Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мандах: Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг олон нийтийн анхаарлаас шалтгаалж буурч байна

М.Туяа, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 30
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын шүүхийн энэ оны эхний хагас жилийн байдлаарх шүүн таслах ажиллагааны тойм мэдээллийг танилцууллаа.

Анхан шатны шүүх 2019 оны эхний хагас жилд эрүү, иргэн, захиргааны нийт 29.2 мянган хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн хянан  шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх  оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 860 хэргээр буюу 13.8 хувиар, захиргааны хэрэг найман хэргээр буюу нэг хувиар тус тус өссөн бол иргэний хэрэг 15.8 хувиар буурчээ.

Тиймээс дээрх мэдээлэлтэй холбогдуулан ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандахаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ оны хагас жилийн байдлаар гарсан Эрүүгийн хэрэг, зөрчлөөс дүгнэж хэлбэл ямар үзүүлэлт гарч байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 13.8 хувиар,ял шийтгүүлэгчдийн тоо 10.5 хувиар өссөн байна.

2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хууль шинэчилсэн байдлаар хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ял шийтгүүлэгчийн тоо болон Эрүүгийн хэрэг сүүлийн хоёр жилд өсөх хандлагатай байгаа. Тиймээс хагас жилийн байдлаар, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн ял шийтгэсэн 6,975 хүн, нэг хуулийн этгээдийг шийтгэж, 1,210 хүнд хорих ял оноохгүйгээр тэнсэх арга хэмжээг авсан байна.

Хүнийг алах, хүчиндэх, залилах, мал хулгайлах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна. Тухайлбал, хүнийг алах, дээрэмдэх гэмт хэрэг 30 орчим хувиар өсөж, залилах, хүчиндэх гэмт хэрэг 50 хувиар өссөн байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 20 хувь, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 25.9 хувиар өссөн.

-Тэгвэл ямар гэмт хэргүүд буурсан бэ?

-Хэд хэдэн гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлттэй байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 30 хэргээр буюу 19.7 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг дөрвөн хэргээр буюу 57.1 хувиар буурсан байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болон хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурч байгаад төрийн бодлого, олон нийтийн анхаарал хандуулж байгаа байдал нөлөөлж байна. Мөн улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх болон эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг буурсан юм.

-С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор шалгагдаж буй ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүний холбогдох хэрэг гэх мэт эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шийдвэрлэсэн тохиолдол бий юу?

-Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг энэ оны эхний хагас жилд хянан шийдвэрлээгүй байна. Гэхдээ Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарт холбогдох эрүү шүлт тулгах гэмт хэргийг хянан шийдвэрлэж байгаа. Гэвч энэ хэргийн шийдвэрлэлт эцэслэн шийдэгдээгүй тул энэ тайланд ороогүй.

-Шийтгүүлсэн хүмүүст хорих ял оноох гэхээс илүү торгох ялыг ногдуулдаг болсон гэлээ. Энэ талаарх мэдээллийг өгөхгүй юү?

-Эрүүгийн шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн хүрээнд торгох ялаар шийтгэл оноох хандлага их байна. Нийт ял шийтгүүлсэн хүмүүсийн 45 орчим хувь нь торгох ялаар, 25 орчим хувь нь хорих ялаар шийтгэгдсэн байгаа.

Шинэ Эрүүгийн хууль хүнийг заавал хорино гэхгүйгээр торгодог болсныг тоо баримтаас харж болно. Түүнчлэн цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоо 29.5 хувиар, сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 2.3 дахин өссөн байна. Эрүүгийн хэргээр нийт шийтгэгдсэн шийтгүүлэгчийн тоо өссөн нь энэ үзүүлэлтийн өсөлтөд нөлөөлж байна.

-Гэмт хэрэгт өртөж хохирсон хүмүүс хэр олон байна вэ?

Гэмт хэргийн улмаас 7,709 хүн, 66 хуулийн этгээд, 79 төрийн байгууллага хохирч, нийт 14.2 тэрбум төгрөгийн хохирлыг шүүхээс тогтоосон байна. Улмаар 254 хүний амь хохирч, 4,283 хүн хүнд, хүндэвтэр, хөнгөн байдлаар эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай мэдээ байна.

-Зөрчлийн тухай болон Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль 2017 оны долоодугаар сарын 1 –ээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор холбогдох хэргийг хянан шийдвэрлэж эхэлсэн. Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт ямар байгаа вэ?

-Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр зөрчлийн хэрэгт 8,390 хүн, нэг хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан. Зөрчлийн хэрэг баривчлах болон торгох шийтгэл оногдуулдаг. Торгох шийтгэл 22.6 хувиар өссөн. Шүүхээс торгох ял, торгох шийтгэл, улсын тэмдэгтийн хураамжаар 11.8 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн.

-Иргэд хоорондоо гэрээ хэлэлцээр хийж үйл ажиллагаа явуулснаас болж, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас маргаан нэлээд гардаг. Энэ мэт иргэний хэргийн маргаан шийдвэрлэлт өссөн үү?

-Харин ч буурсан шүү. Тодруулбал, анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурсан байгаа. Өмнөх жилүүдэд нь тогтмол өсөлттэй гарч байсан боловч энэ жилийн хувьд 15 хувиар буурсан нь иргэний хуулийн дагуу шийдвэрлэдэг зээлийн болон гэрээтэй холбоотой маргаан буурсан. Мөн ажилласан жил тогтоолгох маргаан буурсан.

Өнгөрсөн онд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор малчдын ажилласан жилээ тогтоолгох гэсэн маргаан огцом өсөж байсан. Энэ жил уг асуудал шийдэгдэж, жигдэрсэн учраас иргэний хэргийн маргаан буурсан. Түүнчлэн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээгээр иргэний хэргийн ачаалал багассан.

Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээгээр 4,579 зөрчил, маргаан амжилттай шийдэгдсэн. Хоёр тал болон хөндлөнгийн хараат бус этгээдийг байлцуулж эвлэрүүлэх ажиллагааг явуулдаг.

-Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлдэг. Үүний тухайд?

-Захиргааны хэргийн тоо хэвийн байгаа. Иргэд төрийн албаны болон газрын маргаан, татварын маргаан, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан, төрийн хяналт шалгалттай холбоотой маргааны асуудлаар захиргааны хэрэг үүсгэх тохиолдол элбэг. Энэ хагас жилийн хувьд тендерийн маргаан 21 хэргээр буюу 2.6 дахин өссөн огцом өсөлттэй байна.

Зураг