Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн хөрш Шэнжэнд 12,000 цагдаа оролцсон бэлтгэл сургуулилалт зохион байгуулагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Хятадын Гуандун мужийн Шэнжэн хотод өнөөдөр Хятадын 12,000 цагдаа цугларч, гудамжны жагсаалыг дарах томоохон сургуулилалт зохион байгуулжээ.

Шэнжэн бол Хонг Конгтой хил залгадаг, хөрш хот юм.

Уг сургуулилалтыг ирэх намар болох БНХАУ-ын үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр нийгмийн дэг журмыг сахиулах бэлтгэл гэж цагдаагийн төлөөлөгч тайлбарлажээ.

“Уг сургуулилалт нь түүхт ойн баярын үеэр үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилготойгоос гадна цагдаагийн бие бүрэлдэхүүний сэтгэл зүй болон бие бялдрыг бэлдэхэд чиглэж байна” гэж Шэнжэний цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Үйл ажиллагааг Хятадын Yizhibo видео сүлжээгээр шууд дамжуулжээ.

Уг дүрснээс харвал хуяг, дуулга, бамбайгаар зэвсэглэсэн цагдаа нар хар цамц, барилгачны улаан, шар өнгийн дуулга өмссөн жагсагчидтай тэмцэж байгаагаар сургуулилалт өрнөсөн байна.

Тэдний өмссөн хувцас Хонг Конгийн тэмцэгчдийнхтэй яг адилхан байгаа нь анхаарал татаж байна.

Сургуулилалт оргилдоо хүрэх үед “жагсагч”-дын тоо нэмэгдэж, цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэж, талбай бүхэлдээ утаагаар бүрхэгджээ.

Үүний дараа нохойтой цагдаа нар жагсагчдыг бүслэн хааж, баривчлах ажиллагаа явуулснаар сургуулилалт өндөрлөсөн байна. Шэнжэний хөрш Хонг Конгод эрх баригчдын эсрэг иргэдийн тэмцэл бараг хоёр сар үргэлжилж байгаа.

Эхэндээ гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэж байсан бол сүүлдээ Бээжингээс томилсон захирагч Кэрри Ламыг огцруулах, Хонг Конгийн бие даасан байдалд эх газрын Хятадаас оролцохыг эсэргүүцсэн тэмцэл болж өрнөсөн юм.

 

Эх сурвалж: South China Morning Post