Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос өнөөдөр өглөө хэд хэдэн пуужин харважээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Ердөө зургаа хоногийн өмнө хоёр ширхэг ойрын тусгалын пуужин харваж байсан Умард Солонгосын дэглэм өнөөдөр өглөө дахин хэд хэдэн пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын арми мэдээллээ.

Өнөөдөр харвасан пуужингууд нь тус улсын зүүн хойд эргээс хөөрч, Япон тэнгисийн усанд унасан байна. Ямар загварын пуужингууд харвасан, хэр хол туссан зэрэг мэдээллийг Өмнөд Солонгосын арми гаргахаар ажиллаж байгаа ажээ.

Сүүлийн туршилт нь гацаанд ороод байгаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээрийг урагшлуулахын тулд Вашингтонд үзүүлж буй Пёньяны дарамт шахалт гэж ажиглагчид дүгнэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд сүүлд хоёр Солонгосын хил дээр болсон уулзалтынхаа дурсгалын гэрэл зургийг илгээсэн тухай Вашингтоны албаны хүн энэ туршилтаас хэдхэн цагийн өмнө мэдэгдсэн юм.

Трамп, Ким нар зургаадугаар сарын 30-нд хилийн зэвсэггүй бүс буюу DMZ-д уулзаж байв. Өнгөрсөн Пүрэв гарагт хийсэн туршилтыг Ким Жон Ун өөрийн биеэр удирдаж, АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалт эхлэх гэж байгаа Өмнөд Солонгосын засгийн газарт сануулга өгөх зорилготой гэж ярьсныг Пёньяны төв хэвлэл мэдээлж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press