Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

ЭРХ МЭДЭЛТНҮҮД тал тал руу буруугаа чихэв

Б.Ану
2019 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Зургийг www.mpa.mn

Авлигын хэрэгт холбогдсон төрийн албаныханд оногдуулсан ял, торгууль болоод зарим хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэг хаагдсан асуудал өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдэв байв.

Авлигатай тэмцэх газрын задалсан бичлэг үүний шалтгаан байсан. 

Тэгвэл гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанаас болж ял завшиж байгаа нөхдөд яагаад анхаарахгүй байна вэ гэсэн асуудал хөндөгдөхөд Засгийн газраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах саналаа өнгөрсөн сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон гэсэн тайлбар гаргаад буй.

Хэдий Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацаанд асуудал байгааг өөрийн твиттер хуудастаа мэдээлж байсан ч ямар ч сураг ажиггүй байсан төрийнхөн АТГ-ын задруулсан бичлэгтэй холботойгоор дээр доргүй би, бид буруугүй гэдгээ батлахын тулд янз бүрийн тайлбар гаргаж, тал тал руугаа албан бичиг шидэлцсээр байна.

Өнгөрсөн долоо хоногт ямар ямар тайлбар гаргасныг бид тоймлон хүргэе.

Асуудалд буруутгагдаад буй Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийг өөрчлөөд УИХ-д өргөн барьсан гэв

 
Гэрэл зургийг MPA.mn

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаар дамжуулан дараах тайлбарыг долоодугаар сарын 31-нд гаргав.

"Уг багц хуулийн төслийн хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаад байгаа болно. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох асуудал тодорхойгүй байсныг засаж, боловсронгуй болгохоор холбогдох зохицуулалтыг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд нэмж тусгах зэрэг холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгаад байна" гэв.

Засгийн газрын мэдээнд уг хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтоод байгаа гэжээ. 

Хэдийгээр Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацаанд асуудал байгааг хуульчид илэрхийлсээр байсан ч Хууль зүй, дотоод хэргийн яам ийнхүү хойрго хандсан нь олон гэмт хэрэгтнийг хаацайлах оролдлого байсан юм биш биз гэсэн хардлагыг төрүүлээд байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар шүүх, хуулийн байгууллага руу албан бичиг явуулж, ажлын хэсэг байгуулав

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт “Хүсэлт тавих тухай” албан бичиг илгээсэн юм.

Тэрбээр албан бичигтээ "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг буруу хэрэглэсэн талаар шүүмж, маргаан гарч байна" гэсэн нь УИХ-ын гаргасан хуулийг гүйцэтгэх байгууллагууд болон шүүх буруу ашиглаж байгааг дурдсан нь бурууг бусдаас хайсан нь илт байна.

Мөн тэрбээр авлигатай холбоотой хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсэг байгуулах тухай захирамж:

 

Ерөнхий прокурор УИХ-ыг буруутай гэлээ

 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Ерөнхий прокурор Б.Жаргасайханаас iKon.mn сайтын сэтгүүлч үүсээд буй энэ асуудалтай холбоотой тодруулга авахад "Энэ хэргийн тухайд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн прокурор эсэргүүцэл бичсэн байгаа. Удахгүй болох давж заалдах шатны шүүх хуралдаанаар манай эсэргүүцлийг хэлэлцэх байх.

Ер нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал бол хууль тогтоогч нарын асуудал.

Энд өөрчлөх чиглэлд прокурорын байгууллагаас саналаа өгсөн. Би хууль хэрэгжүүлэгч хүний хувиар хөөн хэлэлцэх хугацаа болно, болохгүй гэдэг байдлаар ярих боломжгүй юм" гэсэн юм.

УИХ-ын даргын албан бичигт хууль хэрэгжүүлэгчид болоод шүүх алдаа гаргасан байх вий гэсэн санаа гаргасан байгааг харж болно.

Харин хууль хэрэгжүүлэгч Ерөнхий прокурорын хувьд хууль боловсруулан, батлагчид болох УИХ-д бурууг өгсөн байна.

Яг үнэндээ бол хууль алдаатай байгааг Засгийн газар нь ч хүлээн зөвшөөрөөд өөрчлөх шаардлагатай байгаагаа илэрхийлсэн. Гол асуудал нь энэ хуулийг санаатайгаар 2017 онд өөрчилж хэсэг хүнд ял завших боломж олгов уу гэдэгт бий. 

Хуулийн өөрчлөлттэй холбоотой Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр "Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон, удахгүй болох гэж буй авлигын гэмт хэргийн хохирол хэдэн зуун тэрбумаар хэмжигдэнэ" гэсэн юм.