүү нөхцөл байдлуудаас болоод энэ хөөн хэлэлцэх хугацааны асуудал маш нарын журамлагдахгүй бол яг энэ зохицуулалтаар шийдэгдэж чадаж байна уу үгүй юу. Бүрэн дүүрэн зохицуулж чадаж байна уу үгүй юу гэдэг ийм асуудал байгаа юм.

Ийнхүү санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүд 73.3 хувийн саналаар хуулийн өөрчлөлтийг баталсан байдаг.

x