Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Нисдэг хүн” Францаас Британи хүртэл далай дээгүүр амжилттай нислээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Францын зохион бүтээгч Фрэнки Запата өчигдөр Францыг Британий арлаас зааглаж байдаг хоолойг амжилттай нисэж туулжээ.

Тэрээр өөрийн зохион бүтээсэн таван тийрэлтэт хөдөлгүүртэй зогсуурыг ашиглан 35 км урт хоолойг туулсан юм. Ингэхдээ тэр хоолойн гол дунд байрласан хөлөг онгоцон дээр түр бууж, нисдэг машинаа шатахуунаар цэнэглэсэн байна.

 
 

Запата хоёр долоо хоногийн өмнө анхны оролдлогоо хийсэн ч далай дундах түр зогсоолдоо бууж чадалгүй усанд унаж байв.

Энэ удаа тэр Ла Маншийн хоолойг (Английн хоолой ч гэдэг) 20 гаруй минутын хугацаанд амжилттай туулсан юм.

Францын Сангаттегаас хөөрсөн Запата Английн Довер дахь Гэгээн Маргаретын эрэгт газардсан байна. “Гурван жилийн өмнө бид энэ машиныг бүтээж байв. Өнөөдөр харин хоолойг туулж чадлаа. Энэ бол гайхалтай хэрэг” гэж тэр ярьжээ. Одоо Запата нисдэг автомашин бүтээхээр ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Mashable