Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дугархүү: Гоё загвартай гэхээс илүү хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож цүнхийг сонгох хэрэгтэй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Ай ёо" доктор буюу Б.Дугархүү эмчтэй Хүүхдийн нуруу нугасны өвчлөлийн талаар ярилцлаа.

-Хүүхдийн нуруу нугасны өвчлөл Монголд ямар түвшинд байна вэ?

-Ихэнх хүн насанд хүрсэн хүн л нуруу нугасны өвчнөөр өвчилдөг гэж боддог. Энэ нь маш буруу ойлголт юм. Насанд хүрсэн хойноо нуруунд нь асуудал үүссэн мэт санагдаж эмчид ханддаг боловч нурууны өвчин нь олон жилийн өмнөөс буруу суулт болон амьдралын ямар нэг буруу хэвшлээс болж үүсдэг.

Өөрөөр хэлбэл, байшингийн суурь нь анхнаасаа зөв тавигдсан бол тухайн барилга хэчнээн өндөр байсан ч эрсдэлгүй байх боломжтой байдаг учраас хүүхэд наснаасаа л нуруундаа санаа тавих хэрэгтэй.

Гэвч эцэг эхчүүд байшингийн суурийг нь буруу тавьдаг тал анзаарагддаг буюу хүүхдийнхээ нуруунд тэр бүр анхаардаггүй нь харамсалтай.

Энэ нь эмнэлгийн практикт ихээр яригддаг асуудал. Сургуулиа төгссөн өсвөр насны хүүхдүүдийн 80-90 хувь нь нурууны далийлттай болсон байдаг тухай олон ч судалгаа бий. Үүнийг мөн олон эмч ярьдаг.

-Яг юунаас болж хүүхдэд нурууны далийлт, суулт үүсдэг юм бэ?

-Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байдаг.

Нэг. Эцэг эхчүүд хүүхдээ удаан хугацаагаар ширээний ард сууж эхлэх мөчид буюу сургуульд ороход нь хамгийн их анхаарах ёстой байдаг.

Учир нь өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид ойролцоогоор 30-40 хүүхэд сурдаг. Гэтэл Монгол Улсад сургуулийн насны хүүхдүүдийн сандал ширээний өндөр, стандарт гэдэг зүйл бараг л байдаггүй.

Зарим анги нь бүр түшлэггүй сандалтай байх нь анзаарагддаг. Тийм сандал дээр удаан хугацаагаар суух нь хүүхдийн нуруу бөхтийх нэг шалтгаан болдог.

Мөн түшлэггүй урт сандал дээр хүүхдүүд 2-3 лаа зэрэгцэн суусан тохиолдолд хэн нь ч цэх сууж чаддаггүй бөгөөд аль нэг тал руугаа далийсан байрлалтайгаар эсвэл хөлөө ачиж суух нь нуруунд ямар нэг гажилтууд өгч байдаг.

Нэг үгээр хэлбэл далий, буруу сууж хичээлээ хийж, үүндээ дасан зохицож, хэвшил болгосноор нурууны далийлтыг үүсгээд байгаа юм.

Мөн сургуулийн хүүхдийн ширээ, сандлын эргономикийн асуудал буюу сандал, ширээний хоорондын зай хэдэн сантиметр байхыг заасан, түүнд тохирсон стандарт байх ёстой.

Үүнийг гаднын орнуудад маш сайн анхаарч, нэг бүрчлэн хэмжиж хийдэг. Гэвч манайхан энэ асуудалд тэр бүр анхаарал тавьдаггүй.

Бүр хүүхэд байтугай, насанд хүрсэн хүнд ч эргономикийг нь бодож хийдэггүй.

Үүнээс болж хүүхэд зарим тохиолдолд намхан сандал дээр сууж, хэт их дээшээ өлийх эсвэл хэт их өндөр сандал дээр суугаад доошоо бөхтийж хичээлээ бичих асуудал тулгардаг. Энэ нь өөрөө  нурууны өвчлөлийн хамгийн том суурь нь болоод болдог.

Хоёр. Нурууны суултад нөлөөлж буй бас нэг хүчин зүйл нь хүүхдийн хэт таргалалт юм.

Өнөө үед жингийн илүүдэлтэй хүүхдүүд ихэвчлэн нуруу нугасны асуудалтай байдаг төдийгүй хэвийн жинтэй хүүхэдтэй харьцуулахад хоёр дахин нуруу нугасны өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг.

Тиймээс хүүхдийн жинд аль болох анхаарч хэвийн түвшинд аваачих шаардлага бий.

Гурав. Хүүхдүүд сургуульдаа маш хүнд цүнх үүрч явж байгаа нь нурууны суулттай болоход нөлөөлж байна.

Хүүхэд биеийнхээ жингийн ердөө 10 хувьтай нь л тэнцэх хэмжээний цүнхийг үүрэх ёстой гэсэн олон улсын стандарт бий.

Гэтэл манай статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад нэг хүүхдэд ногдож буй хүүхдийн цүнхний жин нь 5.5 килограмм байна.

Дөнгөж сургуульд орж байгаа хүүхэд 19-20 килограмм жинтэй байгаа.

Хүүхэд тэр стандартаас хэт дахин давчихсан хүнд цүнх үүрэх нь хүүхдийн нурууны дискийг байнга дарж байдаг нь ирээдүйд нурууны суулттай болох эрсдлийг бий болгодог.

Ирээдүйд ч гэлтгүй зарим тохиолдолд хүүхдийн нуруу өвдсөн гэж эмнэлэгт үзүүлэх нь цөөнгүй болсон байна.

Хүнд цүнх үүрэх нь нурууны суултаас гадна хүүхдийн өсөлтөнд ч нөлөөлдгийг анхаарах хэрэгтэй.

Ялангуяа хүүхдийн бэлтгэл анги бага насны хүүхдийн хувьд өсөлтийн бүс нь яснууд дээр их байдаг. Мэдээж бага насны хүүхдэд шинээр яс үүсэх гэж байгаа мөгөөрсөн ясанд хэт их даралт өгвөл хүүхдийн өсөлтийн бүсэд саад болж эхэлнэ.

Тийм болохоор л бид хүүхдийн өсөлтийн бүсийг хамгаалах зорилгоор хөнгөн цүнх буюу сургуулийн насны хүүхэд дунджаар 500-700 грамм орчим жинтэй цүнх л үүрэх ёстой. Цүнхий хувьд хүндээс гадна хүүхдэдээ маш буруу цүнх үүрүүлж байна.

 

- Бага насны хүүхэд ч гэлтгүй ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид нэг мөртэй цүнх үүрэх нь элбэг болж. Та энэ тал дээр юу хэлэх вэ. Ер нь эцэг эхчүүд хүүхдэдээ ямар цүнх үүрүүлэх ёстой вэ?

-Мэдээж нэг мөртэй цүнх үүрэх нь буруу. Нэг талдаа мөрөвчтэй цүнхийг удаан хугацаагаар үүрэхэд нурууны аль нэг хэсэгт илүү их даралт өгч байдаг учраас аль их даралт өгсөн тал руугаа нуруу муруйж эхэлнэ.

Тиймээс эцэг эхүүд нэгдүгээрт хүүхдэдээ хоёр мөрөвчтэй цүнх үүрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Миний хувьд хүүхдийн цүнхэнд яагаад ингэж ач холбогдол өгөөд байгаа вэ гэвэл цүнхний оосрын урт богиноос хүртэл хамаарч хүүхдийн нуруунд асуудал үүсгэх эрсдэлтэй. Тухайлбал, зарим хүүхэд аарцагнаасаа давсан байрлалтай цүнхээ үүрсэн анзаарагддаг.

Цүнхээ аарцагнаасаа давуулж үүрэх нь бүсэлхийнээс доод хэсэгтээ хэт ачаалал өгч, нурууны S хэлбэрийг алдагдуулахад хүргэдэг.

Мөн цүнх заавал нуруутай наалдаж орших ёстой. Учир нь хүүхэд гүйж, харайхад нуруунаас хөндий байдалтай цүнх нь савладаг учраас тухайн хүүхэд цүнхээ савлуулахгүйн тулд өөрийн эрхгүй бөхтийдөг. Энэ нь хүүхдийн нуруу бөхтийх эх үүсвэр болдог.

Тийм учраас л хүүхдийн цүнх аарцагнаас дээш байрлалтай бөгөөд хоёр мөртэй байхаа гадна бүсэлхийн хэсэгтээ давхар оруулгатай байх, нуруутай наалдсан байрлалтай байх ёстой гэж үзээд байгаа хэрэг.

Цаашилбал, хүүхдийн цүнхий материалд ч анхаарах шаардлага бий болж байна. Хэдийгээр цүнх нуруунд наалдсан байрлалтай байсан ч нуруу, цүнх хоёрын зайгаар тодорхой хэмжээний агаарын сэлгэж байх шаардлагатай.

Эс бөгөөс нурууны арьсны агаарын сэлгэлт алдагдах байдал үүсдгээс гадна нуруунаас хөлс ялгарч эхэлдэг. Нуруунаас хэт их хөлс ялгарвал эрдэс амин дэмүүдээ алдах, дээрээс нь нурууны орчимд бактери үржиж идээд үрэвсэл гарах гэх мэт асуудал бий болдог.

Дэлхийн өндөр орны хөгжилтэй оронд хүүхдийн хичээлийн цүнхэнд зориулж агаар сэлгэх гуурстай байхаар стандарчилсан байдаг.

Хүүхдийн нуруу нугасны өвчлөлийг үүсгэхгүй байхын тулд бид эдгээр ойлголтыг эцэг эхчүүдийн хувиас ч, улсын хэмжээнд ч анхаарах ёстой. Энэ нь жижигхэн асуудал мэт сонсогдож байгаа боловч нурууны өвчний хүн бүрийн мэдэхгүй хамгийн том үүсвэр нь болчихоод байна.

Өөрөөр хэлбэл, хүүхдийг суух, цүнх үүрэхээс эхлээд нуруунд нь ачаалал өгч байгаа эсэхэд анхаарал хандуулж, нуруу нугасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Үгүй бол насанд хүрсэн хойноо нурууны асуудлаа хэчнээн шийдэх гэж оролдоод нэмэргүй.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүсэлд тааруулж гоё загвар, зурагтай цүнх авч өгөхөөс илүү хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож хөнгөн, чанартай, стандартад нийцсэн цүнхийг сонгох хэрэгтэй.

 

- Нуруу өвчний үед хүүхдэд ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

- Хүүхэд нуруугаа өвдөж байгааг тэр бүр хэлэхгүй. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ сайн анхаарч байх шаардлага бий болж байгаа юм.

Нуруу нь өвдөж байгаа хүүхэд удаан хугацаагаар сууж чадахгүй болох, хүзүү нь хөших бөгөөд сэтгэл санааны хувьд тогтворгүй болж, төвлөрч чаддаггүй. Мөн хичээлдээ хүнд цүнх үүрдэг бол хичээлдээ явах ч дургүй болж, уцаарлах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

Аарцаг нь гажсан тохиолдолд тухайн хүүхдийг сайн анзаарвал хоёр мөр нь дээр доор болсон байдаг. Гэхдээ үүнийг эмч нар л илүү сайн харж чаддаг.

Харин эцэг эхчүүд хүүхдийнхээ гутлын улыг сайн шалгаж байх хэрэгтэй.

Хэрвээ хүүхдийн аарцаг нь далийчихсан бол аль нэг гутлын ул нь хойд эсвэл урд хэсгээрээ бага зэрэг элэгдсэн байдаг. Энэ нь хүүхэд аль нэг хөл дээрээ их ачаалал өгөөд байгааг л харуулж байгаа хэрэг юм.

Үүний нэг шалтгаан нь хүүхэд зөв бус тэнцвэрт тоглоомууд буюу скүүтер, стик зэрэг нэг талдаа ачаалал өгсөн тоглоом нь өөрөө нэг талын аарцаг дээр ачаалал их өгч аарцаг гажих, нурууны далийлт үүсэх сууриуд нь тавигдаж байгаа юм.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглоомд ч анхаарах хэрэгтэй.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.