Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс Өмнөд Солонгосыг наймдугаар сарын 28-наас эхлэн “цагаан жагсаалт”-аас хасахаар боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Япон, Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд нар

Японы засгийн газар өнөөдөр өглөө хуралдаж, Өмнөд Солонгос улсын худалдааны онцгой нөхцлийг цуцлах шийдвэр гаргалаа.

Ингэснээр наймдугаар сарын 28-наас эхлэн Японоос Өмнөд Солонгост нийлүүлэх тусгай материалуудын экспортод хатуу шалгуур тавихаар болж байна.

Зэвсгийн үйлдвэрлэлд ашиглах боломжтой онцгой технологиор гаргаж авсан материалуудыг Япон улсаас импортлох эрхийг дэлхийн 27 орон эзэмшдэг юм. Тэдгээрийн “цагаан жагсаалт”-аас ийнхүү Өмнөд Солонгос хасагдахаар боллоо.

Өнгөрсөн сарын эхээр Японы засгийн газар мөн хагас дамжуулагч, гар утас, шингэн кристал дэлгэцийн үйлдвэрлэлд ашигладаг гурван төрлийн материалыг Өмнөд Солонгост нийлүүлэхдээ хатуу хяналт тавих шийдвэр гаргасан юм.

Өнөөдрийн шийдвэрийн үр дүнд онцгой материалыг экспортлох үйл явц зогсохгүй ч нэг бүрчлэн зөвшөөрөл авдаг болох бөгөөд зөвшөөрөл олгох хугацаа 90 хүртэл хоног үргэлжлэх юм байна.

Ингэснээр Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдийн материал, түүхий эдийн нийлүүлэлт удаашрах эрсдэл бий болж байгаа юм.

 “Цагаан жагсаалт”-аас хасах шийдвэрээ эргэж харахыг Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Кюн Хва өчигдөр Японы гадаад хэргийн сайд Коно Таротай Бангкокт уулзахдаа илэрхийлсэн ч ойлголцолд хүрээгүй байна.

Өнөөдөр сайд нар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог оролцуулан гурван талт уулзалт хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Ийнхүү зүүн Азийн хоёр хүчирхэг улсын хооронд өрнөж буй худалдааны дайн гүнзгийрэх шатандаа орлоо.

 

Эх сурвалж: Associated Press