Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Майк Помпео Япон-Өмнөд Солонгосын худалдааны дайныг зогсоож чадах уу?

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Зүүн Азийн хоёр том хөрш болох Япон, Өмнөд Солонгос улсуудын хоорондын зөрчил тэмцэл сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа.

Эдгээр улсуудын аль аль нь өөрийн талд АНУ-ын засаг захиргааг оруулахыг хичээж байна.

Гэвч хоёр улсын хоёулангийнх нь гол холбоотон АНУ хэнд нь ч илүү тал өгөхөөс зайлсхийж, өөрсдөө хоорондоо учраа олохыг шаардаж байгаа юм.

Саяхан АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон хоёр улсын холбогдох албаныхантай энэ асуудлаар ярилцсан бол маргааш АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хоёр улсын гадаад хэргийн сайд нартай уулзахаар төлөвлөжээ.

Япон улс хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашигладаг химийн материалынхаа Өмнөд Солонгост хийх экспортод хатуу хяналт тогтоох шийдвэрийг энэ сарын эхээр гаргасан.

Ингэснээр Өмнөд Солонгосын гар утас, компьютерын санах ойн үйлдвэрлэлд түүхий эд тасалдах эрсдэл бий болж байгаа бөгөөд энэ нь цаашлаад АНУ-ын томоохон технологийн компаниудын үйл ажиллагаанд нөлөөлөх юм.

Энэхүү сөрөг үр дагаварт хэн нь буруутай болохыг батлан харуулж, лоббидохоор Япон, Өмнөд Солонгосын албаны хүмүүс сүүлийн өдрүүдэд дараалан Вашингтон руу цуварцгааж байна.

Тэд зөвхөн АНУ-ын хууль тогтоогчидтой уулзаад зогсохгүй хэвлэл мэдээллийнхэн, бизнесийн удирдлагуудтай уулзаж, өөрийн талд оруулахыг чармайж байгаа ажээ.

Япон улсын засгийн газар ирэх Баасан гарагт тус улсаас өндөр технологи авах эрхтэй орнуудын “цагаан жагсаалт”-аас Өмнөд Солонгосыг хасах асуудлыг хэлэлцэх гэж байна.

Хэрвээ хасах шийдвэр гарвал гурван долоо хоногийн дараа хэрэгжиж эхлэх юм. Япон, Өмнөд Солонгос улсуудын харилцаа хэвийн байх нь зүүн Азийн бүс нутаг дахь АНУ-ын байр суурьт чухал нөлөөтэй.

Хоёр улс нийлээд АНУ-ын 80,000 гаруй цэргийг нутагтаа байрлуулдаг нь Умард Солонгос, Хятадын эсрэг зогсох чухал хүч болдог.

Энэ сарын эхээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч утсаар ярьж, хоёр улсын маргаанд өөрийнх нь талд орж ажиллахыг хүссэн тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байв.

“Өөрийгөө хэдэн талд хуваах вэ гэж би түүнд хэлсэн. Хоёр тал хоёулаа л намайг өөрийн талд ажиллуулахыг хүсэж байна. Хэрвээ тэгвэл би энэ ажилд өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй болно. Хэрэг гарвал би тэдэнд туслахад бэлэн. Гэхдээ тэд өөрсдөө учраа олно гэж найдаж байна” гэж тухайн үед Трамп ярьж байжээ.

 

Эх сурвалж: Bloomberg