2020/02/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,761.69₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
20:00
S29
-10°
21:00
S29
-10°
22:00
S29
-12°
23:00
S31
-12°
00:00
S29
-12°
01:00
S29
-12°
02:00
S29
-12°
03:00
S29
-12°
04:00
S26
-12°
05:00
S26
-13°
06:00
S26
-13°
07:00
S26
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

КҮШИРО дахь үл мэдэгдэх нисдэг биет

ikon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN

1995 онд Кобе хотод болсон газар хөдлөлтөөс (7 mms хүчтэй 20 секундын газар хөдлөлтөөр 6400 гаруй хүн амиа алдсан) сэдэвлэн Японы зохиолч Мураками Харукиги-гийн бичсэн "U.F.O in Kushiro" өгүүллэгийг хүргэж байна. Энэхүү өгүүллэг Чикагогийн их сургуулийн доктор Jay Rubin-ийн Англи хэл дээр орчуулснаар New Yorker сонины 2001 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн дугаарт хэвлэгдэж, 2011 онд цахим хуудсанд нь нийтлэгдэж байжээ. 

 
            Тэрээр бүтэн таван өдрийг зурагтны урд өнжин сууж нурсан банк, эмнэлэг, галд автсан дэлгүүрийн барилгууд, галт тэрэгний болон хурдны тасарсан замуудыг ширтэж өнгөрөөхдөө ганц үг ч хэлсэнгүй. Амаа таг хамхиж, буйдангийн буланд гүн гэгч нь шигдээд Комураг өөртэй нь ярихаар хариу хэлэх байтугай толгойгоо ч  сэгсрэх юмуу дохих ч үгүй байлаа. Өөрийнх нь дуу хоолой түүнд хүрч байгаа эсэхэд ч Комура эргэлзэж байв.

Комурагийн эхнэр өмнөд Яманакагийнх бөгөөд түүний мэдэхээр Кобегийн газар хөдлөлтөд гэмтэж, бэртэхээр найз нөхөд,танилууд эхнэрт нь байдаггүй аж.  Гэсэн ч бүсгүй өглөөнөөс шөнө хүртэл зурагтын өмнө хадаатай байсаар л байсан юм. Комура босож өөртөө өглөөний унд, кофе бэлдэж уугаад ажилдаа явна. Орой гэртээ ирээд хөргөгчинд байгаа зүйлсээр ямар ч хамаагүй хоол бэлтгэж ганцаараа иднэ. Түүнийг унтахаар орондоо ороход ч бүсгүй сүүлийн мэдээнүүдийг ширтсээр л үлддэг байв. Комурагийн анзаарснаар эхнэр нь юу ч идэж уугаагүй бөгөөд нэг ч удаа ариун цэврийн өрөөнд ороогүй байв. Анир чимээгүйн чулуун хана түүнийг хүрээлжээ. Комураханыг эвдэж орохоор оролдохоо нэгэнт больжээ. 

Бүтэнсайн өдөр буюу зургаа дахь өдөр ажлаасаа ирэхэд нь, эхнэр нь ор сураггүй алга болчихсон байв.

       Комура Токиогийн Акихабарагийн хамгийн хуучин хөгжмийн хэрэгслийн дэлгүүрүүдийн нэг “Электроникийн тосгон”-д  ажилладаг байсан. Тэрээр өндөр үнэтэй эд хэрэгслүүдийг хариуцдаг бөгөөд худалдах болгондоо тодорхой хувийн урамшуулал авдаг байж. Түүний ихэнх үйлчлүүлэгчид нь эмч, амжилттай бизнес эрхлэгчид, баян хөрөнгө оруулагчид байв. Тэрээр энэ ажлыг найман жилийн турш хийж, анхнаасаа л боломжийн орлоготой байдаг байжээ. Эдийн засгаараа  эрүүл иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж, Япон мөнгөөр халгиж байлаа. Хэтэвчнүүдэд нь арван мянгатын дэвсгэртүүд чихэлдэж, хүн болгон л түүнийгээ үрж ядаж байсан цаг. Хамгийн үнэтэй бүтээгдэхүүнүүд ихэвчлэн түрүүлж зарагддаг байсан үе.

Комура бол өндөр, туранхай, загварлаг хувцасладаг нэгэн. Хүмүүстэй харилцахдаа сайн. Ганц бие байхдаа ч олон эмэгтэйтэй уулздаг нэгэн байж.  Гэвч гэрлэснийхээ дараа буюу хорин зургаан насанд нь түүний бэлгийн дур сонирхол нь ер бусын нууцлаг байдлаар “зүгээр л” замхарч үгүй болжээ. Гэрлэлтийнхээ таван жилийн турш тэрээр эхнэрээсээ өөр бүсгүйтэй унтаагүй. Тэгэх боломж нөхцөл бүрдээгүйдээ биш, харин хэсэгхэн зуурын янаг амрагийн явдал, ганц шөнийн зугаа цэнгэлд огтоос сонирхолгүй болсон байв. Гэртээ эртхэн харьж, эхнэртэйгээ тайван хооллоод буйдан дээр хэсэг ярилцаж суусны эцэст орондоо орж хайрын үйл хийхийг л хамгаас илүүд үздэг байлаа. Түүний хүссэн бүх зүйл нь ердөө л энэ.

Найзууд нь харин Комурагийн гэрлэлтийн талаар өөр хоорондоо ярилцаж, талцсан. Түүний цэвэрхэн, сонгодог дүр төрхтэй харьцуулахад эхнэр нь байгаагаасаа илүү энгийн байх боломжгүй нэгэн шиг санагдаж байв. Учир гэвэл эхнэр нь намхан, нарийхан гартай, тэнэгдүү бөгөөд ноомой төрхтэй нэгэн байсан юм. Зөвхөн физик талаасаа ч бус хувь хүний хувьд ч түүнд сэтгэл татам зүйл байсангүй. Бүсгүй хаа нэг л үг дуугарч, байнга л бүүдгэр, уруу царайтай харагддаг байлаа.

Гэлээ ч гэсэн, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй ч Комура эхнэртэйгээ нэгэн дээврийн дор хамт байхад түүний бүх л сэтгэл зовнил замхран оддог байсан бөгөөд энэ л түүний хувьд жинхэнэ амралт болдог байв. Түүнтэй хамт унтахад гүн нойронд автахын зэрэгцээ урьд нь зүүдэлдэг байсан  хачин зүүднүүдээс ангижирдаг байжээ. Түүнд цаашдаа үхлийн талаар, ямар нэгэн арьс өнгөний өвчний талаар эсвэл бүр ертөнцийн агуутай холбоотойгоор санаа зовох шаардлага байсангүй.

         Эхнэр нь харин эсрэгээрээ, Токиогийн чихэлдэж бужигнасан амьдралд дургүй бөгөөд Яманакадаа л тэмүүлдэг байсан. Тэрээр эцэг эх, хоёр эгчийгээ их санадаг байсан ба хэрэгтэй гэж бодсон үедээ хэзээ ч хамаагүй тэдэнрүүгээ явчихдаг байв. Бүсгүйн эцэг эх нь гэр бүлээ санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүйгээр авч явахуйц боломжийн буурчийн газар ажиллуулдаг. Эцэг нь бага охиндоо үнэхээр их хайртай төдийгүй ирж очих зардлыг нь төлөхдөө тун баяртай байдаг байж. Комура хэд хэдэн удаа гэртээ ирэхдээ эхнэр нь эзгүй бөгөөд хэсэг зуур эцэг эхийнхээ гэрт зочлохоор явсан талаар зурвас үлдээснийг олж уншсан удаатай. Гэвч тэрээр үүнийг тоож байсангүй. Ердөө л эхнэрээ ирэхийг хүлээдэг байсан бөгөөд сайхан зантай үедээ бүсгүй долоо эсвэл арав хоногийн дараа гэхэд л эргээд ирчихдэг байв.

Харин газар хөдлөлтийн дараах тав хоногийн эцэст эхнэрийнх нь үлдээсэн зурвас өмнөхөөсөө өөр байсан бөгөөд “Би эргэж ирэхгүй” гэж бичээд яагаад цаашид Комуратай хамт амьдрахыг хүсэхгүй байгаа талаараа энгийн бөгөөд тодорхой тайлбарлажээ. 

Тэр цаасан дээр "Гол асуудал нь чи надад хэзээ ч, юу ч өгч байгаагүй. Бүр тодорхой хэлбэл, чиний дотор надад өгч чадах юу ч байхгүй. Чи бол сайн, эелдэг бас царайлаг нэгэн боловч чамтай хамт амьдрах нь нэг хэсэгхэн агаартай хамт байхтай л адил. Энэ нь чиний буруу ч биш. Чамд дурлах маш олон бүсгүйчүүд бий, гэхдээ надруу л битгий залгаарай. Зүгээр л миний үлдээсэн эд хогшлыг гаргаад хаячихаарай” гэж бичиж үлдээжээ. 

Бүсгүй эд хогшил гэхээр тийм ч олон зүйлс үлдээсэнгүй. Хувцас, гутал, борооны шүхэр, кофены аяга, үс хатаагч зэргээ бүгдийг нь авч явсан байв. Бүсгүй Комураг өглөө ажилдаа явсны дараа л эдгээр зүйлсээ баглаж ачуулсан байх. Байшинд түүний “үлдээсэн хогшил” гэж болохуйц зүйлс нь ердөө л дэлгүүр хэсэхдээ ашигладаг байсан унадаг дугуй, бас хэдхэн номууд байв. 

Маргааш нь тэр Ямагатад байдаг хадам эцэг, эхийнхээ гэрлүү залгав. Хадам эх нь харилцуурыг аваад эхнэр нь түүнтэй ярихыг хүсэхгүй байгаа талаар дуулгалаа. Хоолойнд нь уучлалт гуйсан өнгө тодорно. Мөн эхнэр нь Комурад гэр бүл салалтын талаарх нэг талын баримт бичгүүдийг удахгүй явуулах бөгөөд гарын үсгээ зураад тэдгээрийг тэр даруй буцаан явуулах ёстой талаар дамжуулав. 

         Комура тэрхүү бичгүүдэд тэр даруй хариулах боломжгүй байж магадгүй хэмээн хариуллаа. Чухал асуудал байсан учир тэрээр энэ талаар бодолцож үзэхийг хүсэж байв.

Хадам эх нь “Чи хүссэнээрээ л бодож болно, гэвч тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй гэж би бодож байна” гэв.

Түүний зөв ч байх хэмээн бодогдоно. Хэчнээн ч удаан хүлээлээ гээд энэ бүхэн хэзээ ч өмнөхтэйгөө ижил байхгүй. Үүнд тэрээр итгэлтэй байв.

Бичиг баримтуудыг буцааж явуулсныхаа дараа Комура ажлаасаа долоо хоногийн чөлөө авлаа. Хоёрдугаар сар үнэхээр урт байсан бөгөөд тэрээр даргадаа амьдралдаа тохиолдсон зүйлийг нэгэнт хэлсэн тул амралтын чөлөө авахад асуудал тулгарсангүй.

Сасаки нэртэй хамтран ажиллагч нь өдрийн цайны цагаар түүн дээр ирээд

 “Чамайг амралтаа авч байгаа гэж сонслоо. Хийхээр төлөвлөсөн зүйл байгаа юу?” хэмээн асуулаа.

“Мэдэхгүй юм даа, яавал дээр гэж бодож байна?” гэж Комура буцааж асуув.

Сасаки ганц бие бөгөөд Комурагаас гурван насаар дүү. Тэрээр гадаад байдалдаа маш нарийн анхаардаг бөгөөд алтан хүрээтэй харааны шил зүүдэг богинохон үстэй нэгэн. Сасаки ихэнх хүний дургүйцлийг хүргэсэн олон үгтэй, өөртөө эрдсэн бардам агаараар өөрийгөө хүрээлүүлсэн хүн боловч Комуратай нөхөрсөг бөгөөд энгийн хялбархан харилцаатай байв.
  • “Новш гэж-нэгэнт л амралтаа авч байгаа юм чинь хаа нэг сайхан газар руу аялах хэрэгтэй биш үү?” гэхэд нь:
  • “Дажгүй л санаа байна” хэмээн Комура хариуллаа.

Сасаки нүдний шилээ арчингаа Комураруу ямар нэгэн учиг хайсан шинжтэй ширтээд, та Хоккайдод очиж байсан уу?

  • Үгүй ээ.
  • Очиж үзмээр байна уу?
  • Яагаад асууж байгаа юм? 

Сасаки нүдээ онийлгон хоолойгоо засав. “Үнэнийг хэлэхэд надад Күширод хүргэх ёстой бяцхан илгээмж байгаа юм. Таныг хүргээд өгөх болов уу гэж найдаад л. Та надад нэг ийм том тус хүргэвэл би тасалбарын чинь зардлыг төлөхдөө баяртай байх болно. Бас Күширо дахь дэн буудлыг ч бас зохицуулна” гэлээ. 

                   "Бяцхан илгээмж ээ?”

                    “Яг л үүн шиг” хэмээн хэлээд Сасаки дөрвөн инч хэмжээтэй дөрвөлжинг гараараа дүрсэлж үзүүлээд “Ерөөсөө ч хүнд биш” 

     “Ажилтай холбоотой юмуу?”

Сасаки толгойгоо сэгсрээд “Огтхон ч үгүй” гэв. “Энэ бол хувийн шинжтэй зүйл. Зүгээр л энд тэнд унагааж гэмтээхийг хүсэхгүй байгаа учраас илгээмжээр явуулахгүй байгаа юм. Боломжтой бол таныг өөрийн гараар цааш хүлээлгэж өгөхийг хүсэж байна. Уг нь өөрөө хүргэхийг үнэхээр хүсэж байгаа боловч надад Хоккайдо хүртэл нисээд ирэх цаг даанч алга”

            “Их чухал эд үү?

Сасаки жимийсэн уруулаа бага зэрэг мушийлгаад үл ялиг толгой дохилоо. “Огт хэврэг биш, аюултай материалаар хийгдээгүй. Энэ тал дээр бол санаа зоволтгүй. Үүнээс болж онгоцны буудлын рентген шалгуур дээр таныг зогсоохгүй. Таныг ямар нэгэн асуудалд оруулахгүй гэдгээ амлаж байна. Илгээмжээр явуулахгүй байгаа цорын ганц шалтгаан маань зүгээр л илгээмээр санагдахгүй байгаад л байна” гэж хариулав. 

Хоёрдугаар сард Хоккайдо үнэхээр хүйтэн байгааг Комура мэдсэн ч, халуун эсвэл хүйтэн байх нь түүнд ердөө ч хамаагүй байлаа

  • За за, би тэгээд илгээмжийг чинь хэнд өгөх болж байна вэ?
  • Миний дүү, охин дүү маань тэнд амьдардаг юм.

Ийнхүү Комура түүний саналыг хүлээж авахаар шийдлээ. Түүнд татгалзах ямар нэг шалтгаан, эсвэл өөр хийх зүйл ч байсангүй. Сасаки тэр даруй нислэгийн компани руу утас цохиж, хоёр өдрийн дараах тасалбар захиалав.

Маргааш нь ажил дээр тэрээр Комурад бор цаасанд боосон, чандар хадгалдагтай төстэй боловч арай жижиг хайрцгийг өглөө. Мэдрэгдэж байгаагаас нь үзвэл модоор хийсэн бололтой. Үнэхээр л жингүй шахам хөнгөн зүйл байв. Төв замын цайруулсан зураг боосон цаас дээр нь ярайж илгээмжийг бүрхсэн байв.  Комура гартаа барьж үзсэнийхээ дараа бага зэрэг судалж үзэв. Үл ялиг сэгсэрсэн ч дотор нь ямар нэг зүйл мэдрэгдэх юмуу сонсогдсонгүй.

“Дүү маань таныг нисэх буудал дээрээс тосож авна” хэмээн Сасаки хэллээ. “Очиход тань дүү маань өрөө захиалаад өгчихнө. Та гагцхүү түүнтэй хаалган дээр уулзахад л болно" гэв. 

Комура ч зузаан цамц өмсөж, цүнхээ аваад гэрээсээ гарлаа. Онгоц түүний төсөөлснөөс хавьгүй их зорчигчтой байв. Тэрээр яагаад энэ олон хүн өвлийн дундуур Токиогоос Күширо руу явж байгаа юм бол доо? хэмээн гайхширлаа.

Өглөөний сонинд газар хөдлөлтийн талаарх мэдээлэл дүүрэн байлаа. Тэрээр онгоцонд болсон үйл явдлыг эхнээс нь дуустал уншив. Нас барагсдын тоо нэмэгдэж, олон газар ус, цахилгаангүй болсон байна. Мөн тун олон хүн гэр орноо алджээ. Сэдэв болгон шинэ шинэ эмгэнэлийг агуулж байсан ч Комурагийн хувьд эдгээр эмгэнэлүүд нь үнэндээ этгээд, худлаа мэт бодогдоно. Газар хөдлөлтийн хор уршиг нь түүнд алс холын уйтгартай хоосон цуурай шиг санагдаж байв. Нухацтайгаар бодож чадахуйц цорын ганц зүйл нь гэвэл эхнэрийнх нь улам алсран холдож буй явдал байлаа.

Эхнэрийнхээ талаарх бодол, ижил агуулгатай мөрүүдээс ядрахдаа тэрээр нүдээ анимагц унтаад өгчээ. Сэрснийхээ дараа дахиад л эхнэрийнхээ талаар бодлоо. Яагаад газар хөдлөлтийн талаарх мэдээллийг өглөөнөөс орой хүртэл, нойр хоолгүй ширтэв? Комурагийн харж чадаагүй юуг олж харсан юм бол?

Нисэх буудал дээр ижил өнгө, загвартай цув өмсөцгөөсөн хоёр залуу бүсгүй Комурад дөхөж ирлээ. Нэг нь 160 см орчим өндөр, богино үс, цонхигор царайтай. Нөгөө эмэгтэй нь 155 см хавьцаа өндөр бөгөөд хэрэв хамар нь маш жижигхэн бишсэн бол тун царайлаг байхаар нэгэн байв. Урт үс нь мөрийг нь дагаж унжина. Бүсгүйн чих нь ил гарсан ба баруун чихнийх нь омог дээрх хоёр мэнгийг зүүсэн ээмэг нь тодотгож харуулна. Бүсгүйчүүд хоёулаа хорин тав орчим настай болов уу. Тэд Комураг нисэх буудлын доторх кафед дагуулж оров.

“Би бол Кейко Сасаки” хэмээн өндөр бүсгүй хэллээ. “Ах маань таныг түүнд ямар их тусалдгийг надад хэлсэн. Энэ бол миний найз Шимао”

“Танилцахад таатай байна” гэж Комура хариулав.

Шимао “Сайн уу” хэмээв.

“Эхнэр чинь яваад удаагүй байгааг ах маань хэлсэн” гэж КеикоСасаки хүндэтгэлтэй өнгөөр хэлэв.

Хэсэг азнаснаа “Үгүй дээ, эхнэр минь үхээгүй” гэж Комура хариуллаа.

  • Уржигдархан ахтайгаа ярихад таныг эхнэрээ алдсан гэж хэлсэн юм л даа.
  • Тэгсэн. Тэр намайг орхиж явсан. Гэхдээ миний л мэдэж байгаагаар амьд мэнд байгаа.

“Хачин юм даа. Ийм чухал зүйлийг би буруу ойлгох ёсгүй дээ" гээд бүсгүй түүнийг гэмшсэн харцаар харав.

Комура кофендоо бага зэрэг чихэр хийн аажуухан хутгаад оочлоо. Кофе нь шингэн бөгөөд тааруухан амттай байв. Тэрээр “Би энд юугаа хийж яваа юм бол доо?” хэмээн дотроо гайхширлаа.

 Кейко “Тэгвэл, магадгүй би буруу сонссон байх. Алдаагаа хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байна” гээд, харваас сэтгэл нь ханамжтай болов. Тэрээр гүнзгий амьсгаа аваад доод уруулаа хазлаа. “Намайг уучлаарай, маш бүдүүлэг зан гаргалаа”

“Санаа зоволтгүй ээ, яасан ч бай, тэр явах нь явсан”

Комура, Кейко хоёрыг ярилцах зуур Шимао юу ч дуугараагүй боловч Комура руу харсан чигтээ инээмсэглэсээр байв. Тэр түүнд таалагдаж байгаа бололтой. Бүсгүйн биеийн хэлэмж, нүүрний илэрхийлэмжээс нь тэгж хэлэх боломжтой байв. Тэр гурвыг хэсэгхэн зуурын анир чимээгүй нөмөрлөө.

“Юу ч гэсэн, авч ирсэн чухал тээшээ чамд өгье” гэж Комура хэлэв. Цүнхнийхээ цахилгааныг тайлж, шахцалдуулан эвхэж хийсэн цамцнуудын дундаас хайрцгийг гаргаж ирлээ.

Кейко гараа ширээн дээгүүд сунгаж, ямар ч хувиралгүй нүд нь тээшин дээр туслаа. Жинг нь шалгаж үзээд тэрээр Комурагийн хийж байсны нэгэн адилаар чихэн тушаанаа хэд сэгсэрч үзэв. Тэрээр Комурагийн зүг бүх зүйл зүгээр байгаагийн дохио болгон инээмсэглээд хайрцгийг мөрөндөө үүрдэг томдсон цүнхэндээ шургууллаа.

“Би утсаар ярих шаардлагатай байна, ганц хором гарчихаад ирвэл дургүйцэхгүй биз дээ” гэв.

“Огт үгүй, санаа зоволтгүй”

Кейко цүнхээ мөрөвчлөөд утасны бүхээгийг чиглэн алхаж одлоо. Комура түүний явж байгааг нь судалж үзэв. Ташаанаас доод хэсэг нь том, тайван, механик хөдөлгөөн хийж байхад биеийнх нь дээд хагас хөдөлгөөнгүй. Комура өнгөрсөн цаг хугацааны зарим хэсэг одоо цагт санаандгүйгээр шахцалдан орж ирснийг нь гэрчлэн харж буй мэт сэтгэгдэл төрж байв.

“Та өмнө нь Хоккайдод ирж байсан уу?” хэмээн Шимао асуулаа.

Комура толгойгоо сэгсрэв.

“Тийм дээ, их зайтай шүү”

Комура толгой дохив. Тэгээд орчноо тойруулан хараад “Хачин юм даа” гэж хэлснээ “Ингээд сууж байхад их хол ирсэн юм шиг огтхон ч санагдахгүй юм” гэлээ.

  •  Ниссэн болохоор тэгж байгаа юм. Эдгээр онгоцнууд ч арай хэтэрхий хурдан шүү. Оюун санаа чинь биетэйгээ зэрэгцэж ч чадахгүй хойно хоцорно.
  • Чиний зөв ч байж магадгүй.
  • Ийм урт, хол замын аялал хийхийг хүссэн юм уу?
  • Тийм байх л гэж бодож байна.
  • Эхнэр чинь явчихсан болохоор уу?

Комура толгой дохилоо.

“Хэдий хол аялсан ч та хэзээ ч өөрөөсөө зугтаж чадахгүй” хэмээн Шимао хэлэв.

Түүнийг ярих үед нь Комура ширээн дээрх элсэн чихрийн аягыг ширтэж байснаа бүсгүйн нүдрүү өндийн хараад, тийм ээ, үнэн” гэж хариулав. 

Шимао түүнрүү хичээнгүйлэн харлаа. “Түүнд хайртай байсан гэж мөрийцсөн ч бэлэн байна, үгүй гэж үү?

Комура асуултаас бултав. “Чи КейкоСасакигийн найз гэл үү?”

Тийм ээ, бид хамтарцгаадаг юм.

Хамтарч юу хийдэг гэж?”

Асуултад хариулахын оронд Шимао өөрөөс нь “Өлсөж байна уу?” хэмээн асуулаа.

“Мэдэхгүй юм, өлсөөд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг санагдаж байна” гэж Комура хариулав.

Явж ямар нэгэн халуун хоол идэцгээе, гурвуулаа. Халуун хоол идвэл тайвшрахад чинь тустай.

            Шимао давхар хөтлөгчтэй жижиг субару унадаг аж. Кейко Сасаки Шимаогийн дэргэд сууж Комурад арын хавчигдмал суудал оногдов. Шимаогийн жолоодлогод тодорхой асуудал байгаагүй ч машины хойд хэсгийн дуу чимээ аймшигтай байсны дээр, хурд сааруулагч нь бараг л ажиллагаагүй болжээ. Энэ машин лавтай зуун мянган милл явсан байх ёстой. Хурдны хайрцаг нь хурд саарах болгонд араанд цохилт өгч, халаагч нь халуун, хүйтнээр ээлжлэн үлээж байлаа. Комура нүдээ анин өөрийгөө угаалгын машинд хоригдсон байна хэмээн төсөөлөв.

Күширогийн гудмууд дундаа хуримтлагдсан цасгүй боловч, замын хоёр талаар хол, ойр янз бүрийн зайтай мөсөрхөг гүвдрүүнүүд тогтжээ. Зузаан үүлс нам дор дүүжлэгдэж, нар жаргах хараахан болоогүй ч эргэн тойрон эзгүй, харанхуй болсон байв. Салхи хотыг дайран шунгинаж өнгөрнө. Алхаж яваа хүн огт алга. Замын гэрлэн дохио хүртэл тэс хөлдчихсөн мэт. 

“Энэ бол Хоккайдогийн нэг их цас ороод байдаггүй хэсэг нь” хэмээн Кейко Комура руу эргэж харан чанга дуугаар тайлбарлалаа. “Далайн эрэг дагуу учраас салхи нь тун хүчтэй, овоорсон юм бүхнийг хуу хаман үлээдэг юм. Гэхдээ осгочихмоор хүйтэн. Заримдаа чихийг чинь аваад явчих шиг л санагдана.”

“Гудамжинд унтаагаараа хөлдөж үхсэн хүмүүсийн талаар сонсоо биз дээ” хэмээн Шимао хэлэв.

“Энэ хавиар баавгай байдаг уу?” хэмээн Комура асуухад

Кейко инээд алдаж, Шимао руу эргэв. “Баавгай!”

Шимао мөн л адил жуумалзан инээнэ.

“Би Хоккайдогийн талаар сайн мэдэхгүй л дээ” хэмээн Комура хүлцэнгүй байдлаар өчлөө.

Кейко “Би баавгайн талаар гайхалтай түүх мэднэ” гэснээ үргэлжлүүлэн, “Тийм биз дээ, Шимао?” гэв.

Шимао “Гайхалтай түүх!” гэлээ.

Гэвч бүсгүйчүүд сэдвээ тэр дор нь өөрчилж, хэн нь ч баавгайн талаар ярисангүй. Комура ч сонсъё гэж гуйсангүй. Удалгүй тэд очих ёстой газраа хүрлээ. Гол зам дагуух гоймонтой шөлний том дэлгүүр. Тэд зогсоолд машинаа байршуулаад дотогш оров.

Комура гоймонтой халуун шөл, шар айрагтай авлаа. Эл газар бохир, хүнгүй хоосны дээр ширээ, сандлууд нь хэврэг, гоймонтой шөлнийх нь амт аймшигтай байсан ч идэж дууссаныхаа дараа Комура ямар ч гэсэн арай дээрдэж, бага ч болтугай тайвшралыг мэдрэв.

“Ноён Комура, танд Хоккайдод хийхийг хүссэн зүйл байна уу? Ах маань таныг энд долоо хононо гэсэн” хэмээн Кейког хэлэхэд Комура хэсэг бодсон боловч хийхийг хүссэн зүйлээ олж чадсангүй. 

Халуун рашаан байвал яаж байна. Хотын гадна, тийм ч хол биш нэг газар би мэднэ. 

"Муугүй санаа байна” хэмээн Комура хариулав.

 “Танд таалагдана гэдэгт би итгэлтэй байна. Их сайхан газар. Ямар ч хамаагүй ямар ч баавгай юм уу, элдэв янзын зүйлс байхгүй” гээд хоёр бүсгүй бие биенрүүгээ харснаа дахиад л инээлдэцгээв.

Кейко “Эхнэрийн чинь талаар асуувал дургүйцэхгүй биз дээ?” гэлээ.

Хэзээ таныг орхиж явсан юм?

“Хмм... газар хөдлөлтөөс хойш тав хоногийн дараа, тэгэхээр одоогоос хоёр долоо хоногийн өмнө.”

“Газар хөдлөлттэй ямар нэг холбоотой юу?”

Комура толгойгоо сэгсрэв. “Үгүй байх. Тэгж бодохгүй л байна.”

“Гэхдээ л, иймэрхүү зүйлс хоорондоо үнэхээр ямар ч холбоогүй байдаг эсэхэд би эргэлзсээр байгаа” хэмээн Шимао хүзүүгээ гилжийлгэн хэллээ.

“Тийм ээ” гэж Кейко дэмжив. Яаж холбогддогийг нь бид л харж чадахгүй байгаа юм" 

“Иймэрхүү зүйлс ээ?” хэмээн Комураг асуухад “Иймэрхүү гэдэг нь, өөрийнхөө мэддэг байсан нэг хүнд тохиолдсон зүйлийн талаар хэлсэн юм л даа” гэж Кейко хариулав.

Шимао Кейкод: “Ноён Саэкиг хэлээд байна уу?”

“Яг тийм.”

Кейко: “Саэки гэж хүн бий. Күширод амьдардаг, дөчөөд настай. Үсчин юм л даа. Эхнэр нь өнгөрсөн жил Ү.М.Н.Б /үл мэдэгдэх нисдэг биет буюу харь гарагийнхны онгоц/ харсан юм. Хотын захаар шөнө дунд ганцаараа жолоо барьж яваад аварга том Ү.М.Н.Б талбайд газардахыг харж. Вүүүүш! Яг л “Харийнхантай уулзсан нь” гэдэг шиг. Долоо хоногийн дараа бүсгүй гэрээ орхиод явчихсан. Зүгээр л алга болчихсон, хэзээ ч буцаж ирээгүй. Тэд уг нь гэр бүлийн эсвэл өөр ямар нэгэн асуудалгүй байсан юм.”

“Тэгээд энэ нь Ү.М.Н.Б-ээс болсон гэж үү?” хэмээн Комура лавлав.

 “Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч тэр зүгээр босоод л явчихсан. Ямар нэгэн тэмдэглэл үлдээгээгүй. Бага сургуулийн хоёр хүүхэдтэй боловч зүгээр л явчихсан. Тэр үеэс хойш түүнээс нэг үг ч сонсогдоогүй” хэмээн Кейко хариуллаа. “Явахаасаа өмнөх бүтэн долоо хоног зөвхөн Ү.М.Н.Б-н талаар л яриад байсан. Зогсоохын аргагүй ярина. Ямар том, бас үзэсгэлэнтэй байсан талаар нь л яриад байна. Кейко түр азнасхийж ярьж байгааг нь ойлгох хугацаа өгөхөд

“Эхнэр маань зурвас үлдээсэн” хэмээн Комура хэлэв. “Бас бид хүүхэдгүй.”

“Тэгэхээр таны нөхцөл байдал Саэкигийнхаас арай дээр юм” хэмээн Кейко хэллээ.

“Тийм ээ, хүүхэд гэдэг ч том өөрчлөлт шүү” гэж Шимао толгой дохин дэмжив.

“Шимаогийн аав нь түүнийг долоон настай байхад нь орхиж явсан юм,” гэж Кейко баргар царайлан тайлбарлаад “Эхнэрийнхээ охин дүүтэй нь явчихсан юм” гэв. Хэсэг нам гүмд дарагдлаа.

Сэдвийг өөрчлөхийн тулд Комура “Магадгүй ноён Саэкигийн эхнэр зугтаж явсан биш, Ү.М.Н.Б-д байсан харийнханд баригдсан байх” хэмээв.

“Боломжтой л юм” гэж Шимао гунигтайгаар хариулаад “Иймэрхүү түүхүүд хаа сайгүй л байдаг” гэлээ.

“Гудамжаар алхаж явахад чинь баавгай чамайг барьж иднэ гэх мэт зүйлсийг хэлж байна уу?” гэж Кейко асуугаад бүсгүйчүүд мөн л инээлдэцгээнэ.

Тэр гурав гоймонгийн газраас гараад ойролцоо байрлах хосуудад зориулсан зочид буудал руу явцгаав. Хотын захад, зочид буудал, булшны чулуу худалдаалах дэлгүүрүүд сөөлжилсөн хачин гудамж аж. Шимаогийн сонгосон зочид буудлын барилга нь европ ордон шиг өвөрмөц загвартай, хамгийн өндөр цамхаг дээр нь улаан өнгөтэй, гурвалжин туг хийсэж байв.

Угтах ширээнээс Кейко түлхүүр авч, цахилгаан шатанд сууцгаалаа. Өрөөний цонх нь утга учиргүй том ортой нь харьцуулахад тун жижигхэн. Комура хүрмээ өлгүүрт өлгөөд ариун цэврийн өрөөнд оров. Түүний эзгүй хэдэн хоромд хоёр бүсгүй усны онгоцонд халуун ус тосож, гэрлээ бүдэгрүүлэн өрөөний халаагч, зурагтыг асааж, ойролцоох зоогийн газрын хоолны цэсийг үзээд орны толгой дээрх гэрлийн унтраалга болон хөргөгчин дэх зүйлсийг шалгалаа.

"Энэ газрын эзэд нь миний найзууд. Би тэдэнд хэлж том өрөө бэлтгүүлсэн юм. Хосуудад зориулсан зочид буудал л даа, гэхдээ тоох хэрэггүй. Тавгүй биш байгаа биз дээ?”

“Огтхон ч үгүй” гэж Комура хариулав.-

“Нисэх буудлын дэргэдэх үнэ хямдруулсан жижигхэн өрөөнд давчдаж байснаас хамаагүй дээр гэж бодсон юм.”

“Чиний зөв гэж бодож байна.”

“Усанд орвол яасан юм? Онгоцыг дүүргэчихсэн.”

Комура хэлснээр нь хийв. Усны онгоц маш том бөгөөд Комура дотор нь ганцаараа сууж байгаадаа бараг тавгүйрхэж буйгаа мэдэрлээ. Энэ зочид буудалд ирсэн хосууд гарцаагүй хамтдаа усанд орцгоодог байж таарна.

Усны өрөөнөөс гараад Комура Кейко Сасаки ганцаараа явсныг хараад гайхширав. Шимао үлдээд, зурагт үзэнгээ шар айраг ууж байх юм.

“Кейко гэрлүүгээ явчихсан” гэснээ Шимао үргэлжлүүлэн “Маргааш өглөө ирэх болсонд нь хүлцэл өчөөрэй гэж надаас хүссэн юм. Би түр байзнаж шар айраг уувал дургүйцэхгүй биз дээ?” гэв.

“Үгүй ээ.”

“Итгэлтэй байна уу? Ганцаараа баймаар ч юм уу, эсвэл дэргэд чинь хэн нэгэн байхаар амарч чадахгүй юм биш биз?”

 Үгүй гэдгийг нь Комура баталж хэллээ. Шар айраг уунгаа сэнсээр үсээ хатаагаад, Шимаотай зурагт үзэв. Кобегийн газар хөдлөлтийн талаарх онцгой мэдээ гарч байна. Нэг ижил дүр зураг дахин дахин давтагдана. Хазайсан барилгууд, хагарч цуурсан зам харгуй, нулимстай хөгшин эмэгтэй, үймээн, чиг зорилгогүй уур уцаар. Сурталчилгаа гарч эхэлмэгц Шимао удирдлагаар суваг солив.

- Тэрээр “Нэгэнт л энд хамт байцгааж байгаа учраас ярилцацгаая” гэлээ.

-  “Тэгье” хэмээн Комура хариулав.

-  “Юуны талаар ярих уу?”

 “Машинд байхад Кейко та хоёр ямар нэгэн баавгайн талаар ярьж байсан, санаж байна уу? Чи гайхалтай түүх гэж хэлсэн.”

“Өө, тийм л дээ,” хэмээн бүсгүй толгой дохиод “баавгайн түүх” гэв.

 “Надад энэ талаар яримаар байна уу?”

Тэгье ээ, яагаад үгүй гэж?

Шимао хөргөгчөөс шинэ шар айраг гаргаж ирээд шилэн аягануудаа дүүргэлээ.

“Жаахан завхай талдаа” гэснээ бүсгүй “Дургүйцэхгүй биз дээ?” гэв.

Комура толгойгоо сэгсрээд “Үгүй дээ, ярь ярь” гэлээ.

Зарим эрчүүд эмэгтэй хүмүүс иймэрхүү зүйл ярихад таагүй байдаг шүү дээ.

 Би тийм биш ээ. 

Яг үнэндээ надад тохиолдсон зүйл учраас жаахан санаа зовмоор юм.

Чамд зүгээр гэвэл би сонсмоор байна.

Хэрэв чамд л зүгээр бол надад зүгээр” гэж Шимао хариулав.

" Би зүгээр ээ.

" “Гурван жилийн өмнө коллежид сурч эхлэх үедээ би нэг залуутай болзож байлаа. Надаас нэг ах, миний унтаж үзсэн анхны эр хүн. Нэг өдөр бид хойд зүгт ууланд авирцгаалаа. Намрын сүүл үед учраас толгодод баавгай элбэгшсэн байсан юм. Жилийн энэ үед баавгайнууд үржилд ороход бэлдэцгээн хоол хүнс хайцгааж, улам аюултай болдог. Заримдаа хүмүүс рүү довтолно. Биднийг очихоос гурав хоногийн өмнө нэгэн авирагчид аймшигтай зүйл тохиолдсон байж. Тиймээс нэг хүн бидэнд хонх өгч явууллаа. Аялах үедээ хонхоо дуугаргаж, баавгайнуудад “энд хүмүүс явж байна шүү” хэмээн анхааруулах ёстой юм л даа. Ер нь баавгай хүнрүү довтлох зорилгоор дайрдаггүй. Ургамал, ногоогоор их хооллодог. Хүмүүс рүү довтлох шаардлага ч үгүй. Хүмүүстэй санамсаргүй дайралдсандаа цочирдож эсвэл уурласандаа байгалиас заяасан зуршлаараа л дайрчихдаг. Хэрэв хонх дуугаргаад явах юм бол тэд чамаас зайгаа барина гэсэн үг. Ойлгож байна уу?”

Ойлгож байна.

Тиймээс бид хонхоо дуугаргаад л алхаж байсан хэрэг. Тэгээд огт хүнгүй хэсэг газарт очсоны дараа найз залуу маань гэнэт л нөгөө ... хийхийг хүссэн. Надад ч тэр санаа таалагдсан тул тэгье  гэж хэллээ. Бид замаас гарч, саглагар бутны цаана хүнд харагдахааргүй газар очоод нийлэг дэвсгэр дэвсэв. Гэхдээ би баавгайнаас айгаад байсан юм.Эвгүй үедээ баавгайд бариулж үхэх ямар муухай байхыг бодоод үз л дээ! Би хэзээ ч тийм байдлаар үхэхийг хүсэхгүй байсан. Чи хүсэх байсан гэж үү?”

Үгүй гэдэгт Комура санал нэгдэв.

 Тэгээд бид тэнд, нэг гартаа хонхоо барингаа хайраа илэрхийлсэн дин-нг-дин дин-нг-дин!”

 Хэн чинь хонхоо барьсан юм бэ?”

 Ээлжилсэн. Нэгнийх нь гар цуцахаар нөгөөх нь гээд л. Дуусан дуустлаа хонх жингэнүүлэх үнэхээр хачин, эвгүй байсан!

Комура ч бас хөнгөхөн инээмсэглэхэд Шимао алгаа ташив. “Гайхалтай, ямар ч гэсэн чи инээж чаддаг л юм байна!”

“Мэдээж, чадалгүй яахав” хэмээн Комура хариулсан ч нэлээд хэсэг хугацааны дараа л анх удаа инээж байгаагаа анзаарлаа. “Хамгийн сүүлд хэзээ инээсэн билээ?”

Би ч бас усанд орвол дургүйцэхгүй биз дээ?” хэмээн Шимао асуув.

 Үгүй ээ.

 Бүсгүйг усанд орж байх үед Комура чанга дуутай хошин жүжигчний хэд хэдэн зүйл үзүүлбэрийг үзсэн боловч огтхон ч хөгжилтэй санагдаагүй ба тэднээс болоод инээдтэй санагдсангүй юү, түүнээс өөрөөс нь болов уу гэдгийг хэлж мэдсэнгүй. Шар айраг ууж, хөргөгчнөөс савтай самар авч задлав.

Шимао усанд тун их удсаны эцэст алчуураар биеэ ороосноос өөр хувцас гэх зүйлгүй гарч ирээд орны захад суув. Бүсгүй алчуураа авснаа орны цагаан даавуун дээр муур шиг гулгаж хэвтээд Комураг ширтлээ.

Шимао: “Миний бодлоор, чи бага зэрэг тайвширч амьдралаас ахиад жаахан таашаал авах хэрэгтэй. Бодоод үз л дээ, маргааш газар хөдлөлт болж болно, чамайг харийнхан хулгайлах, эсвэл чи баавгайнд идүүлж ч болно. Юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.”

Тийм ээ. Юу болохыг хэн ч мэдэхгүй” хэмээн Комура давтав.

Эхнэр чинь зурвас үлдээсэн гэсэн байх аа?

Тийм ээ.

Юу гэж бичсэн байсан юм?

 Надтай хамт амьдарна гэдэг нэг хэсэг хоосон агаартай хамт байгаагаас ялгаагүй гэсэн.

Нэг хэсэг агаар? гэж юу гэсэн үг юм бол гээд тэр өргөн Комураг хараад, юу гэсэн үг юм бол?

Миний дотор юу ч байхгүй гэсэн үг юм болов уу даа.

Тийм гэж үү?

Магадгүй л юм. Гэхдээ би яг ч итгэлтэй биш л байна. Миний дотор хоосон байж болох юм л даа, гэвч дотор яг юу байх ёстой гэж?

Тийм ээ, яг зөв, бодоод үз. Юу байна гэж? Ээж маань салмон загасны арьсанд тун дуртай байлаа. Зөвхөн арьснаас бүтсэн салмон загас байдаг ч болоосой гэж хүсдэг байсан юм. Тэгэхээр заримдаа дотроо юу ч үгүй байх нь бас илүү дээр ч байж болно. Тэгж бодохгүй байна уу?

Комура зөвхөн арьснаас бүтсэн салмон загас гээд төсөөлөхийг оролдов. Гэвч, хэдий тийм загас байлаа ч дотор нь арьс байгаа биш гэж үү? Тэрээр гүнзгий амьсгаа авч цээжийг нь налсан Шимаогийн толгойг өргөснөө буцааж буулгав.

Юутай ч хэлчихье. Дотор чинь ямар нэгэн зүйл байгаа эсэхийг мэдэхгүй юм, гэхдээ би чамайг ер бусын хүн гэж бодож байна. Чамайг ойлгож, чамд дурлах бүсгүйчүүд энэ дэлхийд дүүрэн байгаа гэж мөрийцөхөд ч бэлэн.

           - Ингэж бас бичсэн байсан.

          - Юу? Эхнэрийн чинь зурвасанд уу?

          -  Мхн.

 “Тоглоогүй байх шив” хэмээн Шимао хэллээ. Ээмэг нь Комурагийн цээжний арьсыг үрнэ.

          - “Гэнэт л бодлоо л доо” гэснээ Комура “Миний авч ирсэн хайрцган дотор юу байсан юм бол?”

         - Тэр санааг чинь зовоогоод байгаа юм уу?

         - Өмнө нь бол үгүй. Харин одоо, мэдэхгүй юм, гэнэт л бодогдоод эхэллээ.

         - Хэзээнээс

         - Яг одооноос.

          - Гэнэт л үү?

Тийм ээ, бодож эхэлмэгц л бодогдоод зогсохгүй юм.

Яагаад яг одоо л ингэтлээ бодогдох болсон нь надад сонирхолтой байна.

“Яагаад гэдгийг нь хэлье. Учир нь тэр хайрцагт чиний дотор байсан зүйл байгаа юм. Чи мэдэлгүй өөрийн гараар Кейкод өгчихсөн. Одоо чи түүнийгээ хэзээ ч буцаан авч чадахгүй” хэмээн Шимао хэлэв.

Комура гудасруу тулж өндийгөөд бүсгүйн дээрээс харлаа. Жижигхэн хамар, чихнийх нь гэдсэн дээрх мэнгэ. Өрөөний анир чимээгүйн дунд өөрийнх нь зүрхний цохилт чанга, хуурай сонсогдоно. Урагшаа бага зэрэг налахад яс нь нужигнан дуугарав. Хагас эгшин хэрийн хугацаандтэрээр аймшигтай хүчирхийлэл үйлдэхийн ирмэг дээр зогсож буй мэт санагдлаа.

Царайг нь анзаарч хараад Шимао “Тоглосон юм аа” хэмээв. “Толгойнд хамгийн түрүүнд орж ирсэн бодлоо л хэлсэн юм. Өөдгүй наргиа байлаа. Уучлаарай, битгий хүндээр тусгаж аваарай. Ингэе гэж бодоогүй шүү.”

Комура өөрийгөө хүчээр тайвшруулан буцаад дэрэнд толгойгоо шигтгэв. Нүдээ аниад гүнзгий амьсгаа авлаа. Түүнийг тойрон аварга том ор яг л шөнийн тэнгис шиг үргэлжилнэ.

Одоо багахан ч атугай, хол газар ирсэн юм шиг санагдаж байна уу” гэж Шимао асуув.

Хмм. Одоо надад үнэхээр маш хол газар ирчихсэн юм шиг санагдаж байна” хэмээн Комура шударгаар хариуллаа.

Шимао түүний цээжин дээр хуруугаараа шившлэг хийж буй мэт, ямар нэгэн төвөгтэй зураг дүрсэлж зураад, “Үнэндээ чи дөнгөж эхлэл дээр нь л зогсож байна” гэлээ.

 

 Орчуулсан: М.ХАТАНЗОРИГ

x