Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дарангуйлагчаасаа салсны дараах нэг жилийн дотор Зимбабве улсын эдийн засаг улам дорджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Зимбабве улсын ерөнхийлөгч Эммерсон Мнангагва

Өнгөрсөн оны долдугаар сарын 30-нд өмнөд Африкийн Зимбабве улс анхны ардчилсан сонгуулиа зохион байгуулж, 23 нэр дэвшигчийн дундаас 76 настай Эммерсон Мнангагваг ерөнхийлөгчөөр сонгож байв.

Тэрээр энэ улсыг 1980 онд колоничлолоос салснаас хойш тасралтгүй удирдсан дарангуйлагч Роберт Мугабег залгамжилсан юм.

 Мнангагва ерөнхийлөгчөөр сонгогдохдоо эдийн засгаа эрүүлжүүлж, иргэдээ ядуурлаас салган, барууныхантай ойртож, хөрөнгө оруулалт татахаа амлаж байжээ.

Гэвч өнгөрсөн нэг жилийн дотор амлалтуудын аль нь ч биелсэнгүй, Зимбабвегийн эдийн засаг улам дордоод байна. Эрчим хүчний хангамж тасалдаж, шатахуун хүрэлцэхгүй болсноос гадна өргөн хэрэглээний хүнс, эм тарианы хомсдолд оржээ.

Зургаадугаар сарын байдлаар Зимбабвегийн жилийн инфляцийн хэмжээ сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд буюу 175 хувьд хүрсэн юм.

2009 онд тус улсад нүүрлэж байсан хэт инфляцийн аюул дахин ирэхээс зимбабвечууд айж эхэлжээ.

Тухайн үед Зимбабвегийн инфляц 500 тэрбум хувьд хүрч, иргэдийн хадгаламжийг хоосолсон юм. Эцэст нь тус улсын эрх баригчид үндэсний мөнгөн тэмдэгт болох зимбабве долларыг америк доллараар сольж эдийн засгаа аварсан байдаг.

Зургаадугаар сард Мнангагва америк долларын эринийг дуусгаж, оронд нь Зимбабвегийн шинэ долларыг нэвтрүүлсэн байна.

Тус улсын засгийн газар мөнгөгүй болсон тул шинэ валютаа хэвлүүлж чадалгүй, цахим хэлбэрээр ашиглаж байгаа. Үндэсний валютаа хэвлүүлж чадахгүй байгаагаас гадна гадаад паспорт, жолооны үнэмлэх, автомашины дугаартай пайз хэвлүүлэхэд шаардлагатай материалаа гаднаас авч чадахгүй байна.

“Бид дугуйгүй машинд сууж яваа хүмүүс шиг л байна. Урагш ахих ганц ч зүйл алга” гэж Өмнөд Африкийн Аюулгүй Байдлын Судалгааны Хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Дерек Матышак ярьж байна.

Тэр цааш нь ярихдаа “Мнангагва өөрийгөө Мугабегаас илүү эдийн засгийн гамшиг болсноо сайн мэдэж байгаа. Үүнээс гарахын тулд тэр засаглалаа сайжруулж, хүний эрхийг дээдлэх замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас өөр аргаггүй” гэжээ.

Мнангагваг сонгогдсоноос хоёр өдрийн дараа санал хураалтын үр дүнг ил болгохыг шаардсан иргэд рүү цэргүүд гал нээж, зургаан хүн амь үрэгдэж байв.

Нэгдүгээр сард засгийн газар шатахууны үнийг хоёр дахин нэмсний дараа иргэдийн дунд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд цэргүүд 17 иргэний амийг буудаж хөнөөсөн юм.

Одоо Зимбабвед оройн 10 цагаас өглөөний 5 цаг хүртэл цахилгаан эрчим хүч өгч, бусад үед нь тасалдаг жишиг тогтоод байна. Ийм нөхцөлд иргэд бизнес эрхлэх ямар ч боломжгүй байгаа юм. Үйлдвэрүүд сул зогсож, ажилгүйдэл нэмэгдэж, экспорт бүрэн тасалдаад байна.

“Яг одоо энэ улсад гутранги сөрөг бодолтой байхаас өөр ямар ч сонголт алга” гэж Зимбабвегийн Эдийн Засгийн Сургуулийн профессор Тони Хокинс ярьжээ.

 

Эх сурвалж: AFP