Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хүрэлбаатар: Монгол Улс тогтвортой гулсаж, уруудаж байна

Үндэсний шуудан сонин
2019 оны 8 сарын 1
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Комментатор” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбат Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатартай цаг үеийн сэдвээр хөөрөлдсөнийг буулган уншигчдадаа хүргэж байна.

-Ерөнхий аудитор гэдэг бол цорын ганц албан тушаал. Та 2017-2019 оны хооронд Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан туршлагатай. Ингэхэд Ерөнхий аудитор гэж хэн бэ?

-Ерөнхий аудиторыг Төрийн аудитын тухай хуулиар УИХ-аас зургаан жилд нэг удаа томилдог. Мөн тухайн хүнээ дахин нэг удаа улируулан томилох боломжтой хуультай. Аудитор гэдэг үг нь танхимыг сонсох гэсэн санааг агуулсан аудит гэсэн латин үгнээс гаралтай. Лабораториор зүйрлэвэл анализ дүн шинжилгээ хийгч юм уу даа.

-“Аудитор хэр хүлээн авав. Нааштай юу” гэж заал танхимын уур амьсгалыг уран бүтээлчид асуудаг байсан нь санаанд буулаа. Тэгэхээр“аудитор” гэдгийг олон нийтийн уур амьсгал гэж бас “орчуулж” болох нь ээ.

-Нэг талаас тэгж тайлбарлаж болно. Аудит гэдгийг төрийн ба хувийн хэвшлийн компанийн үйл ажиллагаанд мэргэжлийн, хөндлөнгийн дүгнэлт хийж түүнийгээ иргэд, олон нийтэд үнэн зөвөөр нь сонсгодог тайлан гэж ойлгож болно.

Төрийн аудитын хуулиар гүйцэтгэлийн, нийслэлийн, санхүүгийн гэсэн гурван төрлийн аудитыг хийдэг. Хууль тогтоомжийн хэрэгжилт, тэрхүү үйл ажиллагаа хуульдаа нийцэж байна уу, үгүй юу, бусад хуультай хэр уялдаж байна, хуулиуд хоорондоо нийцэж байна уу гэдгийг аудитын байгууллага шинжилж дүгнэдэг.

МУ-ын Үндсэн хууль, түүнийг дагаад гарч байгаа бусад органик хуулиуд нь өөр хоорондоо нийцэж байна уу гэдэг бол аудитын байгууллагын хийх ажил. Процессын хууль ч энд хамаарна. Хууль бүрийн талаар аудитын дүгнэлт гаргаж байх ёстой. Монгол Улс тодорхой хугацаанд энэ үүргээ орхигдуулсан. Дөнгөж саяхнаас л хууль эрх зүйн орчныг өөрчлөх ажлын бэлтгэл хийгдэж эхэлсэн.

Өнөөдрийг хүртэл үйл ажиллагааны алдааг илрүүлж байна. Гэтэл бодлогын алдаа гэж байна. Тэр алдаа өөрөө илэрдэггүй. Бодлогын тэр алдааг илрүүлдэггүй тогтолцоо манайд оршиж байна.

Өнөөгийн Монголын аудитын үйл ажиллагаагаар байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг л хөндлөнгөөс шалгаж, зохих дүгнэлтийг гаргаж өгч ирсэн. Гэхдээ энэ үзлэг шалгалтаар хэрэгжилтийн алдаа оноо л харагдахаас, бодлогын алдаа огт ил гарахгүй.

-Таны хувьд Ерөнхий аудиторын албан тушаалд томилогдсон цөөн хүний нэг. Ялсан нам томилдог учраас асуудал үүсдэг л байх. Бас эзэндээ үйлчлэх тогтолцоо бат бөх оршсоор буй. Тэгэхээр энэ байгууллагыг яаж зөв голдрилд нь оруулах ёстой вэ?

-Очиж байж л сайн, муу талыг нь мэдэх юм даа. Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдож богино хугацаанд ажиллахдаа нэг л зүйлийг хийх ёстой гэж олж харсан. Бодлого дээр нь аудит хийдэг болъё гэсэн санааг дэвшүүлсэн

 Энэ зорилтод хүрэхийн тулд Төрийн аудитын тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Тэрхүү нэмэлт, өөрчлөлтийг, төрийн аудитын тухай бодлогын бичигтэй хамт УИХ-д өргөн барьсан.

Төрийн аудитын хараат бус байдлыг хангах нь маш чухал. Ийм зүйл заалтыг Үндсэн хуулиар заавал хуульчилж, баталгаажуулах шаардлагатай.

Төрийн аудит гэдэг нь олон нийтийн төлөөлөл. Таны үеийнхэн сайн мэднэ. Ардын Хянан Шалгах Хороо гэж ард иргэдийн өмнөөс төрийн өндөр албан тушаалтныг хянадаг, шалгадаг, хариуцлага тооцдог байгууллага байсан шүү дээ.

Бүх шатны Төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагааг хянадаг байсан. Буруутай, буруугүйг нь олж тогтоож, хариуцлага тооцож чаддаг ийм хүчтэй байгууллага байсан. Одоо ийм байгууллагыг ард иргэд нэхэж байна.

Харамсалтай нь, ард иргэдийн өмнөөс хяналт тавьж ажилладаг тэрхүү байгууллагыг 1990 оны ардчиллын давалгаагаар татан буулгасны горыг монголчууд өнөөг хүртэл амсаж байна. Ардчилал нэрийн дор анархизм бий болсон.

Хөндлөнгийн хяналтын тогтолцоогоо устгасан. Улс нийтийн өмчийг “өмч хувьчлал” нэрийн дор мэдээлэлд ойрхон байсан цөөн эрх мэдэлтнүүд хувааж авцгаасан. Дийлэнх ард иргэд хоосон хоцорсон ийм л үйл явдал өрнөсөн. Аливаа нийгэмд хяналт, тэр тусмаа Олон нийтийн хяналт заавал байх ёстой. Хууль нь ч хэрэгждэг байх учиртай.

Хариуцлага тооцож, сахилга бат сахиулахын тулд хэн, ямар алдаа гаргасныг тогтоох ёстой. Үүнийг ард иргэдийн төлөөллийн байгууллага аудитын байгууллага л хийнэ.

Алдаа, завхралыг хэн гаргасныг тогтоож байж шударга ёсыг бий болгоно. Ашиг сонирхлын зөрчилтэй, захиалгат хууль гаргачихсан байхад түүнд дүн шинжилгээ хийж, алдааг тогтоох байгууллага Монголд алга. Хоосон шүүмжлээд хол явахгүй шүү дээ.

Зөрчлийн тухай хууль өөрөө зөрчилтэй гэдэг нь амьдрал дээр илэрч байна. Амьдралд нийцэхгүй алдаа бүхий ийм хууль маш олныг дурдаж болно. Хуулиас гадна дүн шинжилгээ хийх олон гэрээ байна.

Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээ, Ашигт малтмалын тухай хууль, түүн дээр дагалдаж гарсан татварын хуулиуд зэрэг бодлогын асуудал орсон олон хуулийг нэрлэе. Үүнийг л бид аудит оруулаад хэдэн оны ямар хуульд, хэн , ямар өөрчлөлт оруулаад өнөөдөр Оюутолгойн гэрээ ийм асуудалтай болсон юм бэ гэдгийг баталсан хуулиас нь хөөж нягтлан шалгах ёстой.

Бид гэрээний хүрээнд яриад буй нь өнгөц асуудал. Углуургаар нь шалгах ёстой.

-Оюу Толгойн гэрээнд аудит хийх шаардлагатай гэж Ерөнхий аудитор байхдаа хэлж байсан. Мөн УИХ-ын гишүүдийн батлаад байгаа хууль тогтоомжуудыг аудитын байгууллага үнэлж, дүгнэн шинжлэх ёстой ч гэж байр сууриа илэрхийлж байсан. Энэ нь хяналтгүйгээр дураар авирлаж ирсэн бүлэг хүмүүст таалагдаагүй байх магадлалтай. Таныг үүрэгт ажлаас чөлөөлөх шалтагч болсон байх. Алдааг хэлж шүүмжилж буй, хэлж ил болгох гэж буй хүнд хэн ч дуртай хандахгүй нь лав.

-Санал нэг байна. Гэхдээ л Монгол Улсаа бодож буй хүн бол зөв зүйтэй шүүмжийг хүлээж авч л таарна. Алдаагаа ч залруулна. Тийм сэтгэлгүй бол өөр хэрэг. Аудитын байгууллагын зорилго бол хэн нэгэнд арга хэмжээ авахдаа биш.

Аль болох эрт алдаа дутагдлыг нь илрүүлж, бага алдсан дээр нь алдаагаа засах боломжийг шийдвэр гаргагчдад олгохыг зорьдог. Санаатай, санаандгүй алдаж болно. Түүнийг л засахад гол учир оршино.

Мэдээж санаатайгаар, зориудаар алдаа гаргаж улсад хохирол учруулсан тохиолдолд хуулийн дагуу зохих хариуцлагыг тооцох нь ойлгомжтой. Санамсаргүй байвал түүнийгээ засаад цааш нь явчихна. Эцсийн дүнд Монгол Улс, монголчууд л хожно.

Аудитын байгууллага зөвөөр оршин тогтнох нь эдийн засгийн төдийгүй улс төрийн ч ач холбогдолтой.

УИХ-ын гишүүнийг сонгож болсон юм чинь, бас огцруулдаг, буцааж татдаг больё гэдэг саналыг ард иргэд гаргах болов. Үүнийгээ хуульчилъя гэж буй. Хариуцлага тооцдог тогтолцоог ард иргэд нэхэж буй нь зөв.

Харин хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг сайтар тунгаавал зохино. Хэн нэгэн “татъя” гэсэн зоргоор гишүүнийг буулгаад байж болохгүй. УИХ өөрөө өөрийгөө шалгаад, татдаг байж бүр болохгүй. Бүрэн эрх бүхий УИХ-ын гишүүнийг мөрдөн байцаагч, шүүгчийн хэн нь ч шалгах эрхгүй. Тэгэхээр төрийн түшээдийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих нэг л байгууллага зайлшгүй нэхэгдэж байна.

Тэр нь, миний харж буйгаар аудит юм. Аудитын байгууллагын үүрэг зорилгыг ингэж шинэчлэх нийгмийн захиалга ирж байна. Аудит бол өөрийн үндсэн чиг үүрэгтэй, мэргэжсэн мэргэжлийн багтай, олон улсад зөвшөөрөгдсөн стандарттай, ажлын арга зүйтэй. Шаардлагатай бол Олон улсын аудитын байгууллагаас мэргэжлийн дэмжлэг туслалцааг ч авдаг ийм туршлага бий.

Улс төржихгүй, эрх мэдэлтнүүдийн улс төрийн захиалгаар шийдвэр гаргахгүй, олон нийтийн өмнөөс бие даасан, хөндлөнгийн дүгнэлт гаргах цорын ганц байгууллага. Тиймээс ч, миний бие ерөнхий аудитороор ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын аудитын байгууллагыг бэхжүүлж, дээрх жишгээр хөгжүүлэх саналыг боловсруулж, түүнийгээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр тусгаж, хуульчилж өгөх хүсэлтээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын хэсэгт хүргүүлсэн.

Аудитын байгууллага бол ард иргэдийг төлөөлж, төрийн бүх шатны албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, хариуцлага тооцох, түүнийгээ олон түмэнд тайлагнах эрх бүхий цорын ганц байгууллага. Тиймээс энэ байгууллагыг нүдний цөцгий мэт хамгаалах хэрэгтэй.

Өнөөдрийн туршлагаас харвал, ерөнхий аудиторыг хууль бусаар халах, тэр бүү хэл аудитын байгууллагыг ч татан буулгах магадлалтай. Ингэж дураар авирлаж ирсэн, цаашид ч үргэлжлэх аюултай. Нэг хууль гаргаад л татан буулгаад, нэг хууль гаргаад, улсын өмчийг өөрийн болгож ирснийг түүх гэрчилнэ.

1990 онд өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байх ёстой гэж хуульчлаад “Ардын эрх сонин”-г татан буулгасан. Түүний дараагаар улсын томоохон өмч хөрөнгийн хуваарилалт хийгдсэн. Ямар ч хяналтгүйгээр.

Аудитыг жинхэнэ утгаар нь хөгжүүлбэл, ямар чухал байгууллага болохыг ард түмэн ойлгож, мэдэрнэ. Дэмжлэг ч авна гэдэг нь харагдаж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ард нийтийн дунд явуулсан санал асуулгаар “Ард түмний хяналт байх ёстой” гэдэг саналыг нэг зуу гаруй мянган иргэн дэмжсэн байсан. Гэтэл энэ санал нэмэлт өөрчлөлтөөс нь хасагдсан.

-Зохион байгуулалттайгаар, бүр тодорхой зорилготойгоор төрийн аль нэг байгууллагыг татан буулгаж өөрийн санаагаа хэрэгжүүлж байна гэдэг таны үзэлтэй би санал нэгдэж байна. Миний санаж байгаагаар, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх жил, УИХ-д суудалтай бүх улс төрийн нам эвсэж, Эвслийн нэртэй Засгийн газар байгуулсан. Тэр Эвслийн Засгийн газрын хийсэн нэг ажил нь Төрийн өмчийн хороог татан буулгасан. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд, З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байсан үе. Зорилго нь Монгол Улсын эдийн засгийн цорын ганц саалийн үнээ болсон Эрдэнэт үйлдвэрийг улс төр-эдийн засгийн бүлэглэл өөртөө “халаасалсан”. Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан МАН-ын гишүүн Ж.Эрдэнэбат 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Ерөнхий сайдаар томилогдсон. Төрийн өмчийн хороог татан буулгаснаар Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг Сангийн Яам хариуцах болсон. Ингэж зохион байгуулалттайгаар ажиллаж ирсэн. Яг үүнтэй ижлээр хяналтын байгууллагыг үгүй хийж, эзэнгүйдүүлж байгаад завшдаг туршлагыг бид харж байна.

-Хуулийг нь өөрчилнө. Тэгээд хуулийн дагуу “ хийдэг"’. Үүний цаана ямар “операция “явагдаад байгааг жирийн иргэд мэдэх боломжгүй. Үүнийг аудит л, хууль хяналтын байгууллага л шинжлэн тогтооно.

Ашиг сонирхлын зөрчилтэй хууль баталж буй гишүүдтэй хариуцлага тооцох цаг болсон. Хоосон хардлага, шүүмжлэл явцгүй. Саармагжуулахын нэмэр. Ард иргэдийн гомдлыг шалгаж, мухарлах хяналтын байгууллага зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

-Хэвлэл мэдээллийн байгууллага тодорхой хэмжээнд зарим нэг фактыг ил гаргаж ирдэг. Тэр нь дутуу дулимаг учир дорхноо саармагждаг.

-Хэцүү шүү, яг үнэндээ. Хэвлэл мэдээллийнхэн миний хэлэхийг зөвөөр ойлгоорой. Би бүгдийг нь худалдагдсан, захиалгаар ажилладаг гэж хэлэхгүй. Гэхдээ л Хэвлэл мэдээллийн зарим байгууллагууд өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй.

Цаанаа бас эзэдтэй, захиалгаар ажилладаг. Тийм хэвлэл мэдээлэлд 100 хувь итгэхэд бэрх. Гэтэл төрийн аудит бол ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн, бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчинтэй байгууллага.

-Саяхны өдрүүдэд “Хонх-ны дуу” -ны зохиогч, сэтгүүлч Цогтсайханы Японы сурвалжлагчид өгсөн ярилцлагыг эргэн үзлээ. 1990 оны ардчилсан хөдөлгөөнийг сурвалжлахаар Монголд ирсэн япон сэтгүүлчийн “Юу болов? Энэ хөдөлгөөн Та нарт юу авчрав ?” гэсэн асуултад, ердөө л ганцхан жилийн дотор Монгол Улс чөлөөт иргэнтэй , улс төрийн чөлөөт сонгуультай, олон намын тогтолцоотой, чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэлтэй боллоо. Алсдаа Монгол Улс хараат бус, бие даасан улс болно” гэж Цогтсайханы сэтгэлээ онгойтол хэлэхийг дахин сонслоо. Ингэж хэлж , мөрөөдөж байсан Цогтсайхан сэтгүүлч өөд болж, энэ бүхнээ харах тавилан байсангүй. Гэвч түүний хэлсэн ярьсан үлджээ. Түүний 1990 оны үед хэлсэн зүйлээс юу ч үлдсэнгүй, харамсалтай нь. Хараат бус хэвлэл үндсэндээ устсан, том том хэвлэлүүд ардаа эзэнтэй болсон гэдэгтэй санал нийлж байна. Хуулийн дагуу гээд ард иргэдээсээ чөлөөт сонгуулийг нь булаагаад авчихсан. Хараат бус, бие даасан тусгаар улс болно гээд Оросын цэргийн баазыг хөөж гаргасан. Гэтэл Монгол Улсын эдийн засаг 90 хувь нь зөвхөн Хятад Улсаас хамааралтай болсон байна. Ийм нөхцөлд бие даасан улсын тухай ярих нь хангалтгүй юм. Ингээд харьцуулахаар 1990 оноос хойш Монголын нийгэм урагшилсан биш, ухарчээ. Та надтай санал нэгдэж байна уу. Ерөнхий аудитор гэдэг бол улсын хөгжлийг алган дээрээ тавьсан мэт харж байдаг хүн гэж би ойлгож байна.

-Ерөнхий аудитороор хоёр жил гаран ажиллахдаа Монгол Улсын бүх салбарыг үзэж тэмтэрч, аудит хийн судалж, бүх мэдээллийг бүхлээр нь харсан. Мэдээж нууцын зэрэглэлтэй зүйл бий учир бүгдийг дэлгэх боломжгүй.

Дэвшил бол байна. Барилга байшин, дэд бүтэц, унаа машин, хотын гудамжны өнгө төрхөөс энэ дэвшлийг төвөггүй харж болно. Тэгэхдээ дэвшил бол хөгжил биш. Хөгжлийг олон талаас нь харах хэрэгтэй. Тэгж байж, ухарч байна уу, урагшилж байна уу гэдгээ тогтооно.

Тогтвортой хөгжлийн тухай УИХ, Засгийн газраас олон жил ярилаа. Тэгвэл, тогтвортой хөгжөөд байна уу. Эс бөгөөс тогтвортойгоор уналт руу яваад байна уу гэдгээ тунгаах ёстой.

Алсын хараагаа одоо хүртэл зөв тодорхойлж чадаагүй, 2030 оныг хүртэл гаргасан хөгжлийн цогц бодлогоо зөв зохистой эсэхийг нь ч мэдэхгүй явж байгаа шүү дээ. Улс төрийн намууд дөрөв дөрвөн жилээр ээлжлэн төр бариад, Засгийн газар нь жил жилийн настай солигдоод, эмх замбараагүй байдал бий болоон.

Маш үрэлгэн. Улсын төсвийн хөрөнгийг үргүй цацах, хяналтгүй зарцуулах ажил явагдаж байна. Эхлүүлсэн ажлаа дуусгалгүй орхидог. Гэтэл нөгөө талд нь дахиад л эхлүүлдэг ийм жишээ тоо томшгүй. Тогтвортой хөгжил биш, эсрэгээрээ тогтвортой уналт ноёрхож байна гэж дүгнэж болох.

Энэ бүхнээс дүгнээд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын талаар аудит хийхээр зэхэж байсан ч ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ Монгол Улс, монголчууд өнөөдөр яг ямар нөхцөлд байна гэдгээ тогтоох нь чухал. Улс орныхоо үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нөхцөл байдлаа мэдэж байж, цаашид хэрхэн хөгжихөө тодорхойлно.

Хэдэн шилэн барилга барих, гаднаас хөрөнгө оруулалт татах нь хөгжиж байна гэдгийг тодорхойлох хангалттай үндэслэл болохгүй. Хөгжиж байгааг ард иргэдийн амьдралын түвшингээс харна. Өнөөдөр ард иргэдийн маань ихэнх нь ядуу, зүдүү амьдарч байхад улс хөгжиж байна гэж хэлэх нь басамжлал.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүчээр хийх гэж байна. УИХ-д байгаа 62 гишүүн өөрчлөлтийг дэмжиж гарын үсгээ зурчихсан. Ерөнхий сайд дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ерөнхийлөгч өөрийн зүгээс саналаа өгчихсөн. УИХ-ын дарга зөвшилцөл гэсэн талаасаа дэмжээд орчихсон. УИХ, Засгийн газар, Монгол Улсын ҮАБЗ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад бэлэн болжээ гэж харагдаж байна. Ард иргэдийн санал гэдэг ёс төдий зүйл үлдсэнийг эрх баригчид “гүйцээж” байна. Миний хувьд нэг нам УИХ-д давамгайлсан энэ цаг мөчид Үндсэн хуульд гар хүрэх нь тийм ч оновчгүй гэдэг байр суурийг баримталдаг. Гэхдээ нэмэлт өөрчлөлтөөр нийгэм хоёр өөр байр суурьт хуваагдлаа. Парламентын тогтолцоог устгах хортой үр дагавартай, хоёрхон намын тогтолцоог дэмжсэн Үндсэн хуультай болох нь гэж зарим хэсэг нь эмзэглэж буй.

-Яг энэ өөрчлөлтөөр бол улс орон хөгжиж дэвжихгүй. Бодлогын томоохон өөрчлөлт огт тусгагдаагүй. Ердөө л өнөөдрийн тулгамдаж байгаа асуудлаа зохицуулах гэсэн өөрчлөлтүүд төдий зүйл.

Гэтэл энэ нэмэлт өөрчлөлтөөр үүсээд буй асуудлуудаа зохицуулж чадах уу гэдэг нь өөрөө асуудал болсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх гэж байна. Үндсэн хууль өөрөө цогц.

Нэг газар нь өөрчлөлт хийхээр хоорондын уялдаа холбоо нь байхгүй болчихдог. Тэгэхээр дагалдаж өөрчлөгдөх зүйл нь орхигдчих дутагдалтай. Үндсэн хууль бол монголын ард түмний эв нэгдлийн гэрээ. Хамтаараа хууль эрх зүйн орчин, дүрмээ бий болгоод эх орон газар нутагтаа ажиллаж амьдаръя гэж л байгаа хэрэг. Энэ бол нэг ёсондоо Монголын ард түмний эвлэрлийн, эв нэгдлийн гэрээ юм.

Тухайн үед энэ шинэ үндсэн хуулийг батлахдаа нийт ард түмнээс сонгогдсон олон зуун депутатууд улс орны өнцөг булан бүрээс ард иргэдээ төлөөлөн ирж, олон өдөр хоног ярьж, хэлэлцэж байж баталсан.

Америк улс бол 13 жил хэлэлцэж байж баталсан байдаг. Батлах гэж яарах биш. Ард түмнээрээ нээлттэй, өргөн хэлэлцэх ёстой. Санаснаар болдог бол ард түмний төлөөллөөс бүрдэх Их хуралдайг зарлан хуралдуулж саналыг нь нэгтгэн тусгах нь зөв.

Тэр төлөөлөл нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгын төслөө эцэслээд, түүнийг нь ард иргэд дэмжиж нэгдэж чадах юм бол Үндсэн хуулийг амархан батална. Тэгж чадаж гэмээнэ ард түмэн л хожно. Эс бөгөөс нөгөө л бүлэглэл хожих юм.

Нэг зүйлийг тодруулахад, Үндсэн хуулийн гол үзэл санаа нь иргэний ардчилсан, хүмүүнлэг нийгмийг цогцлооно” гэж томьёологдсон. Би хувь хүнийхээ хувьд энэ үзэл санааг ч өөрчлөх ёстой гэж үздэг. Энэ үзэл санаанд тусгагдсан “Ардчилсан, хүмүүнлэг нийгэмлэг"’-ийн замаар 30 жил бэдэрлээ шүү дээ.

Үр дүн нь юу байна? Ард иргэд аз жаргалтай сайхан амьдарч байна уу? гэж асууя. Хүн төрөлхтөн аз жаргалтай, амар тайван амьдралыг л хүсдэг. Энэ л эцсийн зорилго. Тиймээс ардчилсан, хүмүүнлэг нийгэм гэдэг бол эцсийн зорилго ч биш, Үндсэн хуулийн маань үзэл баримтлал ч биш гэж үзэж байна.

-Сүүлийн 30 гуч орчим жил дүр эсгэсэн ардчилал дор амьдарцгаалаа. Мөн сонгуулийн ардчилалтай гэх тодотголтой улс орны тоонд Монгол Улс хамрагдах болов. Иргэд нь сонгуульд саналаа өгдөг нэртэй ч, сонгуулийг нь улс төрийн намууд “хулгайлдаг” тогтолцоог нэрлэж буй. Энэ үүднээс нь харвал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь дэвшил авчрах юм шиг хүлээлт үүсгэсэн.

- Нэмэлт өөрчлөлт шаардлагатай. Яаж хийх, юуны төлөө хийх гэдэг асуудал.

Миний бодлоор, Үндсэн хуулийг том бодлогоос нь эхлээд л өөрчлөх ёстой. Монгол хүн амар тайван, аз жаргалтай амьдрах тэр л нийгмийг бүрдүүлэх суурийг Үндсэн хуульдаа гол үзэл баримтлал болгох.

Түүнээсээ салбарлаад зах зээлийн эдийн засаг уу, зах зээлийн зохицуулалттай эдийн засгаар явах уу гэдгээ тодорхойлох болов уу гэж санадаг.

-Улс орон хөгжиж дэвжиж байна уу, ард иргэдийн амьдрал хангалуун, сэтгэл өөдрөг байна уу гэдгийг улстөрчдийн илтгэлээс үзэх биш, ард түмний амьдралаас л харахад хангалттай. Монголын ард түмэн ядарч зүдэрч байна. гурван сая монгол хүний нэг сая нь нэн ядуу амьдарч байна. Энэ тоог Статистикийн газраас гаргасан. Улстөрчид, эрх баригчид энэ тоонд дөжирсөн байна. Тэд ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах биш, өөрсдийнхөө суудлыг улам тухлаг, улам зөөлөн болгож, улс төрд удаан тогтохыг л санаархаж байна.

-Энэ яриа биднээр төгсгөл болохгүй, бидний үр хүүхэд, ач зээ нар ч үргэлжлүүлэн ярьж байх вий гэж түгшиж байна. Хойч үеэ, үр хүүхдээ бодох хүмүүс улс төрөөс бүү хойш суугаарай гэж хэлье. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хэрэгтэй бол, Монголын улс төрд ч дорвитой өөрчлөлт хийх цаг болсон.

-Таны зүгээс бодлогын чанартай хуулиудаас гадна Оюу толгойн гэрээнд аудит хийх ёстой гэж үзэж, түүнийгээ зарлаж байлаа. Гэтэл аудитын байгууллагууд маань улс төр, улстөрчдөөс хараат бусаар ажиллах нөхцөлөөр хангагдсан уу Ерөнхий аудитор маань хуулиар хэр хамгаалагдсан бэ гэдэг асуулт дагалдах юм. Оюутолгойг шүүмжилсэн, гэрээг нь өөрчилнө гэсэн хүн нэг бол унадаг, нэг бол чимээгүй болдог. Нам нь оролдвол унадаг. Ийм л болчихоод байна манай улс. Тохиолдол гэхэд арай хэцүү.

-Тийм эрсдэл бийг үгүйсгэхгүй. Би 2017 онд ажлаа авсан. Эдийн засаг хүндэвтэр байсан учраас 2018 оны төлөвлөгөөндөө эдийн засгийн аудит дээр төвлөрсөн. Оюу-Толгой, Таван толгой, алт хүдрийн стратегийн ордууд, Монголбанк, Засгийн газрын бондууд, Хөгжлийн банкийг сонгосон.

Дараа нь нийгмийн салбар луу оръё гэдэг дараалал гаргасан. Эдгээр томоохон компаниудад эдийн засгийн суурь дүгнэлт хийж, цоорхой нь хаана байгааг шинжилж Их хуралд тайлагнахыг зорьсон. 2017, 2018 онд хийсэн аудитаар нэлээн олон зүйлийн дутагдал илэрсэн.

Оюу толгой бол нүсэр том компани. Одоогийн байдлаар 11 тэрбумын хөрөнгө оруулалт хийчихсэн гэдэг тайлантай. Нүсэр том компани учраас Оюу толгой компанид аудит хийхийн тулд УИХ-д танилцуулж, мэргэжлийн багтайгаа зөвлөлдөж, бодлогоо гаргасан. Маш их ажлын ачаалалтай учир төсөв хөрөнгө ч ихээр шаардагдсан.

Тэгээд бодлогын түвшинд эхлээд Дубайгаас эхлэх нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Дубайн гэрээний дараа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нь аудит хийх, гуравдугаарт, дээрх хоёрын дараагаар тайлагнаад буй хөрөнгө оруулалтад нь бодит аудит хийе гэж тогтсон.

Үнэхээр 11 тэрбум доллар зарсан юм уу, үгүй юм уу гэдгийг тогтоох. Бодитой, үр дүнтэй, ашигтай хөрөнгө оруулалт хийсэн юм уу гэдэг дээр мөн адил аудитын шалгалтын төлөвлөгөө гаргасан.

Дубайн гэрээний аудит энэ жил дууссан. Тайланг нь УИХ-д хүргүүлчихсэн. Дубайн гэрээг дагалдаад 2-3 гэрээ байдаг. Түүнд нь аудит хийгээд, тус гэрээг бүхлээр нь биш, хэсэгчлэн хүчингүй болгосон.

Аудит аль нэг талыг барих ёсгүй. Хуулийн хүрээнд харилцан ашигтай заалтуудыг бол үлдээсэн. Илт ашиггүй, хуульт зөрчсөн заалтуудыг нь хүчингүй болгосон. Энэ тайланг хэлэлцээд хөрөнгө оруулалтын гэрээ рүү орох байх. Хөрөнгө оруулалтыг шалгахад төсөв их шаардагдана.

11 тэрбум долларын зардлыг баталгаажуулахад 2-3 сая долларын зардал гарах тооцоо гарсан. Оюу толгой компанийн нэг жилийн санхүүгийн тайлан балансыг хийхэд л 300 орчим доллар болдог. Үүнтэй жишвэл, 2-3 сая ам.долларын төсөв гарах нь мадаггүй юм. Энэ шалгалтын зорилго бол арван хэдэн жилийн зөвхөн санхүүгийн биш, нийт үйл ажиллагаанд гарсан бүх зардлыг баталгаажуулах гэж байгаа юм.

Ингэж тогтоож ,баталгаажуулж байж Монгол Улсын ноогдох ашиг авах тухай асуудал яригдах юм. Оюутолгой компанийн зардал нь үнэхээр 11 тэрбум хүрсэн юм уу, эс бөгөөс 5 тэрбум юм уу гэдгийг бодитойгоор баталгаажуулах ёстой.

Оюутолгой компани Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж, баялгийг нь олборлож, тээвэрлэж байхад, Монголын төр, засгийн газар нэг ч удаа тэдний зардлыг тооцсонгүй, баталгаажуулсангүй. Энэ бол туйлын хариуцлагагүй үйлдэл.

Та бид хоёр хамтраад нэг компани байгуулчихаад, жил болгоныхоо гарсан зардлаа та мэдэхгүй байж ашгаа авна гэж байхгүй шүү дээ. Нэгнийгээ ингэж хуурч болохгүй. Ийм л үйл ажиллагаа Оюу толгой дээр өрнөчихсөн.

-Манай улс бол маш их улс төрждөг. Тэр тусмаа УИХ-ын гишүүдээс ажлын хэсэг гараад Оюутолгойг шалгана гэдэг бол эргэлзээ төрүүлж байна. Тэдний зүгээс бодитой, баталгаатай дүн шинжилгээ гаргаад ирнэ гэдэгт итгэхэд бэрх. Тэгэхээр үүнийг бол олон нийт ард иргэдийн өмнөөс ажиллаж байгаа төрийн аудитын байгууллага л гаргаж ирэх ёстой гэж бодогдоно.

-Улсын Их Хурлаас томилсон байгууллага бол Их хурлын л бүтцийн байгууллага. Их хурал өөрөө ард түмний төлөөлөл. Ард түмнийг төлөөлөх аудитын байгууллага бол мэргэжлийн, хууль эрх зүй, стандарт арга зүйтэй, боловсон хүчинтэй байгууллага. Тиймээс Хяналт шалгалтаа тусдаа биш, нэгдэж, хамтарч хийгээч ээ гэж УИХ -д олонтоо хэлсэн.

Хоёрдугаарт, УИХ өөрөө шалгалт хийхээр улс төрийн зөрчил маргаан хамгийн түрүүнд дэгддэг. Шалгалт улстөржөөд, үр дүнгүй, өгөөжгүй, нотлох баримтгүй, баталгаажихгүй болчихоод байдаг. Монголбанк, Хөгжлийн банканд хийсэн шалгалт ийм л асуудалтай тулгарсан. Аудитын хийсэн шалгалт өөр.

Нотлох баримттай, мэргэжлийн дүгнэлттэй, ашиг сонирхлын зөрчилгүй. Маргаантай гэж үзвэл шүүх дээр очоод л маргаанаа таслуулж болдог. Аудитын хяналтын хөндлөнгийн байгууллагуудаар мөн давхар хянуулж болно. Энэ бол мэргэжлийн шийдэл юм. Манайхаас Оюу толгойн гэрээн дээр хийсэн аудитын дүн шинжилгээнд би эргэлзэхгүй.

-УИХ гэж энэхүү байгууллагын доголдлоос улс эх орны хөгжил уруудаж байна. Баталсан хууль тогтоомжийнх нь үр дагавар нь улс оронд хортой, ард иргэдэд хохиролтой. Гадаадын эдийн засгийн “алуурчид”, Монголын эдийн засгийн тодорхой хэдэн бүлэглэлүүдэд үйлчилсэн хуулиудыг баталж ирлээ. Өөрсдийн гаргасан хууль, хэлсэн үгэндээ ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ийм л төрийн дээд байгууллагатай. Төрийн дээд байгууллага нь завхрахаар улс орон уруудах нь аргагүй дээ.

-Төрийн эрх мэдлийн хуваарилалтын онол, зарчим алдагдсан. Хууль тогтоогч, хяналт тавих ёстой УИХ нь Гүйцэтгэх засаглалаа булаан авч, хяналт шалгалтыг ч хийж, замбараагүй байдлыг үүсгэсэн.

Төсөв батлах ёстой байтал, төсвийг хуваарилдаг буруу жишиг тогтоосон. Тойрог руугаа дур дураараа мөнгө тавьдаг. Түүнээс болоод хөрөнгө оруулалт үр ашиггүй болж, Монгол Улсын хэмжээнд 40 гаруй объект царцчихсан байна.

Улсын мөнгө хөрөнгийг үр ашиггүй зарцуулаад, тойрогтоо мөнгө хаяад, сонгуульдаа л бэлдээд байдаг хандлага газар авсан. Энэ бүхнийг шалгаж, үнэлэлт гаргах байгууллага нь Монгол Улсын Аудит ч шалгалтыг хийлгэдэггүй.

Аудитын үнэлгээгээр, Монгол улсын хэмжээнд гарч байгаа нийт зөрчлийг бодлогын түвшинд хоёр ангилдаг болсон. Тогтолцооных уу, санамсаргүй тохиолдлын зөрчил үү гэдэг дээр дүгнэлт гаргадаг болсон.

Хувь хүний алдаа дутагдлаас үүссэн тохиолдлын зөрчлийг засъя, харин тогтолцооны зөрчил байвал тусад нь авч үзээд, хууль бол хууль санаачлагчдад нь өгдөг, захирамж байвал дарга тушаалтанд нь өгдөг, бүтэц бол бүтэц өөрчлөх зэргээр шийддэг болчихсон. Аудитын байгууллагад нэлээд дэвшил гарсан. Хуулиас үүдэлтэй маргаан тасрахгүй байна. Оюутолгой, Тосон бумба, Бороо гоулд гэх мэт.

Маргааны эх сурвалжийг нь хайх хэрэгтэй. Явж явж энэ нь хуультай, тухайлбал, Ашигт малтмалын тухай хуультай л холбоотой болж байгаа юм. Уг хууль маань өнөөдөр лиценз олгох тухай хууль болоод хадуурчихсан.

Ард түмний баялаг гээд байгаа өмч маань лиценз эзэмшигчийн хөрөнгө болчихсон. Үүнээс зөрчил маргаан дэгддэг. Тиймээс юуны түрүүнд Ашигт малтмалын хуульд нь аудит хийж байж, хуулийн цоорхой нь хаана байна, энэ цоорхойг хэдэн онд хэн гэдэг хүн, хэний захиалгаар, ямар өөрчлөлтөөр хийснийг тогтооно.

Монгол Улсын байгалийн баялгийн эзэнгүйдэж буй асуудалд дүн шинжилгээ хийлгэх гэж байсныг УИХ-аас зогсоолоо. Энэ хариуцлагагүй үйлдэлд би туйлаас харамсаж байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөөс эрх баригчид, эрх мэдэлтнүүд айж байна. Монгол банкны тухай маш их хор уршигтай хуулийг дурдахгүй орхиж болохгүй. Энэ хуулийн хор уршгийг ард иргэд тасрах гэж буй нуруун дээрээ үүрч явна. Монгол төгрөг, нэг жилд дунджаар 30 хувь инфляцад өртөж байна. Та бид олж байгаа орлого цалингаа жил бүр 30 хувь алдаж байна гэсэн үг.

Улсын хэмжээнд арван хэдэн их наяд төгрөг болсон байсан. Ингээд зүгээр алдчихаж байна. Энэ алдааг бид Монгол банкны тухай хуулиас олж харж, өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол өмнөөс хуулийн заалт руу заачихаад л сууж байна. Бид амьдралаа сайхан болгохын тулд хуулиас гадуур сэтгэх ёстой.

Харин амьдрахдаа хуулийн хүрээнд амьдрах ёстой. Сайхан амьдаръя гэхэд саад болоод байгаа тэр хуулиудыг бид өөрчлөх ёстой. Хуульдаа хавчигдаад суугаад байж болохгүй. Стандартаараа араас нь түрээд л хуулийнхаа хүрээнд явахад улс орон хөгжинө.

-Сая таны хэлсэн Монгол банк, Монгол төгрөгийн ханш, инфляц гэдэг дээр тогтъё. Монголчууд Солонгос руу зорчих нь их. Хэдхэн жилийн өмнө 100,000 төгрөг 100,000 вон байлаа. Өөрөөр хэлбэл 1:1 харьцаатай байсан. Хэдэн жилийн өмнө 1:2 болсон. Одоо бол 1:3,7 болсон. Төгрөгийн ханш 4 дахин буюу сүүлийн 10 гаруй жилд 400 орчим хувиар унасан байна. Энэ бол монгол банкны бодлогын маш том алдаа байна.

-Монголбанкаас гадна төрийн зүгээс маш том алдаа байгаа юм. Төрийн бодлогын алдаа. Монголбанк бол үнэндээ хуульдаа захирагдсан хэдэн нөхдүүд гэж хараад байгаа юм. Үүний зохицуулалтыг Их хурал хийх ёстой. Хуулийг нь тогтоож боловсруулж байгаа газар нь.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр, хяналт шалгалтын байгууллага гэж яригдаж байгаа. Таны хувьд хяналт шалгалтын байгууллага талаас юм уу, төсөв мөнгөний талаас нь юм уу таны хувьд тодорхой ямар зүйлсийг хийх хэрэгтэй гэж бодож байна уу энэ үндсэн хуулийн нэмэлт дээр.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хувьд 7 бүлэг зүйл, тухайлбал, нутаг захиргааны асуудал, төрийн эрх барих байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо, сонгууль, төсөв, ард иргэдийн шударга ёсны зүйл тогтоох зэрэг яригдаж буй.

Ард иргэдийн хүсээд буй шударга ёсыг тогтооход ард иргэдийн хяналтыг л бий болгох ёстой. Нэмэлт өөрчлөлтийн дагуу орон нутагтаа эрх мэдлийг нь хэтрүүлэн өгөөд, Засаг дарга нарыг сум орон нутгийн иргэд нь сонгодог болчих юм бол Монгол Улс маань 330 хэдэн ханлиг улс болчихно гэж болгоомжилж байна.

Өнөөдөр зарим сумын дарга нар Монгол Улсын Ерөнхий сайддаа захирагдахгүй байна. Жишээ нь зарим сумын газар нутагт нь “уурхай гаргана” гэхэд “үгүй” гэж хариулчихаад, өөрөө “нинжа “ нэртэй ах дүү, найз нөхдөө оруулаад нь баялгийг нь цөлмөж байна. Энэ мэт хэрэг даамжирна.

Би бол энийг Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын эсрэг зүйл явах гээд байна гэж харахаас өөр аргагүй. Захиалгатайгаар бүр задлаад тараагаад. Үүнийг бид маш олон талаас нь ярих ёстой.

-Япон Улсын хөгжлийн нууц нь маш энгийн. Ард иргэд, нийгмээрээ хэлэлцэж зөвшөөрсөн нэг дүрэмтэй. Түүнийгээ өөрөө ч мөрддөг, бусдаар ч мөрдүүлдэгт хөгжлийн нууц нь оршино гэж Япон судлаач Төмөрбаатар “Комментатор” нэвтрүүлэгт орохдоо хэлж байсан.

-Хаана ч адилхан. Америкийг ч авсан дүрэмтэй л улс. Бид л хий хоосон, чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөн гэцгээгээд ихэнх нь дампуурч гүйцлээ. Гэтэл нөгөө Эрх чөлөөний эх орон гэж нэрлэгддэг Америкт бүх зүйл төрийн зохицуулалттай. Америкийн нэг гудамжид нэг талхны цех, нэг хими цэвэрлэгээ л үйлчилгээ эрхэлдэг. Энэ эрхийг нь сонгон шалгаруулалтаар олгодог.

Стандарт л шаардана. Түүндээ хүрэхгүй бол үйл ажиллагааг нь зогсоогоод дараагийн хүнд шилжүүлнэ гэх мэт. Гэтэл манайд ямар байна. Нэг дор (нэг гудамжид) нэг ижил үйлчилгээ эрхэлдэг 4-5 компани зэрэгцдэг.

Суманд гэхэд л жижиг дунд үйлдвэрийг дэмжиж, гурваас дөрвөн талхны цехийг шалгаруулж төсөв олгодог. Тэгээд нэг дор 3-4 талхны цех ажиллахаар гурвуулаа дампуурчихаж байгаа юм. Ингэж төрийн зохицуулалт алдагдсан.

Эцэст нь тэр сум нь тэр чигээрээ талхгүй, нөгөө талх эрхэлж байсан иргэд нь бөөн өр зээлд баригдаад дуусаж байх жишээтэй. Иймхэн төрийн зохицуулалтыг ч Монгол Улсын төр захиргааныхан хийж чадахгүйдээ хүрчээ.

-Ярилцлага маань өндөрлөж байна. Тантай цааш нь ярилцах, хөндөх олон ч сэдэв байна,намар дахин хөөрөлдье. Урилга хүлээн авсан танд талархъя. Таны шинэ ажил үйлсэд амжилт хүсье.

-Танд болон сонины хамт олонд тань баярлалаа. Нэг зүйлийг хэлье. Монголчууд минь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхээр завдаж буй энэ эгзэгтэй цаг үед нийтээрээ идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна.

Анхаарлаа бүү сулруулаарай. Хүн нэг бүрийн оролцоо, санал маш чухал. Зөвхөн хэн нэгний ойр зуурын асуудал асуудал биш, хэдэн үеэрээ зохицож амьдрах том гэрээний асуудал шүү. Анхаарлаа төвлөрүүлээрэй, зөв саналыг дэмжээрэй гэж хүсье.

-Баярлалаа. Монгол Улсын уруудаж буйг торгоон зогсоох Үндсэн хууль гараасай гэдэг үгээр ярилцлагаа өндөрлөе. Монгол Улс өөдлөн дэвжих болтугай.

Зураг