Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Борис Жонсон Нэгдсэн Вант Улсын сүүлчийн ерөнхий сайд болох уу?

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Борис Жонсон, Никола Старжен нар

Саяхан Их Британийн ерөнхий сайдаар томилогдсон Борис Жонсон өчигдөр Шотландад зочилжээ.

Түүнийг Шотландын засаг захиргааны тэргүүн сайд Никола Старжен тийм ч халуун дотно хүлээж аваагүй байна. “Шотландын ард түмэн энэ засгийн газрыг сонгоогүй, энэ ерөнхий сайдыг сонгоогүй, Европын Холбооноос гарах сонголт хийгээгүй. Тиймээс Европын Холбоотой гэрээ байгуулалгүй салах Борис Жонсоны аюултай төлөвлөгөөг дэмжихгүй нь тодорхой” гэж тэр уулзалтын өмнө мэдэгджээ.

Жонсон шотландчуудын удирдагчтай уулзсаныхаа дараа албан өргөөнийх нь арын хаалгаар гарч явсан нь түүнийг эсэргүүцэгчдээс зугтсан хэрэг байв.

Британийн ерөнхий сайд болсон хүн Нэгдсэн Вант улсын эв нэгдлийг батлан сахихаа үзүүлж, Англи, Шотланд, Уэльс, Умард Ирландад тойрон зочилдог нь уламжлал болсон зүйл юм.

Гэвч Европын Холбооноос хамгийн аюултай хувилбараар салах тухай ярьж байгаа Борис Жонсоныг шотландчууд айдастай хүлээн авсан байна.

Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн эхний өдөр нь Шотландын Үндэсний Намын удирдагч Ян Блэкфорд түүнийг “Нэгдсэн Вант улсын сүүлчийн ерөнхий сайд” хэмээн зарлаж байв.

2014 онд болсон санал асуулгаар Шотландын иргэдийн 45 хувь нь тусгаар тогтнолыг дэмжиж, 55 хувь нь Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүнд хэвээр байхыг илүүд үзсэн юм.

Харин Жонсон ерөнхий сайд болсон нь энэ харьцааг эргүүлнэ гэж Шотландын үндсэрхэг үзэлтнүүд найдаж байна. Блэкфорд шинэ ерөнхий сайдыг “тусгаарлах үзэлтнүүдийг нэмэгдүүлэх багаж” хэмээн нэрлэж байснаас үүнийг харж болно.

Жонсоныг ерөнхий сайд болохоос өмнө Сандэй Таймс сонины явуулсан судалгаанд оролцогч шотландчуудын 49 хувь нь тусгаар тогтнолыг дэмжиж байсан бол ерөнхий сайд болсны дараа явуулсан судалгаагаар 53 хувь нь дэмжсэн үр дүн гарсан байна.

Даваа гарагт энд зочлохдоо Жонсон одоогийн вант улсыг “түүхэнд бий болсон хамгийн амжилттай улс төр, эдийн засгийн холбоо” гэж магтаад “хамтдаа байхдаа хүчтэй, тогтвортой, хөгжингүй дэлхийн брэнд болдог” гэж тодорхойлжээ.

Тэр бас 2014 онд болсон тусгаар тогтнолын санал асуулгыг зуунд нэг тохиох үйл явдал гэж нэрлээд дахин ийм алхам хийхийг зөвшөөрөхгүй гэдгээ сануулжээ.

Жонсон бас “Европын Холбооноос гэрээ байгуулалгүй гарах” нь түүний засгийн газрын эцсийн зорилго биш гэж шотландчуудыг тайтгаруулсан юм.

2016 онд болсон Brexit-ийн бүх нийтийн санал асуулгад оролцсон Шотланд, Умард Ирландын иргэдийн дийлэнх нь Европын Холбооноос гарахыг эсэргүүцэж, Англи, Уэльсийн иргэдийн олонх нь дэмжсэн байдаг.

Борис Жонсон тэр үед Европын Холбооноос гарах хөдөлгөөнийг тэргүүлж байсан юм.

Зөвхөн шотландчууд Нэгдсэн Вант улсын ирээдүйн талаар ярихгүй байна.

Ирландын БНУ-ын ерөнхий сайд Лео Варадкар өнгөрсөн Баасан гарагт Британийн улс төрийн талаар ховор ярилцлагыг хэвлэлд өгөхдөө энэ сэдвийг хөнджээ.

“Нэгдсэн Вант улсын эв нэгдэлд хор учруулах нэг хүчин зүйл нь Brexit-ийг хатуу нөхцлөөр хэрэгжүүлэх явдал байж болох юм. Өөрийгөө үндсэрхэг үзэлтэн, католик шашинтан гэж боддог, одоогийн статустаа сэтгэл хангалуун бус байдаг хүмүүс нэгдсэн Ирландын талаар илүү их боддог болно” гэж тэр ярьсан байна. Энэ нь Британийн бүрэлдэхүүнд байдаг Умард Ирландыг Бүгд Найрамдах Ирланд Улстай нэгтгэх тухай юм.

Британийн улс төрчдийн зарим нь бас үүнд санаа зовж байгаагаа илэрхийлж байгаа.

Тереза Мэйгийн дэфакто орлогч байсан Дэвид Лидингтон саяхан BBC сувагт ярихдаа “Би Шотландын үндсэрхэг үзэлтнүүд, Ирландыг нэгтгэх хүсэлтэй хүмүүсийн өмнөөс яриагүй байна. Гэхдээ хүмүүсийн үзэл бодлын хуваагдал нь Нэгдсэн Вант Улсын бүрэн бүтэн байдалд хор учруулах эрсдэл харагдаж байна” гэж хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Лондонд болсон арга хэмжээний үеэр Лэйбор намаас ерөнхий сайд болж байсан Гордон Браун ярихдаа Борис Жонсоныг “Нэгдсэн Вант Улсын 55 дахь ерөнхий сайд гэдгээрээ бус, Английн анхны ерөнхий сайд гэдэг нэрээр түүхэнд үлдэж болзошгүй” хэмээн хэлж байв.

Жонсон консерватив намын 160,000 гишүүний дотор явуулсан нууц санал хураалтаар 92 мянга гаруй хүний саналаар ерөнхий сайд болсон нь Британийн сонгогчдын дөнгөж 0.35 хувь болж байна. Бас тэдний дийлэнх хэсэг нь Английн өмнөд хэсгийн оршин суугчид болж байгаа юм.

Жонсоныг ерөнхий сайд болсноос хэдхэн цагийн дараа Шотландын Глазго хотын төвд “Boris No! Independence Yes!” гэсэн бичигтэй зурагт хуудас барьсан хүмүүс цугларч байжээ.

 

Эх сурвалж: The Washington Post