Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын иргэдэд Тайвань руу ганцаар зорчихыг хориглолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хятадын эрх баригчид Тайваньд ганцаарчилсан аялал хийхийг өөрийн 47 хотын иргэдэд хориглох шийдвэр гаргажээ.

Наймдугаар сарын 1-нээс эхлэн зөвхөн бизнесийн зорилгоор болон зохион байгуулалттай бүлгээр хийх аялалыг зөвшөөрч байна.

Бээжингийн засгийн газар анх 2011 онд Бээжин, Шанхай, Шиамэнь хотуудын иргэдэд Тайвань руу хувийн зорилгоор ганцаараа зорчихыг зөвшөөрч байжээ. Дараа нь энэ зөвшөөрөлдөө нийт 47 хотын иргэдийг хамруулж байсан юм.

Бээжингийн талыг баримтлагч Куоминтаны нам засгийн эрх барьж байх үед талуудын харилцааг хөгжүүлэхийн тулд ийм арга хэмжээ авч байжээ.

Харин сүүлийн жилүүдэд Тайваньд эх газраас салан тусгаарлах үзэлтнүүд төрийн эрхэнд гарч, саяхан АНУ-аас $2.2 тэрбумын зэвсэг авахаар болсон зэрэг нь харилцааг муутгаад байна.

Мөн Хонг Конгод өрнөж буй тэмцэл, Тайваний ерөнхийлөгчийн Нью Йорк хотод хийсэн айлчлал үүнд нөлөөлжээ.

Тус арал улсын ерөнхийлөгч Цай Ин Вэн “Тайвань өөрийн ардчиллыг хамгаалахын төлөө хатуу тэмцэнэ. Манай ардчилал амар олдоогүй юм” гэж саяхан АНУ-д айлчлахдаа хэлсэн байна. Тэр бас Хонг Конгчуудын тэмцлийг тууштай дэмжихээ илэрхийлж байжээ.

Иргэний дайны дараа 1949 оноос хойш Тайвань нь эх газрын Хятадаас тусдаа засаг захиргаатай явж ирсэн боловч Бээжингийн эрх баригчид тус арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үзсэн хэвээр байгаа юм.

 

Эх сурвалж: CNN