Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Украины парламентын цоо шинэ гишүүд эдийн засаг, хуулийн сургалтад сууж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энэ сард болсон Украины парламентын ээлжит бус сонгуулиар ерөнхийлөгч Володимир Зеленскийн “Ард түмний зарц” нам 254 суудал авч, үнэмлэхүй олонх болсон нь тус улсын орчин үеийн түүхэнд анхны тохиолдол байв.

Нийт 450 гишүүнтэй Верховна Радад нийт таван улс төрийн хүчин суудалтай болсон бөгөөд сонгогдсон гишүүдийн бараг 75 хувь нь улс төрийн туршлагагүй шинэ хүмүүс байгаа юм.

Тиймээс “Ард түмний зарц” нам өөрийн зардлаар шинэ гишүүдээ Киевийн Эдийн Засгийн Сургуульд эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр сургаж эхэлжээ. 

Наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхэнд болох магадлалтай байгаа шинэ парламентын анхны чуулганд тэд зохих мэдлэгтэй болоод орох юм байна.

Шинэ гишүүдийг Украины эдийн засгийг өөд татах, авлигын хэлхээг таслах, салан тусгаарлагчидтай хийж буй дайныг зогсоох зэрэг хүнд даалгаврууд хүлээж байгаа.

Дөрөвдүгээр сард ерөнхийлөгчөөр сонгогдсон Володимир Зеленский өөрөө улс төрийн туршлагагүй нэгэн бөгөөд өөрийн гол дүрд нь тоглож байсан телевизийн цувралын нэрээр нам байгуулсан нь мөн л улс төрөөс ангид хүмүүсээс бүрдсэн юм.

“Ард түмний зарц” намаас сонгогдсон парламентын гишүүд дотор бөх, жүжигчин, хуримын гэрэл зурагчин, пиццаны газрын эзэн, фитнес клубын менежэр зэрэг янз бүрийн ажил эрхэлж байсан хүмүүс байгаа.

Парламентын шинэ гишүүдийн эрчимжүүлсэн сургалт долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 4 хүртэл өдөр бүр бүтэн цагаар үргэлжлэх бөгөөд улс төрийн стратеги, төсөв зохиох, олон нийттэй харилцах, хууль тогтоох, бодлого боловсруулах зэрэг олон сэдвийг нэг дор багтаах юм байна.

Мөн гишүүдийн ажиллах чиглэлд тааруулсан тусгай хичээлүүдийг ч заахаар болжээ. Төрийн түшээдэд хичээл заах хүмүүсээр 35 орчим тооны профессор, багш нарыг сонгосон байна.

Ингэхдээ зориуд улс төрд ажиллаж байгаагүй хүмүүсээр багш нарын багийг бүрдүүлжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty