Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхнасан: Засгийн газраас хайгуул хийх саналууд ирдэг ч бид зөвшөөрдөггүй

www.mongolianminingjournal.com
2019 оны 7 сарын 30
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Уул уурхайгүй аймаг болох зорилтыг Архангай аймаг тавьжээ. Энэ талаар  тус аймгийн  Засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцлаа. 

-Уул уурхайн чиглэлээр аймаг ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын түвшинд Архангай аймаг уул уурхайгүй хөгжих ёстой гэсэн бодлого барьдаг.

Боломж бүрэн бий. Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох зорилго тавин ажиллаж байна. Уул уурхайгүй аймаг болох асуудал  2015 онд “Урт нэртэй” хуульд өөрчлөлт орсноор эхэлсэн. Тиймээс аль болох энэ асуудлыг хурдан дуусгаж, уул уурхайгаас салах зорилттой ажиллаж байна.

Манай аймаг бол аялал жуулчлал, мал аж ахуй, үйлдвэрлэлээр хөгжих бүрэн боломжтой. Засгийн газраас хайгуул хийх саналууд ирдэг ч, бид зөвшөөрөл өгдөггүй. Иргэдийг ажилтай орлоготой болгох тал дээр “Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрийн хүрээнд болон бусад олон ажил хийж байна.

Тэгэхээр аймаг уул уурхайгүйгээр ажиллаж, амьдрах олон боломж бий.

-Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын хэчнээн тусгай зөвшөөрөл аймгийн хэмжээнд хүчин төгөлдөр байна вэ? Мөн хайгуул хийгдэж байгаа газар бий юу?

-Архангай аймгийн Цэнхэр суманд 12, Төвшрүүлэх суманд 4, Ихтамир суманд 2, Өлзийт суманд 1, Батцэнгэл суманд 1, Тариат суманд 1 ашиглалтын тусгай зөвшөөрөл тус тус хүчин төгөлдөр байгаагаас Цэнхэр сумын Орхон багийн нутагт олгогдсон 9 тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа эхэлсэн.

Бусад ашиглалтын талбайд ямар нэгэн үйл ажиллагаа эхлээгүй байна. Мөн  хайгуулын 11 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас Төвшрүүлэх суманд 3, Жаргалант суманд 2, Чулуут, Хотонт, Цэнхэр, Хангай, Ихтамир, Эрдэнэмандал сумдад нэг нэг олгогдсон байна. Одоогийн байдлаар хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн газар байхгүй.

-Орхон багийн нутагт алт олборлодог компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ямар ямар компани ажиллаж байна вэ?  

-Өнөөдрийн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газраар “Уулын ажлын төлөвлөгөө”-гөө, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулсан MV-012470 тусгай зөвшөөрөл бүхий “Алтайголд”, MV-004780 тусгай зөвшөөрөлтэй “Голден хаммер”, MV-001410 тусгай зөвшөөрөлтэй “БМНС” компаниуд үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон Ажлын хэсгийн зүгээс эдгээр компанийн үйл ажиллагаанд хяналт тавихын зэрэгцээ хуульд заасан бичиг баримтын бүрдэл хангаагүй “Монгол газар” ХХК, “Эм Жи Эйч” ХХК болон “Сэншивей Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэхгүйгээр зогсоон, тогтмол хяналт тавин ажиллаж байна.

“Монгол газар” ХХК, “Эм Жи Эйч” ХХК-ийн эзэмшиж буй талбайд гэрээгээр үйл ажиллагаа явуулахаар ирсэн аж ахуйн нэгжүүдийг талбайгаас гарган, газар чөлөөлөх албан мэдэгдлийг хүргүүлэн, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг үүрэг болгосон.

Харин “Монгол газар”, “Эм Жи Эйч” компаниуд сүүлийн хэдэн жил асуудал дагуулж байгаа юм. Гуравласан гэрээтэй нэртэй хүмүүс ажиллуулдаг, зөвшөөрөл нь гардаггүй ийм байдалтай сүүлийн жилүүдэд бид тэмцсээр ирлээ.

-Эдгээр компаниудын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-“Монгол газар”, “Эм Жи Эйч” гэх компаниудын тусгай зөвшөөрөл “Алтай голд”, “Бат Дөлгөөн Мөрөн” компаниудад шилжсэн сураг байна. Тусгай зөвшөөрөл авсан тус компаниуд өмнөх шиг олон жижиг аж ахуйн нэгж, компани оруулахгүй, талбайг нь ашиглаад нөхөн сэргээлтийг нь хийх боломжтой гэж бидэнд хэлсэн.

Бидний гол зорилго бол байгаа зүйлийг нь ашиглуулж нөхөн сэргээлт хийлгэж авах юм. Энэ дагуу шаардлага тавьж байна. Эзэмшилд буй талбайг авах гээд чадахгүй байгаа. Харин энэ жилээс Орхоны асуудал нэлээд цэгцэрч байгаад баяртай байна.

2016 оны сонгууль дуусахад Орхон гол шараар урсчихсан байдалтай бид хүлээж авсан. Бид Засгийн газарт хүсэлт тавьсны үндсэн дээр тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй баг ирж ажилласны хүчинд өнөөдөр ямар ч байсан шар ус алдуулахгүй барьж байна.

-Дээрх компаниудын үйл ажиллагаанд өмнө жилүүдийн адил хяналт тавигдаж байгаа байх?

-Аймгийн холбогдох хууль хяналтын байгууллагуудыг хамруулсан Ажлын хэсэг бүхий хяналтын постыг тавдугаар сараас эхлэн Орхон багт ажиллуулж байна.

Уг постонд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газрын албан хаагчдыг ээлжээр ажиллуулж, хуульд заасан бичиг баримтын бүрдэлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох, нийгмийн хэв журам алдагдвал түүнийг зогсоох, байгаль орчныг бохирдуулах зэрэг хэрэг зөрчлийг зогсоож, зохих зөвшөөрөлгүй аж ахуй нэгж, иргэдийн уул уурхайн хүнд техник хэрэгслийг уурхайн бүсэд нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байна.

Мөн ашиглалтын талбайд байрлах хаягдал усны далан хаалтыг сэргээх, бэхжүүлэх зэрэг гол ус бохирдуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийлгэн, зөрчил дутагдал гаргахаас сэргийлэн, хийх ажлуудыг зөвлөмжөөр хүргүүлэн ажиллаж байна.

-Орхон багийн нутагт яг өнөөдрийн байдлаар хэдэн га газар ашиглагдаж, эвдэгдэж, үүнээс ашиглалт нь дуусаад нөхөн сэргээлт хийгдсэн хэдэн га газар байна?

-Цэнхэр сумын Орхон багт алт олборлолтын ажил 1999 оноос анх эхэлсэн. 2009 онд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн  сан  бүхий  газарт  ашигт  малтмал  хайх,  ашиглахыг  хориглох”  тухай хууль гарч алт олборлогчдын үйл ажиллагаа зогсон, эвдрэлд оруулсан талбайн 50-аас илүү хувьд нөхөн сэргээлтийн ажил хийгээд байсан.

Гэвч Засгийн газрын 289, 302 тоот тогтоолуудаар уг хуулийн үйлчлэлээс чөлөөлөгдсөнөөр 2015 онд олборлолтын ажил дахин эхлэх нөхцөл бүрдсэн. Ингээд нөхөн сэргээлт хийсэн газруудад олборлолт явуулж эхэлснээр өнөөдрийн байдлаар нийт 1,000 орчим га талбай эвдрэлд орсон байгаа бөгөөд 20%-д нөхөн сэргээлтийн ажил хийгээд байна.

Нөхөн сэргээлтийн ажлыг орхигдуулсан “Монгол газар”, “Эм Жи Эйч” ХХК-ийн алт олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирол, тухайн газрыг нөхөн сэргээх ажлын зардлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар тооцуулж, хууль шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргахаар ажиллаж байна.

Дээрх аж ахуйн нэгжүүд нь таван тусгай зөвшөөрлийн талбайд 420 га талбайг эвдрэлд оруулж, нөхөн сэргээлт хийгээгүй байгаа юм. Хуучин нөхөн сэргээсэн талбайг эвдээд орсон, нөхөн сэргээлт хийгдээгүй талбайнууд байна. Мөн ашиглалт дуусаагүй учраас нөхөн сэргээлт бүрэн хийгдэх боломжгүй юм.

-Өнгөрсөн жилүүдэд Орхон багийн нутагт ажиллаж байгаа иргэдийн дийлэнх буюу барагцаалбал 90 орчим хувь нь өөр аймаг сумынх байсан. Тэнд ажиллах Архангайн иргэдийн тоо нэмэгдсэн үү?

-2018 онд нэг очиход “гэрээгээр ажиллах гэсэн юм, зөвшөөрлөө хүлээж байна” гээд манай аймгийн ченжүүд цөөнгүй харагдаж байсан. Орон нутгийн иргэд ч нэмэгдсэн байх. Өмнө нь “Монгол газар” компанитай гэрээ хийгээд “хулхидуулсан” энэ тэр асуудлууд байсан. Ийм асуудлуудыг энэ жилээс таслан зогсоож байгаад миний хувьд баяртай байна.

Тусгай зөвшөөрөл шилжүүлж байгаа “Алтайголд”, “Бат Дөлгөөн Мөрөн” компаниудын төлөөлөлтэй уулзахдаа аль болох орон нутгаас иргэд ажиллуулах санал тавьсан. Тэр дагуу саналыг ч дэмжсэн.

Аймгийн зүгээс газраа хурдан чөлөөлүүлж авах, нэгэнт л ажиллах учраас нутгийн иргэдийг ажиллуулахад анхаарлаа хандуулж байна. Ер нь алтны олборлолттой холбоотой асуудлыг даруйхан хумьж авахгүй бол Заамар шиг болох нөхцөл байдал үүссэн.

-Тусгай зөвшөөрөлтэй “Алтай голд”, “Голден хаммер”, “БМНС”, мөн тусгай зөвшөөрөл  шилжүүлж авах “Бат Мөрөн Дөлгөөн” зэрэг компани хуулийн хүрээнд ажиллаж байгаа юм байна. Нөхөн сэргээлтийг ч хуулийн дагуу хийнэ, цаашид хууль зөрчсөн үйлдэл хийхгүй,  Орхоны асуудал цэгцэрч байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Энэ гурван компани албан ёсны зөвшөөрөлтэй, ажиллах эрх үүсээд хуулийн дагуу ажил явагдаж байгаа учраас хариуцлага ярьж болно. 

-Эдгээр компани нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжилд үзүүлэх үр нөлөө, иргэдэд баялгийн үр өгөөж хүртээх асуудлыг ярьсаар  ирсэн. “Ард иргэдийн амьдралд нөлөөлөх зүйл хийх тал дээр нь шахаж ажиллана” гэж та 2018 онд мэдэгдэж байсныг санаж байна?

-Аймгийн зүгээс өнгөрсөн жилээс эхлээд тус компаниудаар тодорхой ажлуудыг гүйцэтгүүлэхээр шахалт тавьж байна. 2018 онд “БМНС” компани нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн “Тамир” кино театрын засварын ажлыг 160 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлсэн.

Мөн “Алтайголд” компани Цэцэрлэг хотын гэр хорооллын гудамжуудын нүүрний хашаануудыг шинэчлэх ажилд 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлэсэн. Бусад компаниуд ч нийгмийн хариуцлагын ажил хийж байгаа.

Зөвхөн аймгийн төв гэлтгүй сум, багт ч тодорхой ажлууд хийж байгаа юм. Аймгийн зүгээс дээрх компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ хийж байна.

-2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 50%, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 5%-ийг орон нутгийн хөгжлийн сан руу хуваарилдаг болсон. Энэ  төлбөрөөс хэр хэмжээний мөнгө аймагт төвлөрөх вэ?  

-Энэ онд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 26.7 сая, АМНАТ-ийн 5%-иас 2.5 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлэхээр байна.

-Энэ хөрөнгийг орон нутгийн сан руу хуваарилах болсон нь аймагт ямар ач холбогдолтой гэж Та үзэж байна вэ?

-Олон талын ач холбогдол бий. Юуны түрүүнд, аймгийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ гэсний эхлэл юм. Энэ хөрөнгөөс аймагт тодорхой ажлуудад зарцуулж байна. Орон нутагт хэрэгцээтэй асуудлуудаа ИТХ-аар хэлэлцэж, тодорхой ажлуудад зарцуулах санхүүгийн боломж үүсч байгаа нь давуу тал юм.

-Таныг болон аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр  нарыг хуурамч тушаал гаргасан, ИТХ хуралдаагүй байхад хуралдсан мэтээр баримт бүрдүүлэн А/369 дугаартай тогтоол гаргаж, Цэнхэр сумын Шоронгийн ам гэдэг газраас 5 га талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн гэх асуудал яригдсан. Энэ тухай тайлбар өгнө үү?

-Хурлын тогтоол гарсан гэсэн яриа гарч байгаа. Сумын иргэдийн хурлын тогтоол гарч, тэр дагуу аймгийн ИТХ-ын даргад сумаас санал тавьсан юм билээ. АМГТГ аймаг санал тавьж тухайн асуудалтай газрыг шалгуулдаг.

Энэ саналыг ИТХ-ын дарга холбогдох газарт явуултал, аймгийн Засаг дарга санал тавихгүй бол хүлээж авахгүй гэсэн хариу ирүүлсэн байгаа юм. Тиймээс аймгийн Засаг даргын хувьд би санал явуулсан. Тухайн газарт давхцал байгаа эсэхийг судалж шалгаж өгнө үү гэсэн хүсэлт бүхий албан бичиг юм.

Сумын хурлын тогтоолын дагуу бичгийг явуулсан ч одоогоор  надад хариу  ирээгүй. Суманд бичиг нь очсон юм билээ. Би санал явуулснаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй.

-Ярилцсанд баярлалаа. 

 

Ярилцсан: Х.Цэвэгмид /"Архангайн толь"/ сонины сэтгүүлч

Зураг