Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Туркмений одууд ерөнхийлөгчийнхөө үхлийн тухай цуурхлыг няцааж эхлэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Туркменистан улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг нас барсан тухай цуурхал тараад удаагүй байна.

Тус улсын албаныхан уг цуурхлыг шууд үгүйсгэлгүйгээр ерөнхийлөгчөө наймдугаар сарын 15-ныг хүртэл амарч байгаа гэсэн мэдээлэл тарааж байгаа юм.

Мөн саяхан түүнийг Узбекистан улсын ерөнхийлөгчид төрсөн өдрийн мэнд хүргэж, утсаар ярьсан тухай Ташкентын албаны хүмүүс мэдээлж байв. Бердымухамедов долдугаар сарын 5-ны өдөр засгийн газрын хуралдаанд сууснаасаа хойш олны нүдэнд огт ил гарахгүй байгаа юм.

Тэгвэл хэд хоногийн өмнөөс Туркмений урлагийн одууд сошиал сүлжээнд ерөнхийлөгчийнхөө талаар тарсан цуурхалд итгэхгүй байхыг хүмүүст уриалж эхэлжээ.

Жишээ нь тус улсын хошин урлагийн жүжигчин Ягшы Гошунов “Худал цуурхалд итгэхгүй байхыг би та бүхнээс хүсэж байна” гэж ярьсан бичлэгээ Инстаграм хуудсандаа нийтэлсэн байна. Ингэхдээ тэр #duryalan буюу туркмен хэлээр “цуурхлыг зогсоох” гэсэн утгатай хаштаг хэрэглэжээ.

Гошунов “жингийн цуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг” гэсэн хэлц үгийг мэдэгдэлдээ эш татсан байна.

Туркмений алдартай поп дуучин Сэлби Тувакгылыжова мөн Инстаграм хуудсандаа “Аллах бурхан ерөнхийлөгчийг минь, улс үндэстнийг минь дайснуудаас хамгаалах болтугай” гэж ерөөгөөд цуурхалд автахгүй байхыг 57,000 дагагчдаа уриалжээ.

Харин Ашгабатын эмси Бегмырат Амангулиев мэдэгдэлдээ илүү хүчтэй үгсийг ашиглаж “Бид өөрсдийн алтан амийг хайрт ерөнхийлөгчийнхөө төлөө золиослоход бэлэн байна” гэж сошиал хуудсандаа мэдэгдээд цуурхал тараагчдыг хурцаар шүүмжилсэн байна.

Туркмений ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар худал мэдээлэл тараасан шалтгаанаар тус улсын Лебап мужид гурван иргэнийг цагдаа нар баривчилсан талаар сөрөг хүчний “Хроника Туркменистана” суваг саяхан мэдээлжээ.

Ийнхүү Туркменистаныг сүүлийн 12 жилийн турш дангаар захирч байгаа 62 настай Гурбангулы Бердымухамедовтой холбоотой үйл явдлууд үргэлжилсээр байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty