Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Ямар нэг зөрчилгүй л бол ХЭН ч автомашинтайгаа А бүс рүү нэвтэрч болно"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэж байаа бөгөөд эхний асуудал нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын тайлан байв.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Үүнтэй холбоотойгоор Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр Улаанбаатар хотын авто замыг гурван бүсчлэлд хуваах талаар НИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулсан юм.

Тэрбээр, Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, тэнцээгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хууль тогтоомжийн хүрээнд  ногдуулсан татвар, торгуулиа төлөөгүй, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг А, В бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг хэрэгжүүлнэ гэдгийг онцлов.

Мөн Лондон, Стокхолм, Сингапур, Милан, Берлин зэрэг дэлхийн томоохон хотоос гадна маш олон жижиг болон дунд хот замын хөдлгөөний бүсчилсэн  зохицуулалтыг хэрэгжүүлдэг.

Ингэхдээ тэд:

  • Агаарын бохирдлыг бууруулах бүсчлэл тогтоох,
  • Төлбөртэй зорчих бүс тогтоох,
  •  Тээврийн хэрэгслийн оврын хэмжээгээр бүсчлэл тогтоох,
  • Тээврийн хэрэгслийн насжилтаар бүсчлэл тогтооох хязгаарлах зэрэг үндсэн дөрвөн төрлөөр хэрэгжүүлдэг гэдгийг дурьдсан юм.

Энэхүү асуудлыг танилцуулж дууссаны дараа сэтгүүлчид Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр дараах асуултанд хариулт авлаа.

-Бүсчлэлийн асуудлыг яг хэзээнээс хэрэгжүүлэх талаар та тодорхой хугацаа хэлэхгүй юу?

- Жил бүрийн наймдугаар сарын 15-наас нийслэлийн замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ жил эрт нэмэгдэж байна.

Өнгөрсөн онд товчоодоор хотод ирсэн машинд тооллого явуулахад 8,9 дүгээр сард нийт 90 мянга орчим автомашин хотруу орж ирсэн байсан.

Харин одоогоор Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож буй орон нутгийн улсын дугаартай автомашиныг нь нийт хөдөлгөөнд оролцож байгаа автомашины таван хувийг эзэлж байна.

Энэ нь 17,000 орчим орон нутгийн улсын дугаартай автомашин гэсэн үг.

Тиймээс энэ сардаа багтаагаад авто замын ачаалал нэмэгдэхээс өмнө хэрэгжүүлвэл илүү ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Учир нь замын хөдөлгөөний ачаалал эд эхэлсэн үед хэрэгжүүлэх нь төвөгтэй нөхцөл байдал үүсгэнэ.

Бид наймдугаар сардаа багтааж, ачаалал илүү нэмэгдэхээс өмнө Улаанбаатар хотын автозамыг бүсчлэлд хуваах асуудлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. 

-Ачаалал ихэссэн үед харин бүсчлэлд хуваачихвал С, В бүсэд нь илүү түгжрэл үүсэх юм биш үү?

- Бид эхлээд Улаанбаатар хотын 2,300 орчим авто зогсоолыг 15,000 гаруй болтол нэмэгдүүлнэ. Түгжрэл гэдэг чинь өөрөө цогц арга хэмжээ учраас ямар нэг зүйлийг нь хийж болохгүй гээд орхих боломжгүй.

Судалгаанаас үзэхэд иргэдэд машин тавих зогсоол хомс байгаа учраас зогсоол хайж явсаар түгжирдэг. Тухайлбал, тухайн жолооч автомашинаа байрлуулах зогсоолыг 15-20 минут хайдаг бөгөөд ихгэхдээ 0-15 километрийн хурдтай явдаг гэсэн судалгаа байна. Энэ зогсоолын асуудал л замын түгжрэл үүсгэж байгаа болохоор бид хамгийн түрүүнд л зогсоолыг асуудлыг шийдэх юм.

Мөн шинээр нэмэгдэх зогсоолын төлбөр одоо байгаа төлбөрийн хэмжээнээс нэмэгдэхгүй.

Зогсоолын асуудлыг шийдсэнээр өдөржин төрийн байгууллага болон томоохон худалдааны төвүүдийн гадаа зогсдог машин байхгүй болно.

Өөрөөр хэлбэл тэд өдөрт 15-20 мянган төгрөг төлөөд зогсоол ашигладаг төрийн эсвэл үйлчилгээний байгууллагын ажилчид хэд байх вэ. Ингэж зогсохгүйн тулд тэд өөр сонголтууд хийж эхэлнэ гэж бодож байна. 

Бүсчлэл хэрэгжээд эхлэх үеэр бид нийтийн тээврийн үйлчилгээг дэмжинэ. Нийтийн тээврийн аюулгүй байдал, хурд, цаг хугацаа гэх мэт иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээнээс хүсэж буй бүх нөхцлийг бүрдүүлээд өгөх юм.

Үүний зэрэгцээ техникийн улсын үзлэгт ороогүй, торгуулиа төлөөгүй байгаа асуудал орж ирж байна. Бүсчлэлийн асуудалд автомашины техникийн хувьд хэн зөрчилгүй байна тэд автомашинаа унаад ямар ч асуудалгүй А бүс рүү нэвтэрч болно.

Харин зогсоол нь хүртээмжтэй байхад хориглосон газарт зогсвол хуулийн хариуцлага хүлээлгэж, автомашиныг ачуулах асуудал яригдаж эхэлнэ.

 

- А болон В бүсрүү нэвтрэх тээврийн хэрэгсэлд наалт наана гэсэн шүү дээ. Наалтыг хэрхэн наах вэ?

- Манайхан бүсчлэл гэхээр нээх шинэ юм гарч ирээд бүгдийг нь хорих гэж байна, А бүс рүү дандаа дарга нар орох гээд байна гэж ойлгоод байна. Тийм асуудал огт байхгүй.

Гол нь А, В бүсэд нэвтрэх автомашин нь техникийн улсын үзлэгт орсон, татвараа төлсөн, жолооч нь зөрчилгүй, торгуульгүй байх л хэрэгтэй.

Техникийн улсын үзлэгт орсон, татвараа төлсөн гэсэн наалт бий. Тэр наалтуудыг наалгасан байх бөгөөд бид өөр наах боломжтой наалтыг наана. Эсвэл наалт байхгүйд нь өмнө байсан наалтыг нэмж өгөх л асуудал яригдана.

Хамгийн гол нь тухайн жолооч хуулийн хүрээнд өөрийн үүргээ биелүүлсэн байхад А, В бүс рүү нэвтрэх наалт наалгахад ямар нэг хүндрэл учрахгүй.

Тэрнээс наалтыг наалгахад автомашины марк, насжилт болон жолоочийн ажлын чиг үүргийн онцлог байхгүй.

Ажлын чиг үүргийн онцлог гэвэл онцгой байдал, цагдаа, түргэн тусламж гэх мэт шуурхай албаны автомашин зөрчилгүй нэвтрэх эрхтэй.

Учир нь тэдгээр машин татвараа төлж, техникийн үзлэгт орсон байгаа. Тэрнээс өөр ямар нэг ялгавар гарахгүй.

-Тогуультай тээврийн хэрэгслийг А бүсчлэлд нэвтэрсэн тохиолдолд шалгаад давхар торгууль ногдуулах юм уу?

-Давхар торгууль ноогдуулахгүй. Түүвэрлэж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөрөө хариуцлага хүлээнэ.

Өнөөдөр нийслэлд 10-с дээш зөрчил, торгуультай нийт 63 мянган жолооч байна. Тухайлбал, гэрлэн дохио зөрчсөн, хүн тээвэрлэх норм зөрчсөн, уулзвар нэвтрэх журам зөрчсөн гэх мэтээр тус тусдаа торгуулиа төлдөг шиг торгууль ноогдоно гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, олон дүрэм зөрчсөн торгуультай байгаа автомашин бүсчлэлийн тэмдэг заалтыг зөрчин бүсчлэлд нэвтэрсэн тохиолдолд тэмдэг заалт зөрчсөн гэдгээрээ л торгууль нь нэмэгдэнэ. 

Нэмж хэлэхэд, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт авах арга хэмжээ, торгууль нь өндөр болсон. 

Учир нь судалгаанаас үзэхэд зарим жолооч нар бүр 1.2-1.5 сая хүртэл торгуультай байна. Гэвч улсын төсөвт орох ёстой тэр мөнгийг хэн ч шаарддаггүй. Торгуультай жолооч нар хууль зөрчөөд хөдөлгөөнд оролцоод яваад л байгаа болохоор энэ асуудал хурцдаад байгаа юм.

Тиймээс Цагдаагийн байгууллагаас хэт өндөр торгуультай, торгуулиас төлөөгүй удсан жолооч нарыг шүүхээр шийдүүлэх бодлого барьж байгаа гэсэн мэдээлэл байна. 

Ийм байхад бид яалт ч үгүй бүсчлэлийн хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Хууль дүрмээ мөрддөг байхад бүгд бүх бүсчлэл рүү орох боломжтой.