Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Үлэг гүрвэлийн музейг татан буулгах тогтоолыг өчигдөр танилцуулсан" гэв

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Үлэг гүрвэлийн музейг наймдугаар сарын 1-ний өдрөөс татан буулгах тухай Засгийн газрын 281 дүгээр тогтоол 2019 оны долоодугаар сарын 3-ны өдөр гарчээ.

Тус тогтоол, шийдвэртэй холбоотой мэдээлэл өчигдрөөс цахим орчинд хөвөрч, олны анхаарлыг татаад байна.

Үүнтэй холбоотойгоор Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаагаас өнөөдөр болсон шинэ танхимын нээлтийн үеэр тодруулсан юм.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Бид 2020 гэхэд дахиад гурван танхимыг нээж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ тогтоол долоодугаар сарын 3-нд гарсан боловч өчигдөр дэд сайд Г.Ганбаяр надад тогтоолын талаар танилцуулсан. Өнөөдрийн хувьд тус тогтоолтой холбоотойгоор музейн бүтцийн асуудал яригдаж байгаа гэж бодож байна.

Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор чухам ямар ажил хийгдэх талаар мэдээлэл надад одоогоор байхгүй байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй" гэв.

Дашрамд дурдахад, Үлэг гүрвэлийн төв музей нь 2013 оны нэгдүгээр сарын 12-нд Монгол Улсын Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор байгуулагдаж албан ёсоор үзэсгэлэн гаргаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
 Мөн 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг 2013 оны тавдугаар сарын 6-нд Монголын тал хүлээн авч, тус оны тавдугаар сарын 17-ны өдөр эх оронд нь авчирсан байдаг. 
 
Тус үйл явдал болсноос хойш 21 хоногийн дараа Д.Сүхбаатарын талбайд “Т.Батаар гэртээ ирлээ” түр үзэсгэлэн нээлтээ хийж, хоёр сарын хугацаанд 120 сая төгрөгийн орлогыг улсын төсөв төвлөрүүлж чадсан аж.

Засгийн газрын 2019 оны долоодуаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоол