Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

30 сая төгрөгийн шагналын сантай "Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн концепц, зураг төслийн уралдаан зарлав

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/787 дугаар захирамж гарлаа.

Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой.

2019 оны наймдугаар сарын 06-наас 16-ны өдрүүдэд зарлагдаж буй уг уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээлийг наймдугаар сарын 16-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна.

Ирүүлсэн бүтээлүүдийг 2019 оны наймдугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn-д байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авна.

Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдэд тавигдах гол шаардлага нь үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий үндэсний их баяр наадам төдийгүй спортын олон төрлийн арга хэмжээг жилийн дөрвөн улиралд зохион байгуулах боломжтой байхаар төлөвлөх юм.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс