Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

30 дугаар цэцэрлэгийн шинэ байр 240 хүүхдийн хүчин чадалтай ч 400 хүүхэд хүлээн авахаар төлөвлөжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн барилга 1964 онд ашиглалтад орж байжээ. 

Тус барилга таван бүлгийн 100 хүүхдийн хүчин чадалтай ч ачаалал нэмэгдсэнээр 256 хүүхэд хүмүүжүүлж байв. Гэвч ашиглалтад орсноос хойш 55 намрыг угтсан тус байр ашиглалтын шаардлага хангахаа больсон тул нурааж, энэ жил шинээр барьж буй юм.  

Шинэ барилга нь арван бүлэг буюу 240 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд багш нарын өрөө, эцэг, эхийн уулзалтын өрөө, урлаг заалтай. Мөн энэхүү барилгаас онцлох бас нэг зүйл нь газар хөдлөлийн есөн баллд тэсвэртэй аж. 

Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн эрхлэгч н.Баяртуяа “Манай хамран сургах тойрогт 664 хүүхэд бий. Шинэ барилга хэдийгээр 240 хүүхдийн хүчин чадалтай ч бид 400 гаруй хүүхдийг хамруулан сургахаар төлөвлөж байна” хэмээж байлаа. 

Ийнхүү 2019-2020 оны хичээлийн жилд 400 гаруй хүүхдийг угтан авах гэж буй цэцэрлэгийн барилгын явцыг тодрууллаа.

“Зэндмэнэ суварга” ХХК цэцэрлэгийн барилгыг барьж байгаа юм. Одоогоор гүйцэтгэл 80 орчим хувьтай байгааг тус компанийн Ерөнхий инженер Г.Өлзийбат хэллээ. 

Түүний хэлснээр сантехникийн холболт, ханын өрлөг, дээврийн ажил гэх зэргээр хуваагдан дөрвөн бригадын 40 гаруй хүн барилгын талбайд ажиллаж байгаа юм.  

Зураг төслийн буруу, зөрүүтэй тооцоолол, шугам сүлжээний асуудал 30 дугаар цэцэрлэгт ч мөн тохиолджээ. "Үүнээс болж, 40 гаруй хоногийг алдсан. Энэ хугацаагаа нөхөхийн тулд ажилчдаа уртасгасан цагаар ажиллуулж, есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Гэхдээ баттай амалж чадахгүй байгаа. Хэрэв бид хоног хугацаа алдаагүй байсан бол өдийд ашиглалтад өгөхөд тун дөхөх байв. Мөн блок их хүлээгдэж байна. Нэг удаадаа нэг л машин блок авч чадаж байгаа" хэмээн Ерөнхий инженер Г.Өлзийбат хэлж байв. 

Энэ мэтчилэнгээр зураг төсөл хийсэн компанийн алдаа мадаг, шугам холболтын буруу тооцооллоос үүдэн барилгын ашиглалтад орох хугацаанд өөрчлөлт орох тохиолдол 114 дүгээр цэцэрлэг, Баянгол дүүргийн IX дүгээр хорооны сургууль зэрэг барилгад ч мөн гарсан билээ. 

Тиймээс зураг төслийн компаниуд зураглал, тооцооллоо сайн хийх, түүнд нь харьяа байгууллагаас хяналт тавих нь цаашид барилгын явцад учрах саадыг арилгах чухал алхам болохоор байна.