Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

П.Соронзонболд: Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хилийн бүсээс гарсан түймэр байхгүй байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Сибирьт шатаж буй өргөн хэмжээний ойн түймрийн улмаас Улаанбаатар хотыг түймрийн утаа бүрхээд байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Сибирьт гарсан түймэртэй холбоотойгоор Монгол Улсыг бүрхсэн утааны асуудлаар Онцгой байдлыг ерөнхий газар өнөөдөр мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн П.Соронзонболд "Манай улсын хэмжээнд он гарснаас хойш 88 түймэр бүртгэгдсэн.

Хамгийн сүүлд долоодугаар сарын 11, 12-нд Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө суманд гарсан ой хээрийн түймрийг  энэ сарын 19-ны өдөр бүрэн унтраасан. Түүнээс хойш одоогоор улсын хэмжээнд ой хээрийн түймэр бүртгэгдээгүй.

Хиймэл дагуулын мэдээллээс харахад Сибирьт гарсан түймэр манай улсын нутаг дэвсгэрээс ойролцоогоор 700 орчим километрийн зайд байна. Мөн Байгаль далайн цаана гарсан түймрийн наад талд Улаан-Үд, Эрхүү гэсэн хотууд байгаа учраас өнөөдрийн байдлаар ОХУ-ын хилийн бүсээс гарсан түймэр байхгүй байна.

Нийслэл хотод тус түймрийн утаа энэ сарын 28-ны өдрөөс ажиглагдаж эхэлсэн бөгөөд салхины чиглэл, агаарын урсгалаас шалтгаалж манай улсад зөвхөн утаа нь л орж ирж байна.

ОХУ-н хэвлэлийн мэдээллийг ажиглаж байхад түймрийг унтраах зардал нь хохирлын хэмжээнээс давах гээд байгаа гэсэн мэдээлэл байна. Харин түймэртэй холбоотой авах арга хэмжээний талаар ямар нэг мэдээлэл байхгүй.

Он гарснаас хойш манай улсын хилээр ОХУ-аас нийт таван удаагийн ой хээрийн түймэр Дорнод болон Хэнтий аймгийн сумдаар давж орж ирснийг бид цаг тухайд нь арга хэмжээ авч, даруй унтраасан" гэлээ.

Ахлах мэргэжилтэн П.Соронзонболдоос сэтгүүлчид "Хэрвээ түймэр Монгол Улсын хилийг давж орж ирсэн тохиолдолд манай улсын зүгээс урьдчилан сэргийлэх бэлтгэл байгаа юу?" гэж асуухад "Жил бүрийн оны эхэнд гардаг Улсын онцгой комиссын 01 тоот албан даалгавар болон түүнтэй уялдуулан чиглэл бүрт олон албан даалгавар гардаг. Тус даалгаврууд жилийн турш тасралтгүй үргэлжилдэг.

Мөн бид өдөр тутам хиймэл дагуулын мэдээллийг ажиглаж, хилээр түймэр орж ирсэн тохиолдолд цаг тухайд нь унтраадаг.

Хиймэл дагуулаас харахад ОХУ-ын нутаг дэвсгэрт гарч байгаа тус түймэр нь нэг дор биш тархсан байдалтай байна. 

Мөн утаа хүний биед хортой учир иргэд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай" гэлээ.

Утаатай холбоотой эрүүл мэндийн зөвлөгөөг та бүхэн ЭНД дарж уншина уу.