Гадаад орнуудыг чиглэсэн залуусын урсгалыг зогсоохын тулд Польш улсын засгийн газар нэгэн онцгой арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ.
Наймдугаар сарын 1-нээс буюу маргаашаас эхлэн тус улсын хоёр сая орчим залуу иргэн орлогын татвараас чөлөөлөгдөж байна.
Ерөнхий сайд Матеуш Моравецки хэлэхдээ “татвараас чөлөөлөгдсөн залуус Өрнөдийн орнуудад олдогтой ойролцоо орлого олох боломжтой болно” гэжээ.
Шинэ хуулийн дагуу жилд 85,528 злот ($22,547) хүртэл орлоготой 26 хүртэл насны залуус 18 хувийн орлогын татварыг төлөхгүй болж байна.
Польш улсын иргэдийн жилийн дундаж цалин 60,000 злот ($15,700) болдог тул энэ нь нэлээд сайн урамшуулалд тооцогдож байгаа юм.
Татвараас чөлөөлөгдөх залуусын тоог засгийн газар хоёр сая орчим гэж тооцоолжээ.
2004 онд Польш улс Европын Холбоонд элссэнээс хойш тус улсын залуу үеийнхэн өрнөдийн орнуудад чөлөөтэй зорчиж, ажиллах боломж нээгдсэн юм.
Үүний үр дүнд 15 жилийн хугацаанд Польшоос 1.7 сая хүн явсан байна. “Энэ бол Варшав хотын оршин суугчид тэр чигээрээ явсан гэсэн үг. Маш том хохирол. Харин одоо үүнийг зогсоож, иргэдээ эх оронд нь үлдээх цаг болсон” гэж Моравецки мэдэгджээ.
Өрнийг чиглэсэн цагаачлалын улмаас Польш улсад ажиллах хүчний хомсдол үүсч, цаашлаад эдийн засагт нь муугаар нөлөөлж байгаа юм.
Их Британи улс 2004 оноос хойш Польшийн залуу үеийнхний хамгийн их зорьдог орон болоод байгаа. Одоогоор нэг сая орчим польш хүн Британий арал дээр оршин сууж байна.
Хэдийгээр татварын хөнгөлөлт хүртсэн ч Британид ажиллаад олдог орлого нь Польшийнхоос өндөр байдаг. Гэхдээ Британи улс Европын Холбооноос гарах гэж байгаа, нутгийн иргэд цагаачдад дайсагнаж хандах болсон зэрэг нь залуу польшуудыг эх орондоо буцахад нөлөөлнө гэж ажиглагчид дүгнэжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!