Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын зөвлөл болон удирдлагууд өчигдөр хуралдан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцжээ.

Хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр танилцууллаа. Тэрбээр парламентын засаглалын тогтолцоог бэхжүүлэх, сайжруулах нь тус намын эн тэргүүний зорилго гэдгийг цохон тэмдэглээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь аливаа нэг улс төрийн намын болон гишүүний явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэх учиргүй хэмээв.

Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудалтай холбогдуулан зарчмын байр сууриа Ө.Энхтүвшин даргатай Ажлын хэсэгт хүргүүлэхээр болжээ. Үүнд:

Нэгдүгээрт, Парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас сонгодог болох,

Хоёрдугаарт, Төрийн эдийн засаг, санхүү төсвийн сахилга бат, хариуцлага тодорхой болгох, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх асуудлуудыг тусгах,

Гуравдугаарт, Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгах зэрэг саналыг илэрхийлэв.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь өнөөгийн УИХ-аар биш ард нийтийн санал асуулгаар батлагдах ёстой гэж байгаа юм.

"Хэрэв дээрх санал, санаачилгыг хүлээж авахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс төрийн олонхоор хүч түрж батлах оролдлого хийвэл бид зөвшилцлөөс албан ёсоор гарч, хэлэлцүүлэгт оролцохгүй бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд УИХ-д өргөн мэдүүлнэ" хэмээн УИХ дахь АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.

Мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн зарим асуултад хариулав.

 
Гэрэл зургийг mpa.mn

-Саналд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох ёстой гэж үзсэн байна. Яагаад энэ асуудлыг тусгаж байна вэ?

-Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Сонгодог парламентын засаглалын хуваарилалтыг зөв хийе гэвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох нь зүйтэй гэсэн саналыг 2015 онд Ардчилсан нам гаргаж байсан. Бид энэ байр сууриндаа байгаа.  

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухайг мөн хөндөж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ард иргэдийнхээ итгэлийг алдвал иргэд ямар эрхтэй оролцох, намаас сонгогдсон гишүүд хувийн эрх ашгийн үүднээс асуудалд хандвал нам нь хэрхэн оролцох вэ гэдэг гаргалгааг Үндсэн хуульд тусгах ёстой гэж үзэж байна.

-Ард нийтийн санал асуулгыг хэдийд хийх боломжтой гэж үзэж байна вэ?

-УИХ-аас анхны гаргасан төлөвлөгөөгөөр ард нийтийн санал асуулгыг аравдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулахаар товлосон байдаг. Энэ хугацаанд зохион байгуулах боломжтой. Үндсэн хуулийг баталгаажуулах гол нь зүйл нь ард иргэд өөрсдөө. Ард түмэнтэйгээ хийж буй гэрээг УИХ өөрөө ард түмэнд тулган шаардаж, хүчээр баталж болохгүй.