Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Сайнжаргал: НАМЗХ-ны шинэ удирдлагын баг тооноор орж ирээд хойморьт суудаг гажуудлыг засахын төлөө ажиллана

Г.Отгонжаргал, Үндэсний шуудан
2019 оны 8 сарын 5
Үндэсний шуудан
Зураг зураг

НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Т.Сайнжаргалтай ярилцлаа.

-НАМЗХ-ны хагарал МАН-ын хагарал болсон түүхийг эрж хайхад нэг их холын жишээ хэрэггүй. Ердөө л дөрвөн жилийн өмнөх үйл явдал. Иймд тэрхүү дуулиантай зөрчлийн дараа цаашид НАМЗХ яаж явах вэ гэдэг нь зөвхөн танай намынхан төдийгүй бусад улс төрийн намуудын залуучуудын холбооны хувьд сонирхолтой харагд-даг байж мэдэх юм. Энэ удаагийн VI их хурлаас УИХ-ын гишүүн Н.Учралыг ерөнхийлөгчөөр сонгож, арван зургаан дэд ерөнхийлөгчтэй болсны нэг нь та. Энэ бүрэлдэхүүнд багт-сан шинэ удирдлагын баг одоо ажлаа хийж эхэлсэн үү?

-Сүүлийн тавьсан асуултад хариулахаасаа өмнө өөрийн тань эхний хөндсөн сэдэвт хариулт, тайлбар өгөх нь зөв юм болов уу гэж бодож байна. Болох уу.

-Асуудалгүй?

-Яах вэ, 2015 онд НАМЗХ-ны удирдлагын төвшинд нэлээн том хагарал, зөрчил үүсэж, хоёр хуваагдахад хүрсэн нь үнэн.

Гэхдээ энэ хуваагдал нь нийт гишүүдийн гэхээс илүүтэй зарим нэг гишүүд, ерөнхийлөгч нарын хооронд үүссэн л зөрчил байсан. Тэр утгаар нь шууд нийт НАМЗХ-ны гишүүд гэдгээр тайлбарлах нь өрөөсгөл байх. Тухайн үед зүү орох зайгүй байсан хүмүүс гэнэт л зөрчилдөөд эхэлсэн.

Шалтаг, шалтгааныг нь хайвал хэн хэнд нь асуудал байгаа байх. Иймд одоо энэ асуудлыг эргэж сөхөж гаргаж ирээд хөндөөд байх нь нэг их зохимжтой хэрэг биш. Яагаад гэхээр бид нар одоо урагшаа харж ажиллах хэрэгтэй.

-Гэхдээ урагшаа харлаа гэхэд удаа дараа үүсэж байсан асуудлын шалтгааныг нь олж, тэр алдааг давтахгүйгээр урагшлах хэрэгтэй биз дээ?

-Тэр үнэн. Бидний зүгээс сая болж өнгөрсөн VI их хурлын явцад өмнөх удирдлагуудын гаргасан алдааг давтахгүй байхын тулд нэг гол шийдвэрт хүрсэн. Тэр нь, санхүүжилтээ нэг хүнд тохож, тэр хүнд бүх санхүүгийн ачааллыг үүрүүлэхгүй байх явдал.

“Мөнгөө төлсөн хүн хөгжмөө захиалдаг” гэдэгчлэн ерөөсөө л тухайн үед хэсэг гишүүд нь санхүүжүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг нөгөөх нь менежер хийдэг тийм л дүр зураг үүсчихсэн байсан.

Яваандаа менежер нь өөрийн бие даасан байдлаа хамгаалах гэж үзнэ ээ дээ. Гэтэл мөнгө төлсөн хүн тийм эрх чөлөөг дуртайяа олгоно гэж байхгүй. Энэ чинь л асуудал. Иймд энэ удаагийн хурлаар санхүүгийн ачааллыг нэг хүнд үүрүүлж болохгүй гэдэг шийдвэрт хүрсэн. Ажлын ачаалал болон санхүүгийн ачаагаа хамтдаа нэгэн жигд үүрнэ ээ гэсэн үг.

Тэгэхгүйгээр дахиад мөнгө, менежмент хоёроос болоод зөрчилдөөд эхлэх юм бол бид ажиллаж чадахгүйд хүрнэ.

-Тэгэхээр санхүүжилтээ Удирдлагын багаасаа жигд хуримтлал үүсгэх замаар бүрдүүлнэ гэсэн үг үү?

-Ерөөсөө л тэр. Мэдээж НАМЗХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гэхээр арай илүү ачаа нэмэгдэж таарна. Удирдах зөвлөлийн гишүүдийн оролцоо мөн жигд тэгш байх ёстой. Ингэж адилхан ачаа үүрсэн хүмүүсийн хэн нь ч хэнээсээ илүүрхэж чадахгүй болно. Энэ чинь эргээд бидний ажиллах урам зориг байхгүй юу.

-Танай намд сүүлийн үед “Ардын хүүхэд” гэдэг ойлголт их түгээмэл яригдах болсон байна лээ. Та жишээ нь, тэр ардын хүүхэд нь мөн үү. НАМЗХ-ны шинэ удирдлага талаас нь сонирхоод байна л даа?

-Ардын хүүхэд, ардын хүүхэд биш гэхээр яг ямар хүнийг хэлэхийг би хувьдаа мэдэхгүй байна. Бүгд адилхан аав, ээжийн хүүхдүүд. Амьдралын төвшин сайн муу, ажил мэргэжил өөр гэдгээр нь харьцуулж харах ёстой бол энэ нь өөрөөр яригдана байх.

Миний хувьд ардын гэхээс илүүтэй ажилчин ангийн хүүхэд. Аав маань насаараа төмөр замд вагон үзэгч хийсэн. Ээж маань жирийн нэг худалдагч. Зургаан хүүхэдтэй айлын дундах. Тэгэхээр улс төрд нэг их татуулаад, түлхүүлээд орж ирээгүй нь ойлгогдоно байх.

-Сая болж өнгөрсөн хурлын өмнө анзаарч харсан хүнд ганц нэг “Олигархын хүүхдүүдээс салах цаг болсон” гэдэг мессеж яваад байна уу гэж харсан. Тэр үнэн үү?

-Үгүй ээ. Харин ч энэ удаагийн VI Иххурал НАМЗХ-ны түүхэнд хамгийн нам жим, тайван уур амьсгалтай эв нэгдлийн хурал болсон. Бидний зүгээс ямар нэг зохион байгуулалттай тийм пиар, хэвлэлийн кампанит ажил хийгээгүй.

Харин ч нам жим байсан. 2015 оны зургаадугаар сарын 20-нд болсон НАМЗХ-ны V их хурлын төлөөлөгчдийн насны хязгаарыг 35 нас болгох зорилгоор бидний үеийн залуучууд хөдөлгөөн өрнүүлсэн хэдий ч тухайн үед дүрмийн өөрчлөлт оруулахдаа 35 биш 39 нас болгож насны өөрчлөлт оруулж байсныг миний бие заалнаас эсэргүүцэж шаардлага тавьж байсан.

Тэгэхэд Их хурлын төлөөлөгчид маань хүч түрээд 39 нас болгоод явчихаж байсан.

-Ер нь яагаад 39 настай хүн НАМЗХ-ны гишүүн болж болохгүй байгаа юм бэ?

-Уг нь аягүй ойлгомжтой сэдэв л дээ. Жишээ нь, 39-тэй НАМЗХ-ны гишүүн боллоо гэхэд дөрвөн жилийн дараа тэр хүн 43 настай болно. Гэтэл НАМЗХ-д шинээр элсэж байгаа залуучууд 25-тай байна гэж үзэхээр насны зөрүү нь 18 болно оо доо.

Энэ чинь өөрөө эргээд эвлэлдэж нэгдэх, хамтарч ажиллах, сонирхлоо нэгтгэх тал дээр асуудал байхгүй юу. Наад зах нь ойлголцохгүй. Түүнийгээ дагаад бодлого шийдвэр нь зөрчилдөнө. Тэгээд ч олон улсын жишигт залуу нас гэдэгт 18-аас 35 хүртэлх насны залуусыг хамруулсан байдаг.

36 наснаас дээш болохоор идэр насандаа орно. Тэдэнд хандсан төр засгийн бодлого өөр болоод явчихаж байхад намын дэргэдэх залуучуудын байгууллага адилхан хуулиа дагах ёстой биз дээ. Асуудлын тайлбар нь ердөө л энэ.

Мөн намын дүрэмд Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны гишүүнчлэлийн насны хязгаарыг 25 насаар хязгаарласан. Ингэж нэгэнт НАМЗХ-ны гишүүдийн насыг 25-35 гэж тодорхой заасан учраас цаашид настай холбоотой зөрчил дахин гарах боломжгүй болсон гэсэн үг.

-Түрүүн Их хурлаа чимээгүй хийсэн гэсэн дээ. Гэтэл та өөрөө гэхэд зургаадугаар сарын 27-нд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд аймаг, дүүргийн НАМЗХ-ны тэргүүнүүдийн гарын үсэгтэй шаардах бичиг гардуулаад явсан шүү дээ. “Хурлаа хийе. УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн хурлаа зарлахгүй холбооны дүрэм зөрчөөд байна” гээд?

-Үнэн. Гэхдээ тэр чинь нэг удаагийн шаардлага л байсан. Яагаад ийм бичиг өгөхөөс өөр аргагүй болсон гэхээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 2015 оны зургаадугаар сарын 20-ны өдөр НАМЗХ-ны ерөнхийлөгч болсон.

Холбооны дүрэмд дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хуралдуулна гэж заасанчлан дөрвөн жилийн хугацаа нь 2019 оны зургаадугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон. Өмнө нь Г.Тэмүүлэн ерөнхийлөгч 2019 оны хоёрдугаар сард МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд зургаадугаар сарын 20-ны өдөр ээлжит их хурлаа хийхээ илэрхийлсэн бичиг хүргүүлсэн байдаг.

Хугацаа дөхсөн хэдий ч их хурлын товоо зарлаагүй, Удирдах зөвлөл болон Бага хурлаа хуралдуулаагүй.

Хурлаа зарлаагүй, хийлгээгүй учраас 21 аймгаас 17 аймгийн, есөн дүүргээс долоон дүүргийн дарга нар ээлжит VI их хурлаа хийж, дүрмээ хэрэгжүүлэхийг шаардсаныг бидний хэсэг нөхөд хүргүүлсэн. Дүрэм бол дүрэм. Журам бол журам л биз дээ. Биелүүлэхгүй гэж баталдаг юм бол дүрэм журам байгаад яах юм бэ.

-УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тэргүүтэй НАМЗХ-ны өмнөх удирдлагууд, ерөнхийлөгчийн зөвлөх нэрээр нөлөөллөө хадгалж байсан хүмүүс бүгд хасагдсан гэсэн үг үү. Ер нь танай холбооны дүрэмд хэр өөрчлөлт орсон бэ?

-Холбооны дүрэмд өөрчлөлт ороогүй. Гишүүнчлэлийн насыг 35-даа барина гэдгээ л албажуулж, дүрэмдээ ганцхан өөрчлөлт оруулсан.

Манай холбооны дүрэмд нэг заалт байдаг нь “Хэрвээ та 35 нас хүрсэн бол хүндэтгэлтэйгээр гарсанд тооцно” гэсэн заалт. Харин өмнө нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлд ажиллаж байсан хүмүүс клубийн зарчмаар санал бодлоо илэрхийлэх, үйл ажиллагаанд оролцоод явах эрх нь нээлттэй.

-МАН-д элссэн залуу нас нь болж байгаа тохиолдолд шууд НАМЗХ-д гишүүнээр автоматаар элсдэг юм уу. Ер нь яадаг юм бэ?

-Намд элсэнэ гэдэг нь хувь хүний өөрийнх нь л сонголт. Нам гэдэг хэсэг хүмүүсийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бүлэг хүмүүсийн нэгдэл. Манай нам зүүн төвийн нам гэдэг утгаараа зүүн төвийн үзэлтэй залуус үзэл баримтлалаа дагаад орж ирдэг.

Зарим нэг нь ээж, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, үнэт зүйлийг нь хамгаалах, өөрсдийгөө хөгжүүлэх зорилготой орж ирдэг. Миний хувьд гэхэд хувь хүнийхээ үзэл баримтлалыг дагасан байх жишээний.

МАН-ын дэргэдэх холбоодын тухайд нас насны хязгаарлалтаараа гишүүнээр элсээд явах нь нээлттэй. Оюутан цагаасаа улс төрд цаашид идэвхтэй дуу хоолойгоо илэрхийлье гэж бодвол НАМОХ-нд элсээд явах боломж нь бүрэн нээлттэй. Хөдөлмөрийн зах зээлд гараад нийгмийн үйл хэрэгт оролцоод явна аа гэвэл НАМЗХ-нд элсэж болно. Эмэгтэйчүүд дуу хоолойгоо илэрхийлэхийг хүсвэл НАМЭХ-нд элсэх боломж нээлттэй.

Ахмад насанд хүрсэн бол мэдээж Ахмадын холбоонд элсэж болно. Энэ чинь өөрөө намын боловсон хүчний бодлогын үргэлжлэл юм. Нам төрийн бус байгууллагуудаараа дамжуулан гишүүдээ идэвхжүүлж, бэхжүүлж байгаа л хэрэг.

-Тэгэхээр НАМЗХ-ны Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүн гэхээр МАН-ын боловсон хүчний ирээдүйн хар хайрцагны бодлогод орчихлоо гэж ойлгож болох уу?

-Мэдээж намд хүний нөөцийн бодлого байгаа.

-Жишээ нь, танд цаашид МАН-ын бодлого тодорхойлох гишүүдийн эгнээнд хүрнэ дээ гэсэн итгэл төрөх юм уу?

-МАН бол улс төрийн ууган хүчин, 98 жилийн түүхтэй нам. МАН-ын эрх барих дээд байгууллага нь Иххурал, төлөөллийн төв байгууллага нь Бага хурал юм. Бага хурлаас Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгодог.

Тэр ч бүү хэл УИХ-д, Ерөнхийлөгчид нэр дэвших, засаг төр байгуулах зэрэг бүхий л том бодлого, шийдвэрүүд Бага хурлын хуралдаанаас гардаг. Би өөрөө Бага хурлын гишүүн. Тийм болохоор өнөөдөр ч гэсэн МАН-ын бодлого, шийдвэрт бодитоор оролцож байна.

-Одоогоор НАМЗХ хэчнээн гишүүнтэй байгаа вэ?

-МАН 200 гаруй мянган гишүүнтэй. НАМЗХ-ны хувьд 70 мянга гаруй гишүүнтэй гэдэг тоо яригддаг. Гэхдээ энэ нь бас баталгаатай биш. Бидний хувьд энэ тоонд эргэлздэг. Яг нэгээс авахуулаад 70 мянга хүртэл нь тоолчихсон юм алга.

-Яагаад. Гишүүнчлэлийн батлах дээр тоо бичигдэж байгаа биз дээ?

-Нас харгалзахгүй намын гишүүн биш учраас зарим залуусын итгэл нь сулраад үйл ажиллагаандаа оролцохоо байчихсан байна. Нэг хэсэг нь нас нь хэтрээд хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй болсон байх жишээний.

Иймд одоо шинээр цахим бүртгэл хийж, автоматаар хасалт, нэмэлтийг нь тодорхой болгох замаар гишүүдээ албан ёсны бүртгэлд хамруулахаар ажиллаж байна.

-Тэгвэл яг өнөөдрийн байдлаар хэр олон залуус улс төрийн дараагийн шатанд гарахад бэлэн байгаа вэ. Нэг ёсны МАН-ын байраар ойр ойрхон эргэлдэж, томилгооноос хувь хүртэж байна гээд тоолоход?

-Тэр бүгдийг би энд тоолоод сууна гэж байхгүй л дээ. Тийм боломж ч байхгүй. Гол нь энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хуучин Монголын хувьсгалт залуучуудын эвлэл (МХЗЭ) гэж социализмын үед Монголын залуу үеийн дуу хоолой, тэдний хөгжиж дэвжих боломжийг нээдэг том байгууллага байлаа. Тэр байгууллагын үргэлжлэл нь Монголын залуучуудын холбоо юм.

Харамсалтай нь, өнөөдрийн Монголын Залуучуудын холбоо өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ерөнхийлөгч гэсэн ганцхан хүний хүсэл сонирхол, эрх ашгийг хамгаалдаг холбоо болж хувирсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар МЗХ-ны орон зайг НАМЗХ нөхөж, жинхэнэ утгаараа залуучуудын дуу хоолой болж ирсэн.

Нэг ёсны Монголын залуучуудын холбооны алдааг НАМЗХ нөхөж яваа гэдэгт хувь хүнийхээ хувьд итгэдэг. 21 аймаг, нийслэл, сум дүүргүүдэд салбартай. Тэр хэрээр тухайн орон нутагтаа боловсон хүчний бодлогоо үргэлжлүүлээд явдаг гэсэн үг. Тэгэхээр яг тоолохдоо тулбал нэлээн их тоо гарна байх. Тэр болгонд бүгд бэлтгэгдэж байна аа л гэсэн үг.

-Тэгвэл та бүхнийг хэрхэн ирээдүйн улс төрд МАН бэлтгэж байна вэ. Жишээ нь, авлига муухай шүү гэж та бүхэнд хэлэх юм уу. Эсвэл даргаа түшээд яв гэх юм уу. Үгүй ядах нь ээ л, үзэл баримтлалынхаа утга учрыг танилцуулж, дэлхийн эдийн засаг, улс төрийн чиг хандлага ийм байна гэх мэтээр сургалт, хичээл орох үе байх уу?

-Мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэгчлэн юу гэж л намаас “Дарга түшээд яв. Авлига муухай шүү” гэх мэт зөвлөгөө өгөөд явах вэ дээ. Мэдээж тодорхой улс төр хийхийн тулд бусадтай нэг баг болж ажиллах тохиолдол бий.

Тэр болгоныг нь дарга дагасан гэж үзэх юм бол өрөөсгөл хэрэг. Хүний амьдрал гэдэг өөрөө харилцаа. Тийм учраас дээд доод үе, гишүүд, найз нөхөдтэйгээ харилцахгүйгээр ганцаараа амьдарна гэж хэзээ ч байхгүй. Үүнийг намтай хамаатуулахаараа даргын хүн гэж хараад байх шиг байдаг.

Харин улс төрийн арга барил, хандлага, үнэт зүйлээ илүү сурталчлан таниулах үүднээс гишүүдээ хөгжүүлэх чиглэлийн семинар хийх, сургалт зөвлөгөөн явагддаг. Аль ч улс орны хөдөлгөгч хүч, ирээдүй нь залуучууд байдагчлан НАМЗХ гэдэг МАН-ын ирээдүйн боловсон хүчний бодлого юм.

Мөн сая болж өнгөрсөн VI хурлаар байгуулагдсан шинэ Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүд маань Боловсрол сургалт, хөгжлийн хороо, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хороо, Инноваци, шинжлэх ухааны хороо, Хот байгуулалт хөгжлийн хороо, Цахим бодлого, Хэвлэл мэдээллийн хороо, Аж Үйлдвэр, эрчим хүчний хороо, Улс төр, хууль эрхзүй, зохион байгуулалт хороо гэх зэрэг 16 салбар хороодод хуваагдан ажиллаж байна.

-Гол нь энэ дундаас зөв хүнийг гаргаж ирж чадах уу гэдэг нь өөрөө асуудал юм л даа. Танай холбоогоор дамжаад ирээдүйн баахан авлигачид, хууль завхруулагчид гарч ирэх юм бол ийм холбоо яг үнэндээ байх нэг шаардлагагүй шүү дээ. Бодит нөхцөл байдал талаас нь харах юм бол?

-Энэ сэдэв яах аргагүй нийгмийн шүдний өвчин болчихоод байна л даа. Тэр хэрээр “Энэ залуус нөгөө ах нарынхаа араас явах уу. Ирээдүйн авлигачид сууж байна” гэх мэтээр хараад байгаа нь асуудал юм.

Миний хувьд хүн алдахын төлөө явах ёсгүй гэж боддог. Харин бусдын алдаанаас суралцах хэрэгтэй. Иймд ирж яваа цагийн залууст ийм алдаа байж болохгүй гэж боддог.

Биеэ зассан хүн гэрээ засдаг, гэрээ зассан хүн төрөө засах боломж бүрддэг гэдэгчлэн нийгмийн гажуудлын тухай мэдээлэл нээлттэй байхад тэрийг харсаар байж буруу руу нь зүтгэж болохгүй биз дээ.

-Гэрээ засахын тулд төрд орж байгаа бол одооноос сонголтоосоо ухрах хэрэгтэй. Гол нь, бид нар хүссэн хүсээгүй энэ улсын ирээдүй. Хүссэн зорьсон ажил албан дээрээ очсон цагтаа авлига аваад амьдралаа засна гэж бодож байгаа бол яг үнэндээ онигоо л байхгүй юу даа. -Гэхдээ ирээдүйд МАН та нарынх болно. Тийм үү?

-Мэдэхгүй ээ.

-Мэдээд улс төрд идэвх гаргаад байгаа юм биш үү?

-Хариулт нэхээд байгаа бол хариулъя аа.

-Шударга нь дээр шүү дээ?

-Цаг нь ирэхээр манай үеийнхэн шийдвэр гаргалтад оролцоод явж л таараа шүү дээ. Эхнээсээ УИХ-ын гишүүн болоод хууль тогтоогоод, санаачлаад явж байна. Ирж яваа цаг шүү дээ.

-Олон нийтийн хандлагаас харахад та нарын үеийн залуусыг автоматаар “Даргын цүнх баригч, бөгс долоогч, ирээдүйн авлигач” гэх мэт тодорхой муугийн жишээнд хамруулж бодох нь бий. Энэ хандлагад эмзэглэдэг үү. “Би тийм хүн биш” гэж бухимдмаар санагдах юм уу, хаяадаа ч гэсэн?

-Юунд нь эмзэглэх вэ дээ. Бодит хандлагатай эвлэрч сурах хэрэгтэй. Тэгээд ч энэ нь бидний буруу биш байхгүй юу. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тогтсон ойлголт. Нийгмийн өөрчлөлт шинэчлэл, эрх мэдлийн хуваарилалт дундаас бий болсон хандлага.

Энд харин нэг юмыг тодорхой хэлэхэд сүүлийн үед улс төрд орж ирж байгаа 1980,1990-аад оныхны сэтгэлгээ огт өөр байгаа шүү. Олонх нь хилийн чанадад дэлхийн өндөр нэр хүндтэй сургуулиудад сурчихсан байна. Тэр хэрээр юм үзэж нүд тайлсан байна.

Түүнийгээ дагаад амьдрал ахуйгаа бусдаас дутахааргүй аваад явдаг болчихсон байна.

Эргээд тэр бүх хуримтлуулсан дадлага туршлагаа цэвэр ажилдаа, төрийн бодлогод зориулах хүсэл зорилготой болчихсон байна.

Энэ бол манай үеийнхний болон биднээс хойш өсөж өндийж байгаа шинэ үеийнхний давуу тал. Ийм хандлага урт ху гацаандаа бодитоор хэрэгжээд, үр дүн гараад ирэхээр зөвхөн биднийг гэлтгүй дараа дараагийн үеийг цүнх баригч, долоогч, ирээдүйн авлигач гэдэг ойлголтоос олон нийт сална гэдэгт би хувьдаа итгэдэг. Тэрийг гол нь бид бүхэн цаашид зөв үлгэрлэх хэрэгтэй.

Энэ чинь зөвхөн иргэн Сайнжаргалын ирээдүй биш байхгүй юу. Дараа дараагийн удаад гарч ирэх, ирэх он жилүүдэд шинээр төрж мэндлэх мянга мянган залуусын ирээдүй. Ер нь бол огт гэм зэмгүй алийн болгон дараагийн үеийнхээ нэр хүндийг шороотой хутгасан улс төр хийх юм бэ. Болохгүй биз дээ.

-Гэхдээ бухимдана биз дээ. Одоогийн хандлагад?

-Үгүй дээ, бодит нөхцөл байдалдаа байгаа зүйлийг өөрөөсөө холдуулах гэж бухимдаад байвал урагшаа явж чадахгүй шүү дээ. Би авлигач биш гэж хашхирч, орилоод явснаас авлигагүй улс төрийг бий болгохын тулд хичээл зүтгэлээ зориулах нь илүү үр дүнтэй биз дээ. Ерөөсөө миний харж байгаа өнцөг, зорилго энэ.

-Гэхдээ дээд үеийн ах, эгч нар тань та нарын хоолойд бараг олс углаад “Одоо чи ингэж тусал. Би чамайг ийм албан тушаалд аваачсан учраас чи хандив, тусламж өг. Цуглуул” гээд дарамтлаад ирдэг юм биш үү. Хүмүүсийн ярих нь ээ ийм батлагдаагүй хандлага байдаг гэдэг. Харин тэр ашиг сонирхлынх нь эсрэг байх юм бол шууд автоматаар улс төр дахь замын төгсгөлийг зурдаг гэх мэтээр?

-Хавчлага, дарамт аль ч улс төрийн намд байхгүй биш байгаа. Гэхдээ тэр хавчлага дарамтаас өөрийгөө чөлөөлж чадахгүй, дөрлүүлээд явж байгаа бол хувь хүнийх нь тухайд харамсалтай л биз дээ. Өөрөө зоригтой, тууштай байгаад хэлэх гэснээ хэлдэг, хийе гэснээ хийдэг, үеийнхнийхээ дуу хоолой болж чаддаг бол юу гээд л хаа газраас сайн ах эгч гарч ирээд дарамтлаад байх вэ дээ.

-Сая УИХ-ын гишүүн Н.Учрал танай холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түрүүн “ардын хүүхэд” гэдэг асуултыг нэг их бодлогогүйгээр тавьсан хэрэг биш л дээ. Одоо холбоод асуухад сүүлийн үед МАН-д “ардын хүүхэд авч болдоггүй наадам уу. Олигархуудаас намаа чөлөөлнө, чөлөөлчихлөө” гэдэг яриа газар авсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй одоогийн танай намын лидерүүд яриаг нь сонсох нь ээ, энэ хандлагын төлөөлөл шиг байгаа юм. Яг үүн шиг Н.Учрал тэргүүтэй одоогийн НАМЗХ-ны удирдлага, мэдээж та ч орно. “Ардын” төлөөлөл мөн үү. Энэ асуултыг дахин нэг давтчихъя?

-Ардын гэдэг ойлголтын тухайд дээр хариулсан учраас давтах хэрэггүй байх. Гэхдээ 2015 онд болсон Нийслэлийн НАМЗХ-ны хурлаар тухайн үед Н.Учрал тэргүүн, би дэд тэргүүнээр нь сонгогдож байлаа. Гэхдээ бид хоёр тэр ажил үүрэг дээр ердөө 48 цаг л болсон.

-Яагаад?

-48 цагийн дараа НАМЗХ-ын V их хурал болж, насны хязгаарыг 39 болгоод тухайн үеийн удирдлагууд өөрсдийн эрх ашгаар хүч түрэн удирдлагын багийг бүрдүүлчихсэн. Тэр үед бид хоёр “Ийм юм байж болохгүй” гэж хэлээд нийслэлийн НАМЗХ-ын тэргүүн, дэд тэргүүний ажлаасаа сайн дураараа татгалзаад гарсан.

Өнгөрсөн дөрвөн жилийн турш НАМЗХ-ны насны хязгаар 35 нас байх ёстой гэдэг зарчмаа баримталсаар ирсэн. Дөрвөн жилийн дараа буюу долоодугаар сарын 9-ний өдөр зарчмынхаа дагуу VI их хурлаа зохион байгуулсан.

-Энэ чинь өс хонзон уу, юу вэ?

-Өс хонзон биш ээ. Анхнаасаа зарчим ярьсан. Тэр зарчим дээрээ байна аа л гэсэн үг. Насны хязгаарыг 35 дээр тогтоох ёстой гэдэг суурь үнэт зүйлээ дагаад, түүнийхээ хүчинд залуусын итгэлийг авч сонгогдсон л асуудал.

Сая Удирдах зөвлөлийнхөө бүрэлдэхүүнд статистик гаргаж үзэхэд дундаж нас нь 32 байх жишээний. 25- 29 насныхан 15 хувь, 30-31 насныхан 30 хувь, 32-35 насныхан 20 хувийг эзэлж байх жишээний. Энэ чинь зарчмаа дагасны илрэл мөн биз дээ.

-Харин боловсролын тухайд статистик дүгнэлт гарсан уу?

-Гаргасан. Бүрэн дунд боловсролтой хүн байхгүй. Дээд боловсролтой нь 53 хувь, магистр 45, докторын зэрэгтэй дөрвөн хүн бий. Эзэмшсэн сургуулиар нь үзэхэд Монголдоо боловсрол эзэмшсэн нь 60 хувь, АНУ болон Австралид 11 хувь нь, Азид 21 хувь нь, Европт найман хувь нь боловсрол эзэмшсэн байх жишээний.

Мэргэжлийн чиглэлээр нь үзэхэд эрх зүйч 17 хувь, эдийн засаг, банк санхүүгээр 22, бизнес удирдлагаар 40 хувь, улс төр-төрийн удирдлага 23, багш болон бусад чиглэлээр 47 хувь нь суралцсан байх жишээний. Үүнийг бидний зүгээс бодит сэлгэлт гэж харж байгаа. Ер нь бол 30-34 хүртэлх насны залуус 70 хувийг эзэмшиж байгаа нь дараагийн НАМЗХ-ны хөдөлгөгч хүч болно оо гэсэн үг.

-Сонирхоод асуухад 35 хүрэхээр НАМЗХ-ны залуус хаачдаг юм бэ?

-Их улс төр рүүгээ орох, төрийн албанд шилжих гээд хувилбарууд яригдана л даа.

-Ингэхэд УИХ-ын гишүүн Н.Учрал та хоёр яагаад хөтлөлцөж улс төр хийгээд байдаг юм бэ. Нийслэлийн НАМЗХ-ны 48 цагийн түүхийг чинь сонсоод сонирхож асууя гэж бодлоо. Одоо бас ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр хамт сонгогдсон байгаа?

-Бид хоёрын хооронд хөтлөлцөж гүйсэн юм ерөөсөө байхгүй. Зураг төөрөг нь л таарсан юм байлгүй дээ. Ер нь бол анх 2003 онд оюутан болсон цагаасаа хойш Монголын оюутны холбоонд ажиллахаас эхлээд Хувийн их дээд сургуулиудын оюутны холбоо гэдгийг байгуулах гэх мэтээр багагүй ажилд хамтарч гүйж байсан түүх бий л дээ. Дараа нь, намд ойролцоо элссэн гээд бодохоор үе үеэрээ явдаг жишиг л юм болов уу даа.

-Яагаад ер нь УИХ-ын гишүүн Н.Учралаас өөр хүн НАМЗХ-ын ерөнхийлөгчид нэр дэвшээгүй юм бэ. Даргын заасан зүг байвал нь толгой тийшээ гэдэг шиг бараг 100 хувийн саналаар сонгогдсонд нь тухайн үед гайхаж л байлаа?

-Холбооны дүрмээр НАМЗХ-ны ерөнхийлөгчийг МАН-ын дарга нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг. Тэр дагуу Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшүүлж орж ирсэн. Өөр өрсөлдөх хүн байсан бол намын боловсон хүчний нөөцөд бүртгүүлж, намын даргатай уулзаж ярилцаад нэр дэвшүүлэх боломж нь нээлттэй байсан. Энэ удаад нэрээ дэвшүүлэх өөр хүн гарч ирээгүй болоод УИХ-ын гишүүн Н.Учралын нэрийг ганцааранг нь оруулж иржээ гэж ойлгосон.

-Энэ сонин хязгаарлагдмал дүрмийг хэзээ баталчихсан юм бэ?

-V их хурлаар баталсан дүрэм. Яагаад ийм заалт оруулсныг нь мэдэхгүй. Мэдээж хойшдоо судапж үзээд шаардлагатай бол өөрчилж таарна байх. Энэ удаад дүрмийн дагуу намын дарга нэр дэвшигчээ танилцуулна гэсэн. Тэр дагуу танилцуулсан. Бид дэмжсэн. Гэхдээ заалнаас нэр дэвшүүлэх боломж бол нээлттэй байсан. Хэн ч өөрийгөө болон бусдыг нэр дэвшүүлээгүй. Тэгэхээр Н.Учралд Их хурлын төлөөлөгчид итгэсэн л гэсэн үг биз дээ.

-Намын дарга тань ганц хүний нэрийг дэвшүүлсэн гэхээр та нар дундаас яг үнэндээ ганц Н.Учралд л итгэсэн юм шиг санагдаж байна. Хатгаас биш зүгээр энгийн дүгнэлт шүү?

-Тэрийг би Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өмнөөс хариулж мэдэхгүй байна.

-Та жишээ нь, Н.Учралд итгэж байна уу. Үеийнхнээсээ түрүүлж амжилттай улс төр хийж, УИХ-ын гишүүн болсон гэхээр хөндлөнгөөс нь харахад яах аргагүй толгой өндөр харагдах юм аа тэ?

-Итгэж ч байна. Өмнө нь сонгогд-сон ерөнхийлөгч нарыг харахад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн олонх нь байдаг. Тэр утгаар хуучин дэгээ баримталсан тал байгаа.

-НАМЗХ-г анх Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Я.Содбаатар тэргүүтэй нэг үеийн, нэг фракцын залуус байгуулж байсан гэдэг утгаар хөндлөнгөөс нь харахад удирдлага нь солигдсон ч яг л энэ улстөрчдийн хамаарлаас гарч чадахгүй байгаа юм шиг санагддаг. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгэс тооцох юм бол. Энэ дүгнэлтийг та хүлээн зөвшөөрөх үү?

-Ямар ч хүн төрүүлсэн хүүхдээ орхидоггүй биз дээ. Үүнтэй адил анх байгуулсан холбоогоо “Надад хамаагүй” гээд орхигдуулах нь өөрөө улстөрч хүний хувьд зүй зохисгүй хэрэг биз дээ.

Тэр утгаар ажил хэрэгт нь анхаарал хандуулж, зааж зөвлөх зүйл байлгүй л яах вэ. Сонгогдсон ерөнхийлөгч нарын хувьд би өөрийн тань асууж байгаачлан тэрний хүн, энэний хүн гэж хэлж чадахгүй.

Үе дундаа манлайлал үзүүлж чадах улстөрчдийг цаг үргэлж удирдлагадаа сонгож ирснийг нь бол харин хүлээн зөвшөөрнө. Түүхэн цаг үедээ “Тэмүүлэл” клубээс нь эхлээд МАСЗХ-г анх байгуулж байсан хүний хувьд таны нэр дурдаад байгаа энэ хүмүүсийн хэн нь ч НАМЗХ-г эвтэй, зөв байгаасай гэж хүсэх нь мэдээж шүү дээ.

Өөрөөр нас нь хэтэрчихээд байхад өөрсдөө эзэн сууж, холбооны дээр сандайлчихаад тэг ингэ гээд байгаа юм харагддаггүй. Тийм боломж ч байхгүй. Тэдний байгуулсан үеэс хойш зургаа дахь ерөнхийлөгч нь сонгогдож байна гээд бод л доо.

-Таны хувьд миний харж байснаар бол Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракцаас илүү ойр гэж ойлгодог байсан. Энэ удаад харин нөгөө талдаа гарчихав уу, яав?

-Намын гишүүнчлэл залуучуудын холбоондоо сонгогдоод ажиллахад миний, чиний хүн гэдэг ойлголт байхгүй ш дээ, уг нь. Монгол Улс чинь эрх чөлөөт ардчилсан орон биз дээ. Тэр дагуу л би сонголтоо хийж, шийдвэрээ гаргадаг. Мэдээж Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын тухайд яах аргагүй ойр дотно байдаг минь үнэн.

-Засгийн газрыг нь огцруулах үеэр та сошиалд нэлээн эсэргүүцлээ илэрхийлж, дуу хоолойгоо илэрхийлж байсан?

-Тэгсэн, тэгсэн. Тэрийг нуухгүй. Угаасаа л үнэн юм чинь юуг нь нуух вэ дээ. Харин намайг яг улс төрд оруулж ирсэн хүн бол УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Р.Нямсүрэн.

Дөрөвдүгээр курст байхдаа УИХ-ын гишүүний орон нутаг дахь бие төлөөлөгчөөр нь ажилладаг байлаа. Сарын 150 мянган төгрөгийн цалинтай, төрийн ордонд ордог үнэмлэхтэй. Их сургуулиа төгсөөд Үйлдвэр худалдааны яаманд Жижиг дунд үйлдвэрлэл, технологи хөгжлийн газар ажилд орох гэж байгаад Зүүн хараа руу шууд явж, Мандал сумын МАН-ын дэд даргаар ажлын гараагаа эхлүүлж байлаа.

-Үндсэн ажлаа намаас эхлүүлсэн гэхээр сонин л юм?

-2007 оноос эхлээд 2009 он хүртэл Мандал сумын МАН-ын дэд даргаар ажилласан гэхээр тэгж ойлгож болно л доо. Энэ хугацаандаа 2008 оны УИХ-ын сонгууль болон аймаг, сумын ИТХ-ын сонгууль болж, манай Мандал суманд МАН-аас нэр дэвшсэн бүх нэр дэвшигчид ялалт байгуулж байлаа. Сумандаа гэхэд 25 төлөөлөгчийн 20 суудлыг манай нам авч, 80 хувийн амжилт үзүүлсэн байх жишээний. УИХ-ын сонгуульд Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат агсан ялалт байгуулж байлаа.

-Яаж яваад ер нь шууд сумын МАН-ын дэд дарга болчихсон юм бэ?

-Суманд өрсөлдөөн харьцангуй гайгүй байсан цаг л даа. Дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн будаг нь ханхалсан 21-тэй залууг чинь ёстой гүйлгэдэг юм байгаа биз дээ. Өвдөгнөөс доогуур цагаан шороо болчихсон хэр нь костюмаа өмсөөд гүйдэг л байсан. Хэрэндээ өөрийгөө бас их мундаг болчихсон гэж бодно.

-Томилогдсон юм уу, сонгогдсон юм уу?

-Өө, бүр таван хүнтэй хамт нэр дэвшиж, тэргүүлэгчдийн олонхын саналаар сонгогдоод дэд дарга болсон хүн шүү, би чинь. Тухайн үед “Залуу хүн намд ажиллах гээд ирж байгаа нь сайн байна. Хөл гар нь ч хөнгөн биз. Ийш тийш гүйхэд” гэж үзээд намайг сонгосон шиг байгаа юм.

-Дарга бөгөөд цэрэг болсон байх нь?

-Ер нь бол тэгсэн хэрэг л дээ. Ёстой гүйх шиг болсон доо, харин чиг. Үүнийхээ хүчинд сумынхаа хамгийн залуу ИТХ-ын төлөөлөгчөөр 22 настайдаа сонгогдож байлаа.

-Дараа нь юу болов?

-Хот руу магистртаа сурахаар ирсэн.

-Ямар чиглэлээр?

-Монгол Улсын Боловсролын их сургуульд боловсролын удирдлагаар магистраа хамгаалсан. Тэр хугацаандаа БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын бие төлөөлөгчөөр ажилласан.

-Яаж яваад Сэлэнгийн залуу Булганы харьяат сайдын бие төлөөлөгч болчихсон юм бэ?

-Оюутан байхдаа намын Оюутны холбоонд нэлээн идэвхтэй ажиллаж, нийслэлийн МАН-ны дэргэд оюутны холбоог байгуулаад явж байхад Ё.Отгонбаяр дарга Нийслэлийн МАН-ын хорооны дарга байсан гэдэг утгаараа ойр дотно, таньж мэддэг, УИХ-ын 2004 оны сонгууль, Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулиудад удирдлагад нь ажиллачихсан учраас итгээд л бие төлөөлөгчөөрөө ажиллуулсан байх л даа.

Дараа нь намын Удирдах зөвлөлийн ажлын албанд ажилласан гээд миний хувьд ер нь намаараа нэлээн сайн дагнаж ажилласан байдаг юм.

Дунд нь, мэдээж нийслэлийн тэргүүний 23 дугаар сургуульд багшилсан, Чингэлтэй дүүргийн Бизнес хөгжлийн төвийн захирал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт газрын даргаар ажилласан гээд төрийн албаны туршлага бас байна аа.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажиллаж байх хугацаандаа аймгийн ИТХ-д нэр дэвшинэ гээд 2015 оны сүүлээр өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч, гараад ялалт байгуулж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсон доо.

-Одоо төрд ямар нэгэн ажил албан тушаал байна уу?

-Яг төрийн албанд ажилласан юм бол алга. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанид орлогч захирлаар ажиллаж байна.

-МАН-ын Бага хурлын гишүүнээр сүүлд сонгогдсон билүү?

-Үндсэндээ бол 2003 оноос хойш 15-16 жил намдаа зүтгэж байж, сая 28 дугаар Их хурлаас Бага хурлын гишүүнээр сонгогдлоо доо.

-Зарим нь их хурдан Бага хурлын гишүүн болчихдог биз дээ, уг нь?

-Крантай хүмүүсийн хувьд арай хялбар байх шиг байгаад байдаг шүү.

-Тэдэнтэй өөрийгөө харьцуулахаар бухимдах үе байх юм уу?

-Юунд бухимдах вэ дээ. Хүн зурсан зургаараа л явдаг биз дээ.

-Өөрийн тань кран юу юм бэ?

-Надад кран байхгүй. Ёстой өөрийнхөө хичээл зүтгэлээр шат шатны дамжлагаа дамжаад л өнөөдрийг хүрсэн маань миний хариултаас тодорхой харагдаж байгаа биз дээ.

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын тухайд хариулт өгөөгүй үлдээсэн шиг санагдаад байна. Сая?

-Намайг анх намд орж байхад Ж.Эрдэнэбат дарга Сэлэнгэ аймгийн Тамгын газарт Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн, аймгийн НАМЗХ-ны дарга байсан. Бид хоёр нэг нутаг, сумынхан.

Сэлэнгэ аймгийн залуучуудын холбоог маш сайн удирдсан, их чамбай удирдагч. 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болсон. Мандал сум тойргийнх нь сум. 2016 оны УИХ-ын нэг, Аймгийн ИТХ-ын долоон суудлын төлөө бид нэг баг болж ажиллаж. Мандал сумын МАН тухайн сонгуульд зуун хувийн ялалт байгуулсан. Энэ өөрөө түүхэн ялалт юм.

-Ерөнхий сайд болоод та нарыг хэр дэмжсэн бэ?

- Сэлэнгэ аймгийн хүн, нэг нутаг ус гэдэг утгаар бид нарыг төрд дарга, цэрэг болгох боломж байсан. Багийн гишүүн гэдгээр давуу тал олгосон юм байхгүй. Намын гишүүд маань ч “Энэ хэдийгээ дэмжинэ биз” гэж харж байсан байх. Тэр талд Ж.Эрдэнэбат дарга шударга хандсан. Мэдээж ганц нэг санал асуух, ярилцах зүйл байсан. Миний хувьд ч гэсэн төрийн албанд ажиллана гэж ажил алба нэхээгүй.

Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн салбарт ажиллаж, энэ салбарын чадварлаг залуусаас суралцаж, хамтдаа хөгжих нь сонирхолтой байсан учраас одоогийн ажилдаа дуртай очсон. Өөрөөр төрд дарга хийхийн тулд улс төр хийсэн бол магадгүй хүчээр ч болсон нэг газар очих л байсан байх.

-Тухайн үед Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад харамсаж байсан тэр харамсал тань эдгэрсэн үү?

-Эдгэрэл, өвчлөл энд нэг их байхгүй дээ. Би ямар УИХ гишүүн биш, надад бланк дээр гарын үсэг зурах, кноп дарах эрх байсан биш. Нэгэнт нам шийдвэрээ гаргасан. Намын гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар олонхын саналаараа сонгосон. Ийм байхад нам гэдэг үнэт зүйлд нэгдсэн бол олонх гишүүдийнхээ саналыг хүндэтгээд л явна.

Түүнээс өөрөөр “Манай нутгийн ахыг унагасан энэ хүмүүстэй насаараа үзнэ” гэдэг хандлага байж болохгүй шүү дээ. Юун төлөө намын гишүүн болсон билээ. Мэдээж тухайн үед харамссан уу гэвэл харамссан. Одоо бол ажил цаашаа явах ёстой. Энэ ажлыг хийнэ гэж авсан хүмүүс нь ажлаа хийх хэрэгтэй. Түүнд нь бид нар өнгөрсөн зүйлийн төлөө саад болоод байж болохгүй. Миний зарчим ерөөсөө л энэ.

-Намд хувь хүний бодлого гэж байдаг уу?

-Олонхын саналыг дагаж, цөөнхийн бодлыг хүндэтгэх гэдгээс өөрөөр нэг хүний бодлого гэж ямар ч намд байх боломжгүй л дээ. Ийм хандлага яваад эхлэхээр нам жинхэнэ утгаараа зөрчилдөж, сүйрэхэд хүрнэ.

-Нэг үе та “Иргэн Сайнжаргал” гэдгээрээ чамгүй улс төр, жагсаал цуглаан хийсэн дээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг гээд та хэдгүй жагсаал цуглаан сүүлдээ бараг байхгүй болж байсан санагдана. Нэг харахад намаа шүүмжлээд л, эргээд харахад Ардчилсан намыг шүүгээд л. Тэр үеийн улс төрийн жагсаалын идэвхтэй хөдөлгөөн та нарыг олон нийтэд багагүй танилцуулсан байж таараа. Яагаад тэгж гэнэтийн хөдөлгөөнд орсон юм бэ?

-2012 онд МАН УИХ төдийгүй орон нутаг, сум баггүй ялагдсан хүнд үе байсан. Ихэнх нь ялагдлын сургаар гадагшаа явчихсан. Намын байр эзгүйрчихсэн тийм л үе. Иймд намынхаа тухайд “Өмнөх баг нь хариуцлагаа хүлээ” гэдэг шаардлага тавиад “МАН-ын Шинэчлэлийн хороо”-г байгуулж, ажилласан.

Зарчмын шаардлага л тавьсан. Тэр дагуу тухайн үеийн удирдлагууд хариуцлагаа хүлээгээд ажлаа өгсөн. Энэ бол МАН-тай холбоотой шаардлагын тайлбар болчихно байх. Харин Ардчилсан нам буюу тухайн үеийн эрх баригч намд сөрөг хүчний хувиар МАН хяналтаа тавьж, шаардлагаа илэрхийлэх ёстой. Аль ч улс оронд улс төрийн эрх мэдлийн хуваарилалтыг дагаад ийм улс төр байдаг.

Бид нар тэр улс төрөөс гажиж, гажууд зүйл хийгээгүй. Эрх баригч намын алдаатай бодлогыг шүүмжилж, хэд хэдэн удаагийн акц хийж, жагсаал зохион байгуулсан. Намынхаа хийх ёстой ажлыг л хийсэн гэсэн үг.

-“Монголоо аваръя” хөдөлгөөн биз дээ?

-Тийм. Тэр бүх акц, жагсаалын үр дүн гарч, МАН УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад хувь нэмрээ оруулсан гэж боддог.

-“Иргэн Сайнжаргал” гэдэг тодотгол ямар учиртай юм бэ. Олонд танигдахын тулд бодож олсон тодотгол байв уу, эсвэл санамсаргүй зүүгдсэн тодорхойлолт байсан хэрэг үү?

-Миний твиттерийн нэр л дээ. Хууль зүйн дэд сайд байж байгаад сая буусан Б.Энхбаяр бид хоёр хамтраад 2013 онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн алдаатай бодлогыг иргэний хувьд шүүмжилж, Авлигатай тэмцэх газар, шүүх цагдаад гомдол гаргасан.

-Юуг нь шүүмжлээд байлаа?

-Ерөнхий сайд өөрийн мэдлийн төсвийн багцаасаа 500 сая төгрөгийг зарцуулахдаа хууль зөрчин, зориулалтын бус эх үүсвэрийг санхүүжүүлсэн гэдэг асуудлыг дэлгэж тавьсан. Түүнээсээ болж, цагдаад шалгагдаж байцаагдаж, хэрэг хүртэл үүсгэгдээд явж байлаа. Тухайн үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цагдаа, шүүхийн байгууллагад Эрүүгийн хуулийн 111.2 буюу хүндрүүлсэн зүйл ангиар шалгаж өгнө үү гэдэг өргөдлийг өөрөө гаргасан байдаг.

-Одоо тэр үеийг эргэн дурсахад юу бодогдож байв. Эрхтэй дархтай хүмүүстэй тэмцэнэ гэж зориг орсон байх юм уу. Эсвэл үр хүүхэд нялх, дэмий ч юм хийв үү гээд харамссан нь их байх юм уу. Нэг бол ингээд тэмцээд байхад нам намайг харна даа гэж итгэх юм уу?

-Мэдээж сэтгэл зүйн хувьд дарамттай байх үе байсан. Хууль, хүчний байгууллага эрх баригч хүчнээ дагаад асар их дарамттай байлгадаг юм болов уу гэж бодогдсон. Хувь хүнийхээ тухайд би журмын нөхөр Б.Энхбаяр хуульчдаа маш их итгэж байсан. Б.Энхбаяр маань хэзээ ч хууль бус шаардлага тавьж, хуулийн гадуур ажиллах хүн биш байхгүй юу. Тийм болохоор санаа зовох нь бага байсан. Харин ар гэрийнхэнд бол ёстой хүнд байдаг юм билээ.

“Хөөе гайгүй юу. Зүгээр үү” гээд байнга асууна. “Зүгээрээ л” гэнэ. “Надад итгээрэй. Би зөв зүйлийн төлөө, эх орныхоо, хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө явж байгаа шүү” л гэнэ. Ар гэрээ тайвшруулахын тулд тэрүүхэндээ бас их том том ярина аа.

Гэхдээ яг дотор хүндээ бол Ерөнхий сайд, хууль хүчний байгууллагын асар том хүчний өөдөөс тэмцэнэ гэдэг амаргүй л байдаг юм билээ. Тэрийг бол ёстой мэдэрсэн дээ.

-Гэхдээ асуудал нааштайгаар шийдэгдсэн биз дээ?

-Жил дөрвөн cap хууль шүүхээр явж, яллагдагчаар татагдчихсан байж байгаад ёстой үнэн ялна гэдгээр хэрэгсэхгүй болгосон доо.

-Одоо бодоход юу бодогдож байна. Эртэй байж, бяртай байж гэж санагдах юм уу?

-Б.Энхбаяртаа талархдаг, мэргэжилдээ эзэн хүндээ. Хууль зүйн талаасаа өөрсдөдөө итгэлтэй байсан, сайн хамтрагч. Магадгүй алдаа гаргасан бол өдийд хорих ял авчихсан сууж байхыг үгүйсгэх аргагүй.

-Хамтрагч гэснээс таны хамт жагсаж байсан хамтрагчдын тухай асууя л даа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, МАН-ын Улс төрийн газрын дарга Н.Батсүмбэрэл гээд нэр дурдаж болно. Хөндлөнгөөс нь харахад тэд өнөөдөр улс төрийн эрх мэдэл албан тушаалын хувьд танаас арай илүү харагдаад байна. Нэг ёсны тэднийг хараад нэг шат хоцорчихсон юм шиг сэтгэл танд төрдөггүй юу. Адилхан л цагаан хоолой барьж хашхирсан, шаардлага тавьсан, суулт хийсэн, майханд хоносон гээд бодохоор. Энэ гэхдээ миний гэхээс илүүтэй намынхны тань, найз нөхдийн тань зүгээс танд тавьдаг энгийн нэг харьцуулсан асуулт байх гэж бодоод асууж байна л даа?

-Хүн хүний хувь тавилангийн зураг өөр гэж би дээр хэлсэн. Дээр нь, миний сонирхол бас өөр. Би өөрийнхөө замаар л явж байгаа хүн. Мэдээж тухайн үед яг энэ мэт асуултыг тавьж хатгах хүмүүс байсан. Гэхдээ би хүний үгэнд хатгуулаад явдаг хүн биш, нэгд. Хоёрт надад тодорхой албан тушаал санал болгосон тохиолдол бий. Тэгэхэд нь миний зүгээс татгалзсан.

-Яагаад?

-Үнэнийг хэлэхэд “Би улс төрийн золиосонд очмооргүй байна аа. Баярлалаа” гэж хэлж байсан удаатай. Яагаад гэхээр би залуу хүн. Үр хүүхдийнхээ тайван амгалан ирээдүйг бас бодож улс төр хийх үүрэгтэй аав хүн, эцэг хүн, хүний хань. Намд ажилласан цаг хугацаа маань шат дараатай явж ирсэн замнал маань ч албан тушаалд дурлаж зүтгээгүй болохыг минь батлан харуулна гэдэгт итгэлтэй явдаг.

-Та бүхний зохион байгуулж байсан “Монголоо аваръя” хөдөлгөөн их л өнгөлөг, мөнгөлөг жагсаал харагддаг байлаа л даа. Ер нь жагсаал цуглаан хийхэд хэр их мөнгө ордог юм бэ. Хэн хаанаас санхүүжүүлж байв. Жагсагчдадаа цалин өгдөг байв уу гээд нэг ярилцлага өгснийх мэдээлэл өгөөч?

-Мөнгө гэхээс илүүтэй өнгөний сонголт их зөв болсон гэж боддог. Улаан дээр цагаанаар бичихээр их өнгөлөг тод харагддаг юм байна лээ. Жишээ нь, бид нар шиддэг майхан хэрэглэж байсан. Тэрийгээ Эрээнээс нэг ширхгийг нь 7,000 төгрөгөөр бөөндөж авсан.

Зургааг харьцах аравтай анонсыг 200 мянгаар хийлгэсэн. Нарантуул захаас улаан даавуу аваад өөрсдөө хайчилж, захыг нь оёсон байх жишээний. Улаан малгайгаа нэг ширхгийг нь гэхэд 500 төгрөгөөр авч байсан. Тэгэхээр асар их мөнгөний жагсаал гэж ярих нь утгагүй байхгүй юу. Жагсагчдыг гэхэд намын үүрүүд гишүүдээсээ бүрдүүлсэн байх жишээний. Ийм л энгийн байхгүй юу. Хүмүүс л бөөн мөнгө гэж хараад байгаа болохоос бус.

-Ерөнхийдөө ярилцлага өндөрлөж, асуултууд дуусч байгаа ч ярилцлагынхаа төгсгөл рүү НАМЗХ-ны тухайд асуухад та улс төр, хууль эрхзүй, зохион байгуулалт хариуцсан дэд ерөнхийлөгч, улс төр эрх зүйн хорооны даргын хувьд цаашид юу хийх вэ гэдэгт хариулт авая. Яриагтань сонсоод суухад МАН-д зүтгэсэн цаг хугацаа тань мэдээж хөдөлмөрийн насанд хүрсэн цагаас тань хойш үргэлжилсэн гэхээр улс төрийн чамгүй туршлага хуримтлуулсан байж таараа. Мөн намын гишүүдээ таних, лидерүүдтэйгээ хамтарч ажилласан давуу тал тань ч үүнд хамаарч таарна байх?

-Улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллага гэдэг утгаараа манай холбоо улс төрийн сайн зохион байгуулалтад орох ёстой. Үүн дээр сайн тогтож ажиллана. Удахгүй 2020 оны шат шатны сонгууль болно. Үргэлжлүүлээд Ерөнхийлөгчийн сонгууль болно.

Энэ бүхэнд хэнийг хаана байршуулах вэ, оролцоог нь хэрхэн хангах вэ гэдэг дээр анхаарч ажиллана. Нөгөө тооноор орж ирээд хоймор суудаг байдлыг хална. НАМЗХ-ны Байгаль орчны хороонд орсон бол цаашид энэ чиглэлээрээ карьер хөөх бэлтгэлийг хангана.

Эрүүл мэндийн хороонд ажилласан бол дараагийн удаад эрүүл мэндийн салбартаа ажиллах боломжийг нь бүрдүүлэхийн төлөө ажиллана. Өөрөөр, гэнэт уул уурхайн чиглэлд ажиллаж байснаа эрүүл мэндийн салбарт удирдах ажилтан хийгээд явж болохгүй. Тэгэхээр анхнаас нь улс төрийн карьер хөөх төлөвшилд нь дэмжлэг үзүүлнэ ээ л гэсэн үг.

-Сэдэв хазайсан асуулт байж магадгүй. Гэхдээ сонирхоод асуухад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр, Н.Учрал, О.Содбилэг нар тухай холбоог удирдаж байх хугацаандаа УИХ-аар Залуучуудын тухай хуулийг батлуулж чадсанд талархдаг уу. Тэд та нарын замыг энэ хуулиар дамжуулаад харьцангуй зөөллөж өгч чадсан шүү дээ. Зөвхөн та нар гэлтгүй дараа үеийн залууст ч гэсэн адилхан?

-Талархалгүй яах вэ. Үүнд хэн ч гомдоллохгүй байх. Хийсэн бүтээсэн зүйлийг нь бодитоор үнэлж дүгнэж талархах нь бид бүхний хувьд үүрэг. Энэ хэрээр алдаа дутагдлыг нь ч гэсэн засах нь бас үүрэг. Тэр үүрэгтээ л эзэн болж ажиллахыг хичээнэ дээ, цаашдаа.

Зураг