Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

“SHAPE APAC” уулзалт Улаанбаатарт зохион байгуулагдана

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн эдийн засгийн форумын (WEF) дэргэдэх Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг энэ жилийн “SHAPE APAC” буюу Ази Номхон далайн бүсийн уулзалтыг Улаанбаатар хотод наймдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. 

Тус уулзалтад 30 гаруй орны 70 гаруй залуу оролцохоос гадна Дэлхийн эдийн засгийн форумын удирдлагын баг, мөн түүнчлэн АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Эл Горийн үүсгэн байгуулсан “Climate Reality” хэмээх дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төсөл хэрэгжүүлдэг байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирэх аж.

Глобал Шейперс нийгэмлэг нь Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх нийгэмдээ эерэг хувь нэмрээ оруулах сонирхолтой 20-33 насны манлайлагч залуусын нэгдэл юм.
 

2011 онд анх байгуулагдсан цагаасаа эгнээндээ 8,200 гаруй залуусыг нэгтгэсэн бөгөөд өдгөө дэлхийн 154 өөр хотод 400 гаруй салбар нийгэмлэг үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

Тус нийгэмлэгийг Монгол Улсад анх 2012 онд "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг санаачлан албан ёсоор үүсгэн байгуулж байсан түүхтэй.  

Дэлхийн эдийн засгийн форумын зүгээс энэ жилийн онцлох сэдвийг “Эрүүл амьдралын хэв маяг” байхаар тодорхойлсон
 

Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэгийн энэ жилийн тэргүүн Э.Эрдэнэ “Энэ удаагийн Ази номхон далайн бүсийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах маш хариуцлагатай ажлыг манай нийгэмлэгийн залуус дааж авсан. Дэлхийн эдийн засгийн форумын зүгээс энэ жилийн онцлох сэдвийг “Эрүүл амьдралын хэв маяг” байхаар тодорхойлсон.

Техник, технологи хурдацтайгаар хөгжиж, хүн бүр “завгүй” ажиллаж хөдөлмөрлөж буй энэ нийгэмд аз жаргалтай амьдралын хэв маягаа өөрсдөө бүтээх, бий болгох талаар хэлэлцэх асуудал нь маш чухал юм. Бид энэхүү сэдвийг хөндөж ярихаас гадна байгаль орчин, тогтвортой хөгжил, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг яриа өрнүүлэхээр төлөвлөсөн” хэмээв. 

Үүнээс гадна Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг, АНУ-ын Climate Reality төсөлтэй хамтран Уур амьсгалын өөрчлөлт, Байгаль орчин, Тогтвортой хөгжлийн чиглэлээр 18-24 насны залууст зориулсан сургалтыг наймдугаар сарын 4-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сургалтад хамрагдсанаар залуус уур амьсгалын өөрчлөлтийн хор уршиг, боломжит шийдлүүд болон уг асуудлыг шийдвэрлэхэд залуус ямар хувь нэмэр оруулах боломжтой талаар цогц мэдээлэлтэй болох ба сургалтыг Climate Speakers Network-н мэргэжилтнүүд удирдан явуулах аж. 

Сонирхуулахад, Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг нь байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх зорилготойгоор хэд хэдэн төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, "Тогтвортой хөгжлийн залуу манлайлагч хөтөлбөр", "Монгол гэр төсөл", "Хэвлэл мэдээллийн салбарын манлайлал хөтөлбөр", "Амин хариуцлага төсөл", "Нэр төрөө эрхэмлэх өдөр, Цус хандивлах аян", "Залуу мэргэжилтнүүдийн менторшип хөтөлбөр" зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүд багтаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.