Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Fortnite тоглоомын дэлхийн аварга $3 саяын шагнал хүртэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Fortnite тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн тоглолт өчигдөр Нью Йорк хотын Артур Эйш цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө.

Э-спортын түүхэнд хамгийн өндөр шагналын сантай болсон энэ тэмцээний аваргууд $30 саяыг хувааж хүртсэн юм. Энэ жилийн аваргаар АНУ-ын 16 настай Кайл Гирсдорф шалгарч, $3 саяын шагнал хүртлээ.

Дэд байранд шалгарсан Британийн Жэйден Эшмэн $1.2 саяын шагнал хүртсэн байна. “Bugha” нэрээр тоглодог Гирсдорф “Би яг одоо цомоо тавих ширээ авах тухай л бодож байна” гэж хэлээд шагналын ихэнх мөнгөө хадгалах зорилготой гэж хэвлэлд ярьжээ.

Э-спортыг 2019 онд нэг тэрбум ам.долларын хэмжээтэй салбар болно гэж судлаачид тооцоолсон байдаг. Fortnite-ийн дэлхийн аваргын шагналын дээд амжилтыг ирэх сард болох “The International” хэмээх э-спортын арга хэмжээ хэдийнээ эвдээд байгаа.

Fortnite-ийн шигшээ тоглолтод нийт 100 тоглогч оролцож, өрсөлдсөн юм.

Дэлхийн аваргад дэлхийн 30 гаруй улсын тоглогчид оролцсоноос хамгийн олон нь АНУ-ын баг 70 хүнтэй, Францын баг 14 хүнтэй, Британийн баг 11 хүнтэй байжээ.

Fortnite тоглоомыг дэлхий дахинд 200 орчим сая хүн тоглодог. Тоглоом өөрөө үнэ төлбөргүй боловч тоглолтын явцад янз бүрийн бүтээгдэхүүн худалдаж авдаг юм.

Тоглогчид нь ганцаар, эсвэл дөрвөн хүнтэй баг, 20 хүнтэй баг үүсгэн хоорондоо өрсөлддөг.

Дөрөвдүгээр сард Британийн ханхүү Харри Fortnite-ийг хүүхэд залуусыг донтуулах нөлөөтэй тул хориглохыг уриалж байжээ.

 

Эх сурвалж: BBC