Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Хятадын үлдсэн бүх бараа бүтээгдэхүүнд импортын татвар оноох болсныг зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп одоогоор импортын татваргүй байгаа Хятадын $300 тэрбумын бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн татвар оноохоор төлөвлөж байгаагаа зарлажээ.

Энэ мэдэгдэл дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний худалдааны зөрчлийг улам хурцатгаж байна.

Трампыг мэдэгдлээ твиттер сүлжээнд цацсаны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд огцом унажээ. Тэрээр Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авахаа нэмэгдүүлэх амлалтыг Хятадын тал биелүүлэхгүй байгааг шүүмжилж, өвчин намдаах зориулалттай фентанил эмийн нийлүүлэлтээ зогсоох шийдвэр гаргах гэж байна хэмээн Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг буруутгасан байна.

Дараа нь Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа уг 10 хувь нь хоёр орны яриа хэлэлцээрийн үр дүнгээс хамаарч 25 хувь болж нэмэгдэх боломжтой гэсэн юм.

Хэрвээ шинэ татвар хэрэгжиж эхэлбэл АНУ-ын зах зээлд нийлүүлэгдэх хүүхдийн хувцаснаас эхлээд гар утас хүртэл маш олон төрлийн бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлнө.

Трампын мэдэгдэлтэй зэрэгцэн татварын өсөлтийн сөрөг нөлөө Америкийн талд илүү хүчтэй тусна гэсэн болгоомжлол нэмэгджээ.

АНУ-ын гурван сая гаруй компанийг төлөөлдөг Худалдааны Танхим гаргасан мэдэгдэлдээ “Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар оноосноор хамгийн их хохирох нь Америкийн компаниуд, фермерүүд, ажилчид, хэрэглэгчид байх бөгөөд АНУ-ын эдийн засгийг унагах аюултай” гэж мэдэгдээд талуудад бүх татвараа цуцлахыг уриалсан байна.

Трампын эдийн засгийн ахлах зөвлөх асан Гэри Кон хэвлэлд ярихдаа хоёр гүрний худалдааны дайн АНУ-ын аж үйлдвэрийн салбар, хөрөнгө оруулалтад хүнд цохилт болохоор байгааг анхааруулжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдэл гарахын өмнөх өдөр тус улсын төв банк бодлогын хүүгээ сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа буулгах шийдвэр гаргасан нь мөн худалдааны дайны сөрөг нөлөөтэй холбоотой байв.

Америк-Хятадын засгийн газрын төлөөлөгчид Шанхай хотод хоёр өдрийн турш ээлжит яриа хэлэлцээгээ хийгээд Лхагва гарагт тодорхой үр дүн багатай өндөрлөсөн. Өөрийн төлөөлөгчдийг Вашингтонд буцаж ирсний дараа Трамп дээрх мэдэгдлийг хийсэн юм.

Гэхдээ хоёр талын төлөөлөгчид энэ удаагийн яриа хэлэлцээг амжилттай болсон, ирэх есдүгээр сард үргэлжлүүлж уулзахаар болсон гэж мэдэгдээд байна.

 

Эх сурвалж: BBC