Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын шашны урсгалын удирдагч зургаан жилийн хорих ял сонсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

 “Нигүүлслийн зам” нэртэй христийн шашны урсгалын удирдагч Шин Ок Жуд зургаан жил шоронд хорих ялыг Өмнөд Солонгосын шүүх саяхан оноожээ.

Удахгүй дэлхийд байгалийн томоохон гамшиг болно, амьд үлдэхийн тулд нүүх хэрэгтэй гэж итгүүлсний үр дүнд тэрээр 400 гаруй дагагчаа 2014 онд Өмнөд Солонгосоос Номхон далайн Фижи арал улсад нүүлгэн суурьшуулж байв.

Фижид очсон хүмүүсийн паспортыг хурааж, боолын хөдөлмөр хийлгэж байсан Шин Ок Жу оргохыг завдсан шавь нараа нийтийн өмнө зодож шийтгэдэг байжээ.

Олон удаа зодуулсан зарим нэг нь Өмнөд Солонгост буцаж ирснийхээ дараа нас барсан тохиолдол бий.

Шин Ок Жуг өнгөрсөн оны долдугаар сард эх орондоо ирэхэд нь баривчилж байжээ.

Өмнөд Солонгосын шүүх түүнд бусдын эсрэг хүч хэрэглэсэн, залилан луйвардсан зэрэг хэд хэдэн ял оноосон байна.

Шин Ок Жу Фижийн нийслэлийн ойролцоо газар түрээслэж, бизнесийн томоохон вант улсаа босгож чаджээ. Тэрээр Фижийн эрх баригчидтай сайн харилцаа тогтоож, засгийн газрын хэд хэдэн тендэрийг авч чадсан байна. Мөн тус улсын ерөнхий сайдаас шилдэг бизнес эрхлэгчийн шагнал ч хүртэж байжээ.

Өмнөд Солонгосын 50 гаруй сая хүн амын ихэнх сүсэгтнүүд нь өөрийгөө протестант болон католик шашинтанд тооцдог. Үүний хажуугаар хэдэн сая хүн христийн шашны янз бүрийн гаж урсгал, номлолуудыг дагадаг байна.

 

Эх сурвалж: BBC