Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ зэвсгийн туршилтыг Ким Жон Ун гардан удирдсан тухай Умард Солонгосоос мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө Умард Солонгос пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын арми мэдээлж байв.

Ердөө зургаа хоногийн өмнө тус улс ойрын тусгалын хоёр пуужин харваж, туршаад байсан юм. Тэгвэл Пёньяны төв хэвлэл өнөөдөр сүүлд хийсэн туршилтын талаар мэдээлжээ.

Тус мэдээнд өгүүлснээр энэ удаа Умард Солонгос олон пуужин зэрэг харвах шинэ системийг амжилттай туршсан гэнэ. Туршилтыг тус улсын удирдагч Ким Жон Ун гардан удирдаж, үр дүнд нь сэтгэл хангалуун байгааг мэдээлжээ.

Удахгүй уг шинэ зэвсэг нь хуурай замын байлдааны ажиллагаанд голлох үүрэгтэй ашиглагдаж эхлэх тухай мөн мэдээлсэн байна.

Туршилтын үеэр хоёр пуужин харвасан нь 30 км өндөрт хүрч, 250 км зайтай далайн усанд туссан тухай Өмнөд Солонгосын тал мэдээлжээ.

Энэхүү туршилтын талаар сэтгүүлчид АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоноос асуухад “Тив алгасах пуужин туршихгүй гэсэн Ким Жон Уны манай ерөнхийлөгчид өгсөн амлалтыг энэ удаагийн туршилт зөрчөөгүй. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах уулзалт хэлэлцээнд бэлдэж байгаагаа Ким Жон Ун зургаадугаар сарын 30-нд бидэнд хэлсэн. Бид Умард Солонгосоос хариу хүлээж байна” гэж тайлбарлажээ.

Зургаадугаар сарын 30-ны өдөр Дональд Трамп, Ким Жон Ун нар хоёр Солонгосын хил дээр уулзсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Пёньяны дэглэм ойрын тусгалын хоёр пуужин харвасан. Өмнөд Солонгосын засгийн газар АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулахаар болсныг эсэргүүцэж, Сөүлд сануулга өгөх зорилгоор уг туршилтыг гүйцэтгэснээ Умард Солонгос тухайн үед мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Associated Press