Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

266 сая төгрөгийн авлигын хэрэгт 4 жилийн ял оноосон ч 1.0 тэрбум төгрөгийн хэргийг торгоод орхисон шүүхийн шийдвэр

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АТГ-аас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийхдээ маш ноцтой хоёр бичлэгийг ил болгосон юм.

АТГ-аас танилцуулсан дөрвөн хэргийг онцолбол:



Хэрэг 1. Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо "Эрдэнэс Тээвэр" ХХК-аас 57.5 сая төгрөгийн авлига авсан нь тогтоогдсон. Түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгожээ.



Хэрэг 2. МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын албан өрөө, гэр, биеэс нийт 1.0 тэрбум төгрөг илрүүлжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Баярсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар, мөн Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.  

Тайлбар: АТГ-аас шүүхэд шийлжүүлсэн хэргүүд шйидвэрлэгдэж, тодорхой хэмжээнд хохирол нөхөн төлүүлэх ажил хийгдэж байгаа талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээлэхдээ дараах хоёр хэргийг онцолсон юм.



Хэрэг 3. Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг албан эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаар дамжуулан хахууль авсан хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлснийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 24-нд хянан шийдвэрлээд М.Сономпилийг авлигын хэрэгт гэм буруутайд тооцон дөрвөн жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдсэн 266 сая төгргөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.  



Хэрэг 4. Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан н.Ононд холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг  Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдврлэсэн байна. Иймд АТГ прокурорын газартай хамтраад Авлигын эсрэг хуульд заасан үндэслэлийн дагуу н.Ононгийн хууль бусаар хөрөнгөжиж,  эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох хүсэлтийг шүүхэд тавьсны үндсэн дээр  шүүхээс орон сууцыг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. 



Эндээс төрийн албан тушаалтнуудын үйлдсэн авлигын хэрэг хэрхэн шийдэгдсэнийг харж болох нь. Тодруулбал, 266 сая төгрөгийн авлигын хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноосон бол 1.0 тэрбум төгрөгийн, бичлэг бүхий баримттай авлигын хэрэгтнүүдэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгууль ногдуулж, төрд ажиллах эрхийг нь хасаад хаажээ. Ялангуяа, энэ тохиолдлоос төрийн байгууллагын нэг хэлтсийн дарга ямар их хэмжээний авлига авсан нь анхаарал татаж байхад ногдуулсан "ял" нь хэр бодитой байгаа нь сонирхол татаж байна. 

АТГ зөвхөн дээрхээс гадна үүнээс их хэмжээний мөнгөтэй холбоотой хэргүүдийг мөрдөн шалгахдаа мөн л ийм байдлаар баримтжуулж, бичлэгжүүлж авдаг аж.

2019 оны эхний зургаан сарын байдлаар л гэхэд манай төрийн албан хаагчдид авлигад холбогдсон 29 хэргийг шүүхээр шийдүүлснийг жагсаавал:

  • БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дараг асан Б.Батсайхан
  • Нийслэлийн Газрын албаны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Амаржаргал
  • Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар  
  • МУБИС-ийн Эдийн засаг, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Л.Ганцэцэг
  • БСШУСЯ-ны харьяа "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэ
  • Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ 
  • Хан-Уул дүүргийн 243-р цэцэрлэгийн захирал Б.Саранцэцэг
  • БЗД-ийн Газрын албаны дарга асан Н.Батсүх 
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨҮГ-ын Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Гэрэлт-Оч 
  • Багануур компанийн охин компани "Багануур илч" компанийн гүйцэтгэх захирал С.Батболд
  • Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн захирал Ш.Чимгээ
  • Завхан аймгийн Улиастай сумын Төв номын сангийн захирал Л.Долгоржав
  • "Өсвөр Үе-хүнс" ОНӨААТҮ-ийн газрын дарга Б.Наранчулуун
  • "Сити баз консалтинг" компанийн захирал Н.Отгонбаяр, гүйцэтгэх захирал Г.Зуундарь нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. 

Эхний хагас жилийн байдлаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдсан этгээдүүдийн 

  • 29 буюу 10.2 хувийг төрийн улс төрийн албан тушаалтнууд
  • 46 буюу 16.3 хувийг төрийн захиргааны
  • 68 буюу 24 хувийг нь төрийн тусгай
  • 28 буюу 9.9 хувийг төрийн үйлчилгээний
  • 35 буюу 12.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит ААН-ийн албан тушаалтан 
  • 77 буюу 27.2 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан эзэлжээ.

АТГ авлигын хэргийн улмаас үүссэн хохирлыг төлүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа аж.  

Одоогийн байдлаар 384 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа бөгөөд үүнээс 335 нь хэрэг бүртгэлтийнх, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. 

Эдгээр гэмт хэргийн улмаас нийт 11.9 их наяд төгрөгийн хохирол үүсжээ. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 129 тэрбум 830 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан гэнэ. Энэ хөрөнгийн хэмжээн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 дахин өссөн гэдгийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэллээ.

Сүүлийн үед зарим хэрэг шүүхээр эцэслэгдэн шийдэгдээгүй байхад олон нийтийг төөрөгдүүлж, мушгин гуйвуулсан худал мэдээллийг түгээж, хэрэг шалгах ажилд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг ил цагаан хийдэг болсон тул АТГ шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийг бичлэгийг ийнхүү ил болгосноо тайлбарласан билээ.