Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Нямсүрэн: Халаасны хулгайн гэмт хэрэг 61 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарлаа

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар 13,562 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 15.8 хувиар буурсан үзүүлэлт байжээ. Мөн онцлон хэлэхэд хулгайлах гэмт хэрэг 31.4 хувь тэр дундаа халаасны хулгайн гэмт хэрэг 61 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй гарсан байна.

Иймээс халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямсүрэнгээс тодрууллаа.

- Хулгайн эд зүйлс ямар замаар борлуулагддаг вэ?

- Халаасны хулгайн гэмт хэргийн тухайд жилд дунджаар 7,500-8,000 орчим гар утас алдагддаг. Энэ гэмт хэрэгт 13-25 насны хүүхэд, охид, эмэгтэйчүүд ихээр өртөж хохирох тохиолдол байдаг. Гар утас бол өнөө цагт хүнсний хэрэглээний дараа орох өргөн хэрэглээ болсон. Тиймдээ ч гар утас зөвхөн хэн нэгний халааснаас алдагдаад зогсохгүй хүчиндэх, дээрэмдэх, хүний амь нас хохирсон зэрэг ихэнх хэргийн явцад гар утас алдагдсан байдаг ба эдгээр нь бидний нэрлэж заншсанаар ченж гэх тодотголтой иргэдийн гараар дамжин цааш зарагддаг.

Халаасны хулгайн гэмт хэрэгт ченжүүдийг холбогдуулан шалгахад тэдгээр нь хулгайн гар утасны өнгө, сериал дугааруудыг өөрчилдөг болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Энэ нь өөрөөр хэлбэл гар утасны худалдаа эрхлэгчид гэмт хэргийн замаар буюу хууль бусаар олсон эх үүсвэр нь тодорхой бус гар утас гэдгийг мэдсээр байж худалдан борлуулсан бол тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “МӨНГӨ УГААХ” гэмт хэрэгт холбогдуулан шийтгэнэ гэсэн үг юм. Харин хулгайлсан этгээдийг 7-30 хоног албадан саатуулах арга хэмжээг авна.

- Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн байгууллагаас ямар ажил зохион байгуулж байна вэ?

- Гэмт хэргийн замаар алдагдсан нийт эд зүйлийн 60 орчим хувь нь Чингэлтэй дүүргийн 1,3,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел, Тэди худалдааны төв, Урт цагааны гудамж орчмын нутаг дэвсгэрт худалдан борлуулагдаж эргэн зах зээлд нийлүүлэгдэг нь судалгаанаас харагдаж байна.

Иймд тухайн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Чингэлтэй дүүргийн засаг даргад хүсэлт тавьж энэ оны тавдугаар сарын 29-ний өдөр А/376 дугаар захирамж гаргуулан дээрх газруудад гар дээрээс худалдаа хийхийг хориглосон. Уг захирамжийг хэрэгжүүлэхийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үүрэг болгосон.

Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас Монтел, Тэди худалдааны төвийн орчимд гар дээрээс гар утас худалдан борлуулж байгаа этгээдүүдэд уг захирамжийг сурталчлан танилцуулах, цагдаагийн эргүүлийг тогтмол ажиллуулах, гар дээрээс гар утас худалдан борлуулж байгаа этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу /Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгтхудалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ хариуцлага тооцох зэрэг арга хэмжээнүүдийг эхлүүлэн ажиллаж байна. 

Мөн Цагдаагийн байгууллагаас гар утасны хулгайн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран олон ажлуудыг зохион байгуулж байна.

Тухайлбал, нийт халаасны хулгайн гэмт хэргийн 18 орчим хувь нь нийтийн тээвэрт үйлдэгдэг учраас Нийслэлийн цагдаагийн газраас 28 аж ахуйн нэгжийн 1,226 автобусыг бүрэн камержуулах ажлыг зохион байгуулж энэ оны долоодугаар сарын эхээр бүрэн дуусгавар болгон хүлээлгэн өгсөн.

Эдгээр камер нь гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд ашиглагдахаас гадна жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх зэрэг олон ач холбогдолтой юм. Автобус бүрт нийт дөрвөн камер суурилуулсан учраас доторхыг нь бүрэн хянах боломжтой болсон зэрэг олон шат дараалсан арга хэмжээнүүдийг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж  байна.