Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Аравт морин цэргийн уралдаанд дөрвөн улсын цэрэг, дайчид оролцоно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Олон улсын “Аравт" морин цэргийн уралдааныг наймдугаар сарын 3-8-нд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар болжээ.

Тус уралдааны талаар Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, гадаад орнуудын зэвсэгт хүчний төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар "Орчин цагт морин цэрэг гэдэг нэр, төрөл хэрэглэгдэхгүй болсон. Энэ бол уламжлалт ойлголт. Тиймээс бид цэргийнхээ уламжлалыг дагаж Аравт морин цэргийн уралдаан гэж нэрлэсэн.

Энэ уралдааныг Монгол Улсдаа зохион байгуулах нь маш чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Уралдаанд Бүгд найрамдах Казакстан Улс, Бүгд найрамдах Киргиз Улс , ОХУ болон Монгол Улсын цэргийн алба хаагчид үндсэн оролцогчдоор оролцож, БНХАУ, АНУ, Вьетнам зэрэг улс ажиглагчаар оролцох юм" гэлээ.

Энэхүү тэмцээн маань хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах аж. Эхнийх шатанд тамирчид 130 километрийн зайд хоёр өдрийн хугацаатай мориор уралдах юм байна.

Сугалаагаар

  1. Казакстан улс,
  2. Киргиз улс,
  3. Монгол Улс,
  4. ОХУ гэсэн дэс дарааллаар гараанаас гарахаар болжээ.

Ингэхдээ зүгээр мориор уралдахгүй. Замдаа цэргийн хүний заавал гүйцэтгэх ёстой усан саад болон мини саадаар гарна. Мөн баг тус бүрээс хоёр цэргийн алба хаагч морь бугуйлдаж, уналагад бэлтгэхээс гадна молцог элсэнд хоноглох, сум галт хэрэгслээ морь ашиглан зөөх гэсэн төлөвлөгөөт сорилыг гүйцэтгэх аж.

Уралдаанд оролцогч бие бүрэлдэхүүнийг амрааж хооллох болон адууг услах, арчлахад зориулсан байруудыг тус тус урьдчилан бэлджээ.

Дараагийн шатанд багууд 7.2 километрийн богино зайд уралдах бөгөөд замын талыг явганаар туулж, гранат шидэх, саадын зурвас туулах, буудлага хийнэ. Харин тал замыг морьт тактикийн ажилагаануудыг гүйцэтгэх аж.

Энэ бэлтгэлийг хангахад Зэвсэгт хүчний 400 орчим цэргийн алба хаагч оролцоно. Мөн тэмцээний үеэр тамирчдын эрүүл мэндэд 24 цагаар анхаарал хандуулахаас гадна мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн тэмцээнд ямар нэг маргаантай асуудлыг гаргуулахгүйн тулд цэг бүрд камер суурилуулжээ.

Казахстан улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов "Ажлын хэсэг энэ оны гурав болон зургаадугаар сард хуралдсан.

Манай улсын тамирчид Таван толгойн сургалтын төв дээр байрлаж байна. Тамирчид маань Монгол Улсад байх хугацаандаа соёл газарзүйн онцлогтой нь сайтар танилцсан. Мөн зохион байгуулагч тал асар их бэлтгэл хийж, биднийг ирснээс хойш олон соёл, хүмүүжлийн арга хэмжээ зохион явуулсан.

Тиймээс тэмцээнд оролцож буй багуудын хооронд найрсаг, дулаан уур амьсгал бий болсон" хэмээн ярив.

Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн хэлтсийн сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев "Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй морин цэргийн уралдаанд оролцох гэж байгаад таатай байна. Энэ тэмцээн үүгээр зогсохгүй ирэх жил үргэлжилж оролцогч орнуудын тоо улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Бид өнгөрсөн сарын 19-нд уралдаан болох газарт ирсэн. Биднийг их найрсгаар угтаж авсан. Энэхүү тэмцээнд зөвхөн монгол морь ашиглах заавартай. Тиймээс бид хоёр долоо хоногийн өмнөөс монгол морьтой харьцаж бэлтгэл хийсэн" гэлээ.

Олон улсын цэргийн наадам нь анх 2015 онд ОХУ-ын Батлан хамгааалын сайд С.Шойгугийн санаачлагаар зохион байгуулагдаж эхэлсэн байдаг.