Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгод болж буй хэрэг явдалд харамсаж байгаагаа Хятадын засгийн газар илэрхийлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн засаг захиргааны эсрэг иргэдийн өрнүүлж буй тэмцэлд харамсаж байгаагаа Хятадын засгийн газар албан ёсоор илэрхийллээ.

Тус хот дахь Хятадын засгийн газрын дээд байгууллага болох Хонг Конг, Макаогийн Хэрэг Эрхлэх Газар өчигдөр анх удаа мэдэгдэл хийсэн юм.

Хонг Конг хотод эрх баригчдын эсрэг тэмцэл найм дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Хамгийн сүүлд өнгөрсөн Ням гарагт жагсагчид, цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн болж, цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан юм.

Эх газрын Хятадын төлөөлөгч хэлсэн үгэндээ Хонг Конгод болж буй үйл явдлыг “радикал элементүүдийн өдүүлсэн гэмт хэрэг” гэж нэрлээд энгийн иргэдэд нөхцөл байдлыг зөвөөр ойлгохыг уриалжээ.

“Хонг Конгийн нэн тэргүүний шийдэх асуудал бол хүчирхийллийг зогсоож, нийгмийн дэг журмыг тогтоон, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх юм” гэж Хонг Конг, Макаогийн Хэрэг Эрхлэх Газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Мөн Бээжингийн эрх баригчид Хонг Конгийн удирдлагыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Болж буй хэрэг явдалд Хятадын хөгжлийг саатуулах зорилготой Өрнөдийн этгээдүүд буруутайг бас мэдэгдсэн байна.

Британийн колони байсан Хонг Конг өөрийн хууль, шүүхийн системтэй, зөвхөн гадаад харилцаа, батлан хамгаалах асуудлаар Хятадаас хамааралтай оршдог.

Бээжингийн мэдэгдэл Хонг Конгчуудын тэмцлийг улам хурцатгах аюултайг тус хотын хууль тогтоогчдын нэг Клаудиа Мо хэлсэн байна. “Бээжингийн өнөөдөр хийсэн мэдэгдэл гал дээр тос нэмэх аюултай. Тэд захирагч Кэрри Ламыг, цагдаагийн хүчийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь Хонг Конгийг хагаралдуулах оролдлого байж болзошгүй” гэж тэр ярьжээ.

Хятадын төлөөлөгчдөөс сэтгүүлчид Хонг Конгт цэрэг оруулах эсэх талаар асуухад тэд шууд хариулахаас зайлсхийсэн байна.

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэргүүд Хонг Конгод байрладаг. Гэхдээ тэд хотын дотоод хэрэг явдалд оролцох эрхгүй. Хуулийн дагуу зөвхөн Хонг Конгийн засаг захиргаа тусламж хүссэн тохиолдолд Бээжин цэргийн хүч илгээх боломжтой юм.

Хонг Конгод өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн нь нийт иргэдийн хүсэл сонирхол биш, цөөн тооны тэрс үзэлтнүүдийн үйлдэл гэдгийг харуулах нь Бээжингийн мэдэгдлийн гол зорилго байв.

 

Эх сурвалж: BBC