Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үлэг гүрвэлийн төв музей "Эрт төрмөлийн эрин" танхимыг нээлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үлэг гүрвэлийн төв музейн "Эрт төрмөлийн эрин" шинэ танхимын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Үлэг гүрвэлийн төв музейн концепцид тусгасны дагуу тус музей нь 2016 онд "Цэрдийн галавын гайхамшиг", 2017 онд "Дунд төрмөлийн эрин", 2018 онд "Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжлийн танхим" зэрэг байнгын үзэсгэлэнг жил дараалан олон нийтэд дэлгэн үзүүлээд байгаа юм. 

Өнөөдөр шинээр нээж буй танхимд геологийн хөгжлийн эрин, галавуудад амьдарч байсан эртний амьтан, ургамлын үүсэл, хөгжлийг сэргээн босгосон баримал, зураг болон чулуужсан олдворуудыг байршуулсан гэдгээрээ онцлогтой.

Нээлтийн үеэр Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа "Манай Үлэг гүрвэлийн төв музей нийт есөн танхим ашиглалтад оруулах ёстойгоос өнөөдрийн байдлаар тавыг нь ашиглалтад оруулаад байна. 2013 оноос хойш манай музей нийт хагас тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. 

Түүнчлэн одоо аялал жуулчлалын улирал тохиож байгаа учир сүүлийн үед маш олон жуулчин ирж байна. Тиймээс сүүлийн 21 хоногт манайх нийт 20 орчим сая төгрөг олсон. 

Өнөөдөр нээлтээ хийж буй Эрт төрмөлийн эрин танхимыг он гарснаас хойш зургаан сарын турш тохижуулж дэглэсэн бөгөөд нийт 300 орчим үзмэрүүдийг багтаасан. Ороод харахад бага үзмэр байгаа мэт боловч эдгээр нь шинжлэх ухааны хувьд маш өндөр ач холбогдолтой. 

Мөн тус танхим нь 324 метр квадрат талбайтай. Танхимд буй олдворууд нь хүмүүсийн заавал мэдэх шаардлагатай, шинжлэх ухааны олдворууд юм" гэв.

Монгол орны өргөн уудам нутагт байсан эртний амьтан, ургамал, тэдгээрийн түүхэн хөгжлийн мөр чулуужин үлдсэн байдгийг энэхүү танхим дахь эрдэс чулуулгийн дээжүүдээс харж болох юм.

Гэрэл зургийг Mpa.mn