Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Майк Помпео Япон, Өмнөд Солонгосын талуудад маргаанаа шийдвэрлэхийг уриалжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Бангкок хотод болж байгаа ASEAN-ы гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын чуулганы үеэр өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Япон, Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд нартай уулзаж ярилцжээ.

Уулзалтын үеэр Майк Помпео Японы гадаад хэргийн сайд Коно Таро, Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Кюн Хва нарт хандаж, хоёр улсын хоорондын маргааныг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг уриалсан байна.

Гэхдээ тэр хоёр орны маргаанд АНУ зуучлагчийн үүрэг гүйцэтгэх сонирхолгүй байгааг илэрхийлжээ.

1910-1945 оны хооронд Солонгосын хойгийг Япон улс колоничолж байх үеийн түүхтэй холбоотой маргаан зөрчил хоёр хөршийн харилцаанд гүнзгий хямрал үүсгээд байгаа.

Өчигдөр Японы засгийн газар Өмнөд Солонгосыг тусгай технологийн материал импортлох эрхтэй орнуудын жагсаалтаас хасах шийдвэр гаргасан нь нөхцөл байдлыг улам дордуулсан юм.

Хариуд нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хатуу үгтэй мэдэгдэл хийхдээ “Бид дахиад Японд ялагдах ёсгүй” гэж хэлсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг байлаа.

Бүс нутгийн хоёр том холбоотны харилцаа муудсан нь АНУ-ын засаг захиргааныхны санааг зовоож байгаа. Гурван улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаанд саад үүсэх нь Умард Солонгос, Хятад зэрэг бүс нутгийн дайсагнагч орнуудад ашигтай юм.

Баасан гарагт Умард Солонгосын дэглэм ээлжит пуужингийн туршилтаа зохион байгуулсан нь сүүлийн найм хоногийн дотор гүйцэтгэсэн гурав дахь туршилт болсон байна.

Майк Помпеотой уулзахын өмнөх өдөр Япон, Өмнөд Солонгосын сайд нар ганцаарчилж уулзсан юм. Баргар царайтай сайд нар хоорондоо үг солилгүйгээр гар барьж эхэлсэн уулзалт үр дүнгүй болж, талууд өөр өөрийн байр сууринд хатуу зогссоор өндөрлөсөн байна.

 

Эх сурвалж: Kyodo News