Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Бусдын амь насыг хохироох гэмт хэрэг 30%, залилах болон хүчингийн хэрэг өнгөрсөн оноос 50% өсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүн мэдээг өнөөдөр танилцууллаа.

Анхан шатны шүүх энэ оны эхний хагас жилд эрүүгийн 7,073, иргэний 21,240, захиргааны 791 хэрэг буюу нийт 29,284 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 8,460 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан болохыг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах онцолсон юм.

Мөн тэрбээр "Шүүхээс 11.8 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн. Үүнээс,

  • Улсын тэмдэгтийн хураамжаар 8.2 тэрбум
  • Торгох ялаар 3.5 тэрбум
  • Зөрчлийн хэрэгт торгох шийтгэлээр 138.1 сая төгрөгийн торгох ялаар шийтгэж санд оруулаад байна.

Анхан шатны шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 860 хэргээр буюу 13.8 хувиар, захиргааны хэрэг найман хэргээр буюу нэг хувиар өссөн бол иргэний хэрэг 15.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. 

Түүнчлэн анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй нийт 7,098 шүүх хуралдаанд 1,112 иргэдийн төлөөлөгч оролцсон.

  • Нийслэлд-713 шүүх хуралдаанд 719 иргэдийн төлөөлөгч
  • Орон нутаг-385 шүүх хуралдаанд 393 иргэдийн төлөөлөгч оролцсон" хэмээв. 

2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүнгээс нэг анхаарал татсан үзүүлэлт нь Иргэний хэргийн тухайд өмнөх жилүүдийн хувьд дандаа өсөлттэй гардаг байсан бол 2019 оны эхний хагас жилд 15.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан явдал байв. 

Ийнхүү бууралттай гарахад анхан шатны шүүх 4,018 хэргээр, давж заалдах шатны шүүх 347 хэргээр, хяналтын шатны шүүх 59 хэргээр тус тус буурсан нь нөлөөлжээ. 

Дээрх хугацаанд 680 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох болон чөлөөлж, 1,019 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1,922 хүний цагдан хорих хугацааг сунгасан.

Харин анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

Үүнд:

  1. Хүнийг алах гэмт хэрэг 28 хэргээр буюу 30.8 хувиар
  2. Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 375 хэргээр буюу 13.7 хувиар
  3. Хүчиндэх гэмт хэрэг 71 хэргээр буюу 51.1 хувиар
  4. Хулгайлах гэмт хэрэг 149 хэргээр буюу 17.3 хувиар 
  5. Дээрэмдэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 29.8 хувиар
  6. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 13 хэргээр буюу 20.3 хувиар
  7. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 116 хэргээр буюу 25.9 хувиар
  8. Залилах гэмт хэрэг 101 хэргээр буюу 49.3 хувиар тус тус өсжээ.

Эдгээр тоон үзүүлэлтээс харвал "хүнийг алах, хүчиндэх, залилах, мал хулгайлах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна. Харин хээл хахууль өгөх, хахууль авах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх,  хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурсан зэрэг эерэг үзүүлэлттэй гарсныг Шүүхийн судалгаа мэдээлэл, хүрээлэнгийн сургалтын хүрээлэнгийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг хэллээ.

Өөр бусад сонирхол татсан тоон үзүүлэлтүүдээс дурдвал:

  • Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн 9.8 хувь нь гэр бүлийн тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэрэг байна.
  • Гэр бүлийн тухай хуулийн хянан шийдвэрлэсэн хэргийн 58.3 ( 1,229 хэрэг) хувийг гэрлэлт цуцалсан шийдвэр эзэлж байна.
  • Эвлэрүүлэн зуучлалын амжилт 2019 оны эхний хагас жилд 0.2 хувиар өссөн.
  • Хяналтын шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн захиргааны хэрэг энэ оны хагас жилд 20.1 хувиар буурсан.
  • Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэсэн хэргийн 17.8 хувийг төрийн албаны маргаан эзэлж байна.
  • Эрүүгийн хэрэг 13.8, ял шийтгүүлэгчдийн тоо 10.5 хувиар тус тус өссөн.
  • Нэмж хэлэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд 7,709 хүн, 66 хуулийн этгээд, 79 төрийн байгууллага 14.2 тэрбум төгрөгийн хохирол шүүхээс тогтоожээ.