2020/04/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,780.65₮
B30
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S26
14:00
S30
15:00
S30
16:00
S32
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Будзаан: Хүүхэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол жилээс жилд өсөж байна

Б.Оюунжаргал, Үндэсний шуудан
2019 оны 8 сарын 2
Үндэсний шуудан
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн гурван жилийн хугацаанд 2,833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4,922 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 14-19 насны хүүхдүүд бүлэглэн хулгай хийсэн тухай мэдээлэл өнгөрсөн лхагва гарагт цацагдсан. Тэд хулгай хийсэн эд зүйлсээ борлуулж, цахим тоглоомын газраар үйлчлүүлэх зорилготой байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон юм.

Энэ мэтчилэн хүүхэд гэмт хэрэгт холбогдож байгаа тохиолдол жилээс жилд өсжээ.

Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгоор Цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажил болоод хүүхэд гэмт хэрэгт холбогдоход нөлөөлж буй хүчин зүйл хор хөнөөлийн талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.

-Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн гаралт ямар түвшинд байна вэ. Цагдаагийн байгууллагаас хүүхэд хамгааллын ямар ажлыг хийв?

-Хүүхэд гэмт хэрэг үйлдэх тохиолдол жилээс жилд өсөж байна. 2000 оны үед хүүхдүүдийн дунд танхайрах, зодолдох гэмт хэрэг давамгайлж байсан. Гэтэл одоо хүүхэд эрүүгийн хуульд заасан 13 төрлийн гэмт хэргийг үйлдэж байна.

Тухайлбал, бусдын эд зүйлийг булаах, дээрэмдэх хүчирхийлэх, залилан мэхлэх, бусдын амь насыг хохироох зэрэг гэмт хэргийг зонхилон үйлдэж байгаа нь харамсалтай.

-Сүүлийн жилүүдэд хүүхэд цахим тоглоомд донтох тохиолдол их болсон. Энэ нь хүүхдийг гэмт хэрэгт холбогдох бас нэг шалтгаан болох уу?

-Тийм. Хүүхдүүд цахим тоглоомоос гэмт хэрэг хийх сэдэл их авч байна. Учир нь хүүхдүүд ямар нэг зүйлийг даган дуурайх их дуртай байдаг. Түүнчлэн хэн нэгэнд уруу татагдахдаа амархан. Хийж буй үйлдлийнхээ эцсийн үр дүнг нь тооцоолох чадвар сул байдгаас гэмт хэрэгтэн болох тохиолдол өсөж байна.

-2018 оноос хэрэгжиж эхэлсэн “Хүүхэд хамгаалагч” төсөл үр дүнгээ хэр өгч байгаа вэ. 2019 он гарсаар хүүхэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол өссөн үү эсвэл буурав уу?

-Цагдаагийн байгууллагаас Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч “Хүүхэд хамгаалагч” төслийг нэг жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа.

Үүний хүрээнд сурагчдад гэмт хэргийн хор уршгийг тайлбарлан эрх зүйн мэдлэг олгож ажилласан. Ингэснээр 2018 онд хүүхэд үйлдэж буй гэмт хэрэг 20 хувиар буурсан. Харин 2019 оны эхний таван сарын дотор хүүхэд үйлдсэн гэмт хэргийн гаралт 25 хувиар өссөн.

“Хүүхэд хамгаалагч” төсөл 700 сая төгрөгөөр хэрэгжиж байгаа. Одоогоор 496 сая төгрөг зарцуулсан. “School police” хэрэгжээгүй байхад сургуулийн орчинд жилд 300 орчим хэрэг үйлдэгддэг байсан. Ийн хэрэгжиж эхэлснээр жилд 15-30 хэрэг үйлдэгддэг болсон.

Өөрөөр хэлбэл, сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг 80 орчим хувиар буурсан. Харин гудамж талбайд хүүхэд гэмт хэрэг, халдлагад өртдөг, цэгүүдэд эргүүл ажиллуулж байна. 2019 оны сүүлчээр “Хүүхэд хамгаалагч” төслийн үр дүн гарна.

Энэ мэтчилэн хүүхэд рүү чиглэсэн нөлөөллийн ажлыг цагдаагийн байгууллага бие даан зохион байгуулахаас гадна олон субъектүүдийг хамруулбал хүүхдэд холбогдох гэмт хэрэг буурна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчийн оролцоо нэн чухал.

2017 онд “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн журмыг шинэчлэн батлуулсан. Үүний хүрээнд тус бүлгэмийн манлайлагч хүүхдүүд сурагчдын дунд тухайн хүүхдийн хандлагыг өөрчлөх, төлөвшүүлэх сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулан ажиллаж ирсэн.

Улсын хэмжээнд 650 орчим бүлгэм ажиллаж байгаа. Энэ бүлгэмийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор сурагчдын дунд тэмцээн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ирэх есдүгээр сараас энэ ажил хэрэгжиж эхэлнэ.

-Жилд хэчнээн хүүхэд шүүхээс ял, шийтгэл сонсдог вэ?

-Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө хариуцлага хүлээдэг хуулийн тогтолцоо бий. Хүүхэд гэмт хэрэг үйлдэх санаа сэдлийг насанд хүрсэн хүмүүсээс авдаг. Хүүхдүүд хариуцлагын талаар ойлголт дутуу. Жилд 300 орчим хүүхэд шүүхээр орж ял, шийтгэл сонсдог. Үүнд албадлагын арга хэмжээ орно. Энэ нь ялын нэг төрөл юм.

Гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн мэдээлэл Улсын ерөнхий прокурорын эрүүгийн хэргийн архивт бүртгэгдэж насан туршдаа хадгалагддаг. Гэмт хэргийн хор уршгийн нэг жишээ нь энэ юм.

-Хүүхэд гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь юу вэ. Эцэг эхчүүдэд юу гэж зөвлөмөөр байна?

-Мэдээж эцэг эхчүүд хүүхдэдээ буруу үлгэр дуурайлал үзүүлж хүмүүжүүлж чадаагүйн хор уршиг их бий. Мөн хүүхэд эрх зүйн мэдлэггүйгээс гэмт хэрэг үйлддэг. Цаашлаад насанд хүрсэн хүмүүс хүүхдийг гэмт хэрэгт уруу татах нь элбэг. Энэ мэт зүйлсээс хүүхэд гэмт хэргийн золиос болж байгаа.

Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн ар гэрийг судлаад үзэхээр хойд эцэг, эхтэй, архидалт, хүчирхийлэлтэй орчинд өссөн, цаашлаад эцэг эх нь гэмт хэрэгт холбогдож байсан гэх зэрэг нөхцөл байдалтай байдаг.

Гэр бүл салалт хүүхдийг буруу замаар ороход хамгийн ихээр нөлөөлдөг. Хуулиар тэдний гэр бүл дуусгавар болсон ч хүүхдээ хамгаалах үүрэг хариуцлага дуусгавар болдоггүй гэдгийг эцэг эхчүүд санах хэрэгтэй.

Хүүхдээ тэжээх, өсгөх,хүмүүжүүлэх үүргээ ухамсарлахгүй хүн олон байна. Үүнээс болж хүүхэд хайр халамж, хоол хүнс, гутал хувцсаар гачигддаг. Ингээд гэмт хэрэг үйлдэж буруу замаар ордог. Цаашлаад ахуйн хүрээний архидалт, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцах зан төлөвт суралцаагүй зэргээс гэмт хэрэг үүдэлтэй.

Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх эерэг дадал хэвшлийг өөрсдөдөө суулгаагүй. Саармаг аргаар хүүхдийг хүмүүжүүлж байгаа нь хүүхдэд сөргөөр нөлөөлдөг. Хүүхдээ зөв хүн болгож төлөвшүүлээгүй байж хүүхдээсээ сайн зүйл хийхийг шаарддаг. Энэ маш буруу зүйл. Үүнд эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.

x