Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шведийн нэгэн хот гуйлгачдад лиценз олгож эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Шведийн нэгэн жижиг хотын захиргаа тус улсад анх удаа гуйлга гуйх зөвшөөрлийг олгож эхэлжээ.

Гудамжинд гуйлга гуйх сонирхолтой хүн бүр хотын захиргаанд 250 крон ($26) төлж, гурван сарын хугацаатай зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрлийг онлайн өргөдлөөр эсвэл цагдаагийн газарт бичиг баримттай ирж авах юм байна.

Хэрвээ зөвшөөрөлгүйгээр олон нийтийн газарт гуйлга гуйвал 4,000 кроны торгууль төлөх ажээ.

Шинэ журам наймдугаар сарын 1-нээс эхлэн Стокгольмоос баруун зүгт оршдог Эскилстуна хотод хэрэгжиж эхэлсэн байна. Тус хотын дарга, социал демократ улс төрч Жимми Янссон “шинэ журам нь гуйлга гуйх үзэгдлийг зориуд хэцүү болгосноор эмзэг давхаргын хүмүүсийг хотын захиргаанд хандаж, нийгмийн хамгаалал хүсэх нөхцлийг бий болгох юм” гэж тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл далд хэлбэрт байгаа ядуурлыг бүртгэлтэй, ил тод хэлбэрт шилжүүлэх зорилготой гэнэ.

Шведэд ихэвчлэн Румын, Болгар зэрэг орнуудаас ирсэн цыганууд гуйлга гуйдаг. Янссоны санаачилгыг шүүмжлэгчид шинэ журам нь эмзэг давхаргынхныг гэмт этгээдүүдийн боол болгох эрсдэлтэй гэж анхааруулж байна. Жишээ нь лиценз авах мөнгөгүй хүмүүст гэмт бүлэглэлүүд өмнөөс нь зөвшөөрөл авч өгөөд сүүлд орлогоос нь хэд дахин нугалж авах боломжтой гэнэ.

Харин хотын дарга “Энэ бол ядуу иргэдийг дарамтлах тухай асуудал биш. Шведийн халамжийн системд гуйлга гуйх үзэгдэл хэвийн зүйл байх уу гэдгийг шийдэх туршилт юм” гэж тайлбарлажээ.

“Хаа сайгүй гуйлга гуйх үзэгдлийг устгах арга хайж байна. Харин би хүмүүс ямар шалтгаанаар гуйлгачлах арга замыг хамгийн түрүүнд сонгодогийн учрыг олох гэж байгаа юм ” гэж тэр цааш нь ярьсан байна.

Сүүлийн үед Шведийн хэд хэдэн хотод гуйлга гуйх явдлыг хууль бусад тооцдог болоод байгаа.

Эскилстуна хотод гуйлгын зөвшөөрөл олгож эхэлсэн эхний долоо хоногт найман хүн зөвшөөрөл хүсэж, Европын бусад улсуудаас ирсэн гурван иргэн хотын төвд гуйлга гуйж байсныг цагдаа нар зогсоож, шинэ журам хэрэгжиж эхэлснийг тайлбарлаж таниулсан тухай орон нутгийн телевиз мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian