Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Авто болон төмөр замын төсөл, бүтээн байгуулалтын ажлыг түргэвчлэхийг үүрэгдэв

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн амралтын өдрүүдэд авто болон төмөр замын салбарт хэрэгжиж буй төсөл, бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцаж, тодорхой үүрэг чиглэлийг өгчээ.

Тэрбээр, долоодугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар-Дархан, 20-21-ны өдөр Улаанбаатар-Налайхын авто замууд, 26-28-нын өдрүүдэд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талбар дээр ажилласан байна.

Улаанбаатар-Дархан

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 километр авто замын засвар шинэчлэлтийн ажлын явц хоёрдугаар багц буюу Хар модотын даваанаас Урьхан хүртэлх 45,5 километр, дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 километр зам барилгын ажлууд удаашралтай, графикт хугацаанаас хоцрогдолтой явагдаж байгааг хатуу анхааруулж, шаардлагатай тохиолдолд гэрээний хэрэгжилтийг дүгнэн, цуцлах хүртэл арга хэмжээ авахыг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн захирлуудад сануулжээ. 

Төслийн нийт нэгжид ажлаа улам эрчимжүүлэх, ажлын төлөвлөгөө графикт мэдээгээ өдөр бүр мэдээлж, шуурхай ажиллахыг үүрэг болгов..

Дарханы замын трасс бор шороон хөрс ихтэй тул бороо хур их орж байгаа энэ зуны нөхцөлд түр зам урсах, халтиргаа гулгаа үүсэх, шавар ус ихээр хуралдах зэргээр ажлын явцыг удаашруулах, хөдөлгөөний аюулгүй байдалд хүндрэл учруулах нөхцөл байдал үүсч байгааг сануулж, зарим хэсгийн ажлыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах, хүн хүч, техник хэрэгслээ нэмж, 24 цагаар ээлж гарган шуурхай ажиллах шаардлагатайг анхааруулсан байна.

Улаанбаатар-Налайх

 

Гачууртаас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 километр дөрвөнэгнээ авто замын барилгын ажил одоогоор 34,74 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа хэдий ч энэ нь графикт хугацаанаас найман хувийн хоцрогдолтой байгаа аж.

Тиймээс ажлын талбар дээр хүн хүч, техник хэрэгслээ нэмж оруулж мөн 24 цагаар ээлж гарган ажиллаж, хоцрогдлыг бүрэн арилгах, түр замаа хусах, услах ажлыг тогтмол хийж байхыг анхааруулжээ.

Түүнчлэн ажил цалгардуулж байгаа төслийн нэгжийн гадаад мэргэжилтнийг солих, явуулын оффис гаргаж, газар дээр нь ажиллаж байхыг нийслэлийн авто замын газарт үүрэг чиглэл болгов.

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан бүтээн байгуулалтын нэг том төсөл тул төлөвлөгөөт хугацаандаа, чанартай, олон улсын стандарт шаардлагад нийцсэн жишиг зам болох ёстойг ажил хариуцаж буй бүх нэгжид сануулжээ.

Таван толгой-Зүүнбаян

 

Харин Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил нь Монгол Улсын үндэсний том бүтээн байгуулалт юм. Энэ оны тавдугаар сарын 24-нд шав тавьсан уг төмөр замын төслийн суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр зэвсэгт хүчний 7,781 дүгээр анги, туслан гүйцэтгэгчээр төв, орон нутгийн нийт найман дотоодын аж ахуйн нэгжийн консерциум ажиллаж байна. 

Ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагууд болон Зэвсэгт хүчний жанжин штаб техник хэрэгсэл шинээр нэмж худалдан авсан, гидро геологи, хөрсний судалгааны ажлууд дууссан, худаг ус гаргах, карьер олборлох, зураг төсөл хүлээлгэн өгөх, улаан шугам тавих, түр зам гаргах, ул дэвсэх зэргээр төслийн ажил хэвийн үргэлжилж байгааг онцлов.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан төмөр замын доод болон дээд бүтцийн ажлыг гүйцэтгэхдээ хийдэл гаргахгүй байх, ажлын уялдаа холбоог сайтар хангах, дулааны улирлыг ашиглан ажлаа хурдтай урагшлуулах, төмөр замын дэр бетон, гүүр хоолойн ажлуудыг дотоодын худалдан авалтаар үндэсний аж ахуйн нэгжүүдэд захиалга өгч цаг алдалгүй хийлгэх, зарим хэсгийг газар дээр нь цутгах, төмөр замын рейлс төмрийг яаралтай судалсаны үндсэн дээр захиалга өгч, татан авалт хийж байх хэрэгтэйг онцолсон байна.

Мөн ажлын график төлөвлөгөөгөө өдөр, сар, цаг минутаар хэмжиж, бүтээмжээ нэмэгдүүлэх, шуурхай шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг ажлын үндсэн болоод дэд хэсгийн ахлагч нарт цаг алдалгүй мэдээлэн хуралдуулж арга хэмжээ авахуулж байх, хөрөнгө мөнгөө хэмнэлттэй, зөв захиран зарцуулах, явцын аудитыг байнга хийлгэж, алдаа дутагдалгүй, сэтгэл гарган ажиллахыг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо.

Түүнчлэн сайдын зүгээс авто болон төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцан хийж буй төслийн бүх нэгжүүдэд бороо хуртай өдрүүдэд карьерын олборлолтоо нэмэгдүүлж овоолго үүсгэх, татан авалт хийх, гүүр хоолойн бэхэлгээ, цутгалт зэрэг ажлуудаа зогсоохгүй, ахиулж байх боломжтойг анхааруулжээ.

Фото: