Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эгэл хүний эгэл бус түүх

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

“Тэр мөчөөс хойш би амьд байгаа цаг мөч бүхэндээ талархаж, амь амьдрал хайрласан юм бүхэнд баярладаг болсон.”

“Бид хоёр энд, одоо уулзахгүй байх магадлал маш өндөр байсан юм шүү” гэж Л.Адилбиш дөлгөөхөн дуугаар хэлээд инээмсэглэв. Түүний энэ үг тоглоом наргиа хийх гэхээсээ амьдралд талархсан, хором мөч, учрал тохиол бүрийн үнэ цэнийг таньж мэдсэн уужуу сэтгэлээс гарч байх шиг санагдав. Өөрийнх нь хэлснээр үхлийн нууранд хөлөө дүрчхээд ирэхдээ тэр хоёр дахиа “төржээ”. Элэгний хорт хавдар гэх хүнд онош түүнд энд байх хугацаа чинь хэзээ мөдхөн дуусах нь гэдэг хэцүү сануулгатай хамт ирж. Авто замын салбарт насаараа ажилласан Л.Адилбиш тэгэхэд амьдралынх нь зам ингээд зогсох нь ээ гэдэгтэй бараг л эвлэрчхээд байв.


“Чухам тэрхэн мөчид хүү, дүү хоёрынх нь элэг, дээр нь нэмээд амьдралаа даатгасан аз завшаан түүнд хоёр дахь амьдралыг бэлэглэжээ”


***

Анхны цаснаар гараад сүүлийн цаснаар гэртээ буцдаг замчин хүний ажил амаргүй, бас амсхийх зав чөлөөгүй. 18 настайдаа амьдралаа авто замын салбартай холбосноос хойш зуны амралт, юу ч хийхгүй зүгээр суухын тухай ойлголтгүй явж ирсэн тэр эрүүл мэндийн шалтгаанаар анх удаагаа “зүгээрийг хийж” зуныг өнгөрүүлж байгаагаа надад ярив. Эхэндээ эв дүйгээ олохгүй, нэг л тавгүй оргиод байдаг байсан бол одоо овоо дасах маяг ороод байгаа гэнэ. Уг нь тэр өдийд Монголын хаа нэгтээ хоёр цэгийг холбож, дээрээс нар дороос асфальт төөнөсөн замын их ажлын дунд зогсож байх ёстой. Ухамсарт амьдралынхаа турш Л.Адилбиш 1000 орчим км замын ажилд гар бие оролцжээ.

“Би багадаа машинд ухаангүй дуртай хүүхэд байлаа. Хаана л машин зогсож байна, би хүрээд оччихсон эвдрэл засвар гарвал түлхүүр багажийг нь дөхүүлж өгөөд гүйж явдаг байлаа. Тэгсээр сургуулиа төгсөж, мэргэжил сонгох болоход Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд авто замын инженерийн хуваарь авсан. Оросоор “Инженер автомобильных дорог” гэдэг юм. Нарийн учрыг нь мэдэхгүй ч ямартай ч замтай холбоотой болохоор энэ мэргэжлийг сонгочихвол насаараа машин унаж давхих нь гэж бодтол өөрөөр эргэсэн. Машин жолоодох биш харин машин явдаг замыг барьдаг мэргэжил болж таарсан даа. Нэгэнт сонгосон учраас буцах аргагүй, хүний нутагт очсон болохоор харих аргагүй, тэгээд л гүрийсэн дээ. Одоо харин энэ мэргэжлийг сонгосондоо ер харамсдаггүй” хэмээн Л.Адилбиш ярив.

Зам түүнийг олон газар хөтөлжээ. Социализмын үед Монголд авто замын гурван том трест байсны Увс аймгаас Хандгайт хүртэлх чиглэлд 234 км замыг тавих нүсэр ажилд 1988 онд төгсөж ирээд дайчлагдсан байна. Харамсалтай нь зах зээлд шилжсэнээс болж төсөв мөнгөний гачаалд орж , шороон далан, ус зайлуулах хоолой нь хийгдэж, асфальт нь хагас тавигдсан том төсөл зогссон аж. Тэр зам саяхан л нэг мөр засагдаж дууссан аж. Үүн шиг түүний амьдралын зам ч бас хагас зогсохын даваанд тулсан юм.

***

Түүний амьдралын жирийн л нэг өдөр байлаа. Л.Адилбиш биеийн хувьд эрүүл, багаасаа л хөдөлгөөн, биеийн тамир хийж ирсэн учраас өвчин зовлон тоочих нь ч бага. Бүр залуудаа “Би өвчнөөр үхэхгүй ээ, өвчин намайг тоохгүй” гэж ярьдаг байсан аж. Тэр өдөр зүгээр л санамсаргүй тохиолоор эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдахад “Та компьютер томографт хамрагдаарай” гэж эмч нь зөвлөжээ. Нэг их юм бодсонгүй, гэхдээ бас үл тоосонгүй шинжилгээ хийлгэхэд элэгний хорт хавдар гэх аймшигт онош дуулгалаа.


“Хүн ийм юм сонсохоор шоконд ордог юм билээ. Тэр үгс шууд л зүрх рүү орж, амьдрал маань ингээд л дууслаа гэж бодсон”


гээд тэр нэг их санаа алдав. Өвдөж зовсон юмгүй, ил бүү хэл дотор мэдрэгдэх зовиур байгаагүйд өндийн босох хүч нь аяндаа сэргэж, ямартай ч дахин найдвартай шинжлүүлье гэж бодоод Сингапурыг зорьжээ. Элэг дүлий эрхтэн гэдэг, өвдөх зовиургүй явсаар нэг л өдөр өвдөж эхэлдэг болохоор тэр.

Замын турш тэр “Хорт хавдар биш байгаасай” хэмээн залбирч явлаа. Гэвч хариу түүний хүссэнээр гарсангүй. Үнэн байлаа. Харамсалтай нь элэгний хавдар нь түүний артерийн судсанд наалдсан байж. Маш их эрсдэлтэй хагалгаа болох учраас тус эмнэлэг хагалгаа хийж чадахгүй гэдгээ хэлэв. Маш олон эмнэлэг рүү оношоо явуултал Солонгосын “Асан” гэх эмнэлгээс л ганц хариу ирэв. Эдгээнэ, болно гэсэн тодорхой хариу өгөөгүй ч гэсэн “Та хүрээд ир” гэсэн уриалагхан үг нь тэр үед энэ дэлхийн хамгийн сайхан үгс мэт сонсогдож, итгэл найдварыг нь сэргээлээ. “Тэд ямар ч тоймтой юм хэлээгүй ч гэсэн болох учраас л намайг дуудаж, эмнэлэгтээ хэвтүүллээ гэж бодоод хонгилын үзүүрт гэрэл ассан. Би ер нь өөдрөг хүн, магадгүй хэтэрхий өөдрөг ч хүн байж мэднэ”.

Хагалгаа хийгдэх нь тодорхой боллоо. Элэг шилжүүлэх донорын эрэлд гарав. “Би том биетэй. Биеийн массаа дагаад элэг бас томорчихсон байдаг юм байна. Хүү маань элгээ өгье гэхэд эмч нар дутна гэж хэлсэн. Хоёр дахь донорыг олох хэрэгтэй гэхэд нэлээн сандарсан”.

Элэг нэгтэн гэж монголчууд ярьдаг нь нарийн учиртай аж. Яагаад гэвэл элэг шилжүүлэн суулгах болоход заавал цусан төрлийн хүнийх байх ёстой болдог. Өөр хүний, өөр донорын элэг таарахгүй гэсэн үг. Ингээд Л.Адилбиш төрсөн хоёр дүүгийнхээ нэгээс учирлан гуйхаас аргагүй болоход ахынхаа төлөө зориг гарган зөвшөөрчээ. “Хүү дүү хоёртоо би бурхнаас илүү баярладаг” гэж тэр хэлэв. Ахыгаа, аавыгаа элэг бүтэн амьдруулсан ачтанууд болохоор тэр биз. Аймшигт оношийг анх сонссонтой харьцуулахад сэтгэл санаа нь дээрдэж, “Танд амьдрах хугацаа цөөхөн үлджээ...” гэсэн хариуны хугацаа аажмаар цаашилж ирэв. Гэвч энэ бол хүнд хагалгаа, хүний нутагт хийгдэж байгаа учраас төлбөр нь жирийн хүн дийлэхийн аргагүй өндөр нь бас нэг сэтгэлийн шаналгаа болов. 600 гаруй сая төгрөг! Өдий хүртэл хурааж хуримтлуулснаа, ойр дотнынхны дэмжлэг тусламж дээр нэмээд талд нь ч хүрсэнгүй. Тэгэхэд Л.Адилбишийг чухам аз завшаан, ид шид бус амьдралаа даатгасан, огт төсөөлөөгүй хувилбар нь аварчээ.

***

Эхнэрийнх нь ажилладаг “PwC” компанийн Монгол дахь салбар компани бүх ажилтнуудаа “Нэйшнл Лайф Даатгал” амьдралын даатгалд хамруулжээ. Нэг давуу тал нь үндсэн ажилтнуудаа өөрсдийгөө болон гэр бүлийн хүмүүсээ давхар даатгуулах боломжтой байв. Аз болоход эхнэр нь түүнийг давхар даатгуулсан байлаа.

“Ажилдаа бүхнээ зориулна” гэдэг үгийн утгыг цааш ургуулан бодвол залуу халуун нас, эрч хүч, ухамсарт амьдралынхаа үнэт цаг мөч, хичээл зүтгэлээ өгөхийн нэр. Тийм учраас барууны орнуудын нийгмийн хариуцлагатай, сайн компаниуд ажилчдадаа даатгалын үйлчилгээ авч залуу халуун насыг нь баталгаажуулан даатгадаг.


Даатгал гэдэг “баталгаа” гэдэг утгатай хамт ойлгогддог


Тийм болохоор даатгалтай хүн мөнгө санхүүд баригдалгүйгээр хамгийн сайн эмнэлэгт үзүүлж, оношоо бүрэн зөв тогтоолгож, тэр хэрээр эдгэрэх, эмчлүүлэх магадлал нь өндөр болно. Энэ жишиг Монголд нэвтэрч, амьдралын даатгал бодит болсноор Л.Адилбишийн амийг аварсан юм.“Эхлээд би итгээгүй. Тэр их мөнгийг гаргаж өгнө гэдэг худлаа даа л гэж бодсон. Гэвч амьд явах эсэх маань дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, би гэдэг хүн нэг хөлөө үхлийн нууранд дүрчихсэн байсан болохоор ямартай ч яваад очих нь зүйтэй гээд эхнэрээ явуулсан. Эхнэр маань даатгалын компанитай уулзахаар явлаа гэхэд би сэтгэл түгшин хүлээж байлаа. Яг тэр мөчид эхнэрийн сонсох хариунаас миний амьд явах эсэх шалтгаалах байсан болохоор тэр шүү дээ...”.

Нэгэн мөчид амьдрал орвонгоороо эргэж, хэцүү хөтүүгийн шуурга биднийг дэнжигнүүлдэг ч гэлээ зарим үед зүгээр л итгэж найдаж суухад гайхамшиг аяндаа тохиодог, аз завшаан гэдэг ердөө хажуу дэргэд байхыг мэдрэх тохиолдол бишгүй. Түүний хувьд тэрхүү аз завшаан, гайхалтай тохиол нь амьдралын даатгал байсан юм.

***

Хагалгаа нийт 21 цагийн турш үргэлжилжээ. Хүүгийн тал элэг, дүүгийн тал элгийг нийлүүлэн түүнд шилжүүлэн суулгав. Хэтэрхий хүнд халаглаа байсан учраас дууссаны дараа эмч нар хөл дээрээ тогтож чадахгүй байсныг нь эхнэр нь харжээ. Гэхдээ аминд тулсан мөчид эр нөхөр нь эсэн мэнд хагалгааг давж, амьдралд дахин эргэж ирсэн нь түүний хувьд хамгийн сайхан мэдээ. Түүнд тал, тал элгээ өгсөн дүү, хүү хоёрын биеийн байдал ч мөн давгүй. Элэг бүтэн амьдралаас өөр аз жаргал юу байх билээ! Ухаан ороход нь хагалгааны эмч түүнд “Танд дахин төрсөнд баяр хүргэе” гэж хэлээд инээмсэглэжээ. Энэ үг, тэр инээмсэглэл түүнд амьдралын баяр баясгалан, итгэл найдварын биелэл болон сонсогджээ.

“Хагалгааны дараа би хоёр дахиа мэндэллээ гэж үнэн зүрхнээсээ итгэсэн. Тэр мөчөөс хойш би амьд байгаа цаг мөч бүхэндээ талархаж, амь амьдрал хайрласан юм бүхэнд баярладаг болсон. Би барагтай юманд сэтгэл хөдөлдөггүй, бараг уйлж үзээгүй хүн байсан. Гэтэл хагалгааны дараа донор болсон муу хүүгээ, дүүгээ, хажууд минь сахиад хамаг тамираа барсан ч гэсэн өөдөөс итгэл дүүрэн нүдээр ширтэн, өр зүрхнээсээ баярлаж байгаа эхнэрээ хараад уйлаад л байсан... Одоо их уяхан хүн болжээ. Кино үзээд л уйлчихдаг болсон байна шүү. Шинэ амьдрал надад аливааг үргэлж сайхнаар харах, хүнд мууг үл санах, ямар ч үед, бүр хорвоо дэлхий хөмөрч байлаа ч итгэл найдвараа үл алдах тэр гайхамшигт чанарыг өгсөн”.

***

Одоо тэр эрүүл саруул болсон. Хагалгаанд ороод жил болоогүй учраас одоохондоо ажилдаа гарч болохгүй. Гэхдээ тэр өөртөө хийх ажил олж, фэйсбүүк дэх “Элэгний В, D вирустэй тэмцэгчдийн групп”-ийн идэвхтэй гишүүн болжээ. Энэ групп 25 мянган гишүүнтэй. Монголд элэгний вирус, элэгний хавдар гэх өвчин маш элбэг болж олон хүний амь насыг авч одох болсонд тэр эмзэглэж явдаг ч, энэ бүхнийг өөрийн биеэр туулж гарсны хувьд өөрийн зөвлөгөөгөө тусламж хүссэн хүн бүхэнд нээлттэй өгч эхэлжээ.


“Элэгний хавдартай болсон хүмүүст хоёр гол асуудал тулгардаг. Нэг нь донор, нөгөө нь эмчилгээний зардал”


гэж хэлэв. Элэг бүрэн төлждөг эрхтэн учраас элэгнийхээ талыг өгсөн донор төд удалгүй бүтэн элэгтэй болдог. Үүнийг олон хүн мэддэггүй учраас донор болохоос эмээх, хагалгаанд орсны дараа донор өөрөө хүнд байдалд орно гэж эмээдэг байна. “Хамт эмнэлэгт хэвтэж байсан хүний төрсөн ганц охин нь донор болохоос эмээгээд ээжийгээ үхлийн хаалга руу явуулахыг би нүдээр харсан. Зовлонг нь биеэр туулж, эмч мэргэжилтнүүдийн үгийг маш их сонссон учраас би ийм зүйл битгий тохиолдоосой гэсэндээ одоо чадахаараа олон хүнд зөвлөгөө өгч эхэлсэн. Донор хайсан, донор болохоос эмээсэн олон хүн надтай уулздаг болсон” гэв. Хагалгаанд орсноос хойш зургаан сарын дараа Л.Адилбиш хүү, дүү хоёроо дагуулан томографт харуулахад тэдний элэг 80 хувь төлжсөн гэх сайн мэдээг сонсож санаа нь амарчээ. Харин одоо бол хэдийнэ бүрэн төлжсөн. “Бурхан хүний биеийг ямар гайхалтай бүтээгээ вэ. Бие биедээ амьдрал бэлэглэж болохоор бүтээнэ гэдэг гайхамшиг биш гэж үү?” хэмээгээд инээмсэглэв.

Харин дараачийнх нь санхүүгийн асуудал. Одоо тэр тааралдсан хүн болгондоо даатгалын ач тусыг хэлж, ойлгуулдаг болжээ.


“Амьдралд хайртай хүмүүс л амьдралын даатгалыг сонгодог. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Өвчин зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг дээ. Тийм цаг ирэхэд мөнгөгүйн учраас хорвоог орхих, эсвээс байдгаа шавхаад үлдсэн амьдралаа дутуу гуцуу үүрэх тохиолдол бишгүй. Харин амьдралаа даатгасан хүмүүс хамгаас азтай”


гэж ярив. Азтай гэдгийг бүр тодруулбал, энх цагт тэр жилд 4 сая төгрөгийн хураамж даатгалд төлж байгаад эрүүл мэнд нь дээсэн дөрөөн дээр ирэхэд

400 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ТӨЛБӨР

авснаар тэр аймшигт өвчнөөс амьдралаа эргүүлэн авах боломжтой болсон юм. Түүнийг БНСУ-д эмчилгээ хийлгэж байх зуур даатгалынх компанийнхан эмнэлэгтэй нь шууд харьцаж, өмнөөс нь бүх ажлыг амжуулсанд тэр маш их талархдаг.

Эрүүл саруул болсныхоо дараа өөрт нь тусалж дэмжсэн бүх хүмүүст баярласан талархсанаа биечлэн хэлэхдээ эхнэрээ дагуулан даатгалын компанид очиж, захирал ажилчидтай нь уулзан “Надад амьдрал бэлэглэхэд тусалсан та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна” гэж хэлэхэд “Нэйшнл Лайф Даатгал” амьдралын даатгалын компанийн гүйцэтгэх захирал Г.Монголхүү


“Та манай даатгуулагч, бид хийх ёстой ажлаа л хийсэн шүү дээ. Харин таны жинхэнэ талархах ёстой хүмүүс бол манай даатгуулагчид юм даа”


хэмээн даруухан хариулсныг надад хэлэв. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэдэг. Нийт даатгуулагчдийн үүсгэсэн даатгалын сангаас Л.Адилбишийн эмчилгээний зардал гарсан шүү дээ.

***

Л.Адилбиш ирэх зунаас ажилдаа орохоор төлөвлөж, ухамсарт амьдралынхаа анхны “зүгээр суух зун”-ыг ургийн бичгээ хөтлөх ажилд зарцуулахаар шийдсэнээ хэлэв. Энэ зуур аминд нь орсон донор, даатгал хоёрын тухай шувуу болгонд үг дайна гэдэг шиг таарсан болгондоо хэлж ойлгуулахаа бас мартахгүй гэнэ. “Бид хоёр энд, одоо уулзахгүй байх магадлал маш өндөр байсан юм шүү” гэж уулзалтын эхэнд хэлсэн үг нь надад бодогдоод салахгүй хэсэг эргэцэв. Гэвч амьдралын зам бид хоёрыг уулзуулж, нэгэн сайхан хүний түүхийг сонсоод үлдэх боломж надад олгосонд талархан бодоход сэтгэл дүүрээд ирэв.

Амьд байна гэдэг юутай сайхан жаргал юм бэ дээ...

Та эрүүл мэндийн даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend линкээр зочлоорой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.