Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Техасын Эль Пасод зэвсэгт халдлага гарч, 20 хүний амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Иргэд нь галт зэвсэг эзэмших эрхээр хангагддаг АНУ-д өчигдөр өглөө бас нэг аймшигт аллагын хэрэг гарсан байна.

Техас мужийн Эль Пасо хотын Walmart дэлгүүрт нэг этгээд хүмүүс рүү гал нээснээс доод тал нь 20 хүн амиа алдаж, олон арван хүн шархджээ.

Тухайн үед хичээлийн шинэ жилд зориулсан худалдаа явагдаж байсан тул дэлгүүрт 3,000 орчим хүн байсан гэнэ.

Далласын ойролцоох Аллен дүүргийн оршин суугч 21 настай цагаан арьст залууг аллагын сэжигтнээр баривчилжээ.

Шархдсан хүмүүсийн дотор хоёр ба есөн настай хоёр хүүхэд байсныг эмнэлэгт хүргэсний дараа биеийн байдал нь тогтворжиж байгааг Техасын цагдаа мэдээлсэн байна.

Эль Пасо хот нь Техасын баруун хэсэгт Мексикийн хил дээр оршдог бөгөөд 680,000 орчим оршин суугчийнх нь 80 орчим хувь латин гаралтай хүмүүс байдаг.

Тиймээс аллагын зорилгыг арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй холбоотой байж магадгүй гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Мексикийн талаас өдөр бүр 23,000 гаруй хүн Эль Пасод ажил хийхээр хилээр орж ирдэг ажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болсон хэрэг явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд Холбооны засгийн газар Техас мужийн захиргаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг амласан байна.

Хэдхэн хоногийн өмнө Калифорнийн Гилройд болсон сармисны наадмын үеэр 19 настай залуу иргэдийн эсрэг зэвсэгт халдлага үйлдсэний улмаас гурван хүн алагдаж, 15 хүн шархдсан юм.

АНУ-д галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн улмаас өдөр бүр 100 хүн алагдаж, хэдэн зуун хүн шархдаж байгааг Everytown for Gun Safety байгууллага мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian