Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын эмэгтэйчүүд эрэгтэй харгалзагчгүйгээр гадаадад аялах эрхтэй боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийг хүртэл Саудын Арабын бүсгүйчүүд гадаад паспорт авах, гадаадад аялахдаа заавал нөхөр, эцэг, ах дүүс зэрэг ойр төрлийн эрэгтэй хүнийг харгалзагч, хамгаалагчаар дагуулж явах ёстой байв.

Тэгвэл өнөөдөр зарласан тус улсын эзэн хааны зарлигийн дагуу 21-ээс дээш насны бүсгүйчүүд ганцаар аялах эрхтэй болж байна.

Үүнээс гадна эмэгтэйчүүд шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэх, гэрлэлт, гэр бүл салалтаа бүртгүүлэх эрхтэй болжээ. Эдгээр үйлдлүүдийг өмнө нь зөвхөн эрчүүд гүйцэтгэдэг байсан юм.

Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед бин Салман төрийн ихэнх эрх мэдлийг авсны дараа тус улсын нийгмийг исламын хатуу дэг ёсноос алхам алхмаар салгаж байгаа.

Сүүлийн жилүүдэд энэ улсын бүсгүйчүүд анх удаа жолоо барих, спортын уралдаан тэмцээн үзэх эрхтэй болоод байна. Ханхүү 2030 он хүртэл улс орныхоо эдийн засгийг шинэчлэх бодлогыг 2016 онд зарласан бөгөөд энэ төлөвлөгөөний хүрээнд ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг одоогийн 22-оос 30 хувьд хүргэх зорилт тавьжээ.

 

Эх сурвалж: BBC