Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс Кашмирын өөртөө засах эрхийг цуцлах гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн захиргаанд байдаг Кашмир мужийн өөртөө засах онцгой эрхийг цуцлахаар төлөвлөж байгааг тус улсын засгийн газар өнөөдөр зарлалаа.

1947 онд Энэтхэг, Пакистан улсууд хуваагдасны дараа Кашмирын бүс нутгийг хэсэгчлэн захиргаандаа оруулсан юм. Гэхдээ аль аль нь Кашмирыг бүтнээр нь өөрийн газар нутаг гэж үзэн маргасаар ирсэн байдаг.

Өнгөрсөн хугацаанд хоёр улс Кашмирт хоёр удаа дайн хийж, салан тусгаарлах тэмцэл тасрахгүй байгаа.

Хэрвээ Энэтхэг улс үндсэн хуулийнхаа 370 дугаар заалтыг өөрчилж, Кашмирын өөртөө засах онцгой эрхийг цуцалбал талуудын харилцаанд томоохон зөрчил үүсэхээр байна.

Өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд Энэтхэгийн захиргааны Кашмирт салан тусгаарлах тэмцэл өрнөж, олон арван мянган хүний амь үрэгдээд байгаа.

Өнөөдөр Энэтхэгийн дотоод хэргийн сайд Амит Шах үндсэн хуулийн Кашмиртай холбоотой заалтыг өөрчлөх саналыг парламентад өргөн барьжээ.

Уг заалтын дагуу Кашмир муж өөрийн үндсэн хуультай, туг далбаатай байх эрх эдэлдэг бөгөөд зөвхөн гадаад харилцаа, батлан хамгаалах үйл ажиллагааг нь Энэтхэгийн засгийн газар хариуцдаг.

Парламентад төсөл өргөн барихаас хэдхэн цагийн өмнө Кашмирын засаг захиргааны тэргүүн асан хоёр улс төрчийг гэрийн хорионд оруулсан байна. Мөн тус мужид хэд хоногийн өмнөөс хурал цуглаан зохион байгуулахыг хориглож, гар утас, интернэтийн сүлжээнд хязгаарлалт хийжээ.

Энэтхэгийн парламент дахь сөрөг хүчнийхэн Кашмирын өөртөө засах эрхийг цуцалбал Энэтхэг улс эзлэн түрэмгийлэгч орон болж хувирахыг анхааруулж байна.

Пакистаны ерөнхий сайд Имран Хан болж буй үйл явдал бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулахыг анхааруулаад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад хандан хоёр улсын яриа хэлэлцээрт зуучлах үүрэг гүйцэтгэхийг уриалжээ.

 

Эх сурвалж: BBC