Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд маш ойрхон ирсэн астероидыг астрономичид хожимдож илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт 130 метр диаметр хэмжээтэй астероид дэлхийгээс 72,000 орчим километрийн зайтай нисэж өнгөрсөн байна.

Зай нь энгийн хүмүүст хол мэт сонсогдож байвч астрономийн хэмжүүрээр маш их ойртсон гэсэн үг юм. Энэ нь дэлхий ба сарны хоорондын зайны 20 хувь хүрэхгүй хэмжээ ажээ.

Астрономичид “2019 OK” нэртэй уг астероидыг долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө илрүүлсэн ч дэлхийд хэр ойртохыг, ямар хэмжээтэйг нь хэдхэн цагийн өмнө л тооцоолж чадсан байна.

Манай дэлхийн чигт цагт 84,000 км хурдалж байсан биетийн хөдөлгөөнийг орчин үеийн ямар ч техникээр тооцоолох боломжгүй байсан гэнэ.

Дараах хөдөлгөөнт дүрснээс “2019 OK” астероид дэлхийд ямар замаар ойртож ирснийг харж болно.

“2019 OK” нь Эрх чөлөөний хөшөөний өндрөөс ялимгүй өргөн хэмжээтэй ч 66 сая жилийн өмнө өнөөдрийн Мексикт унаж үлэг гүрвэлүүдийг сүйрүүлсэн 9.6 км диаметртэй биетээс хамаагүй бага хэмжээтэй.

Гэхдээ ийм хэмжээтэй биет дэлхийд унавал нэг хотыг сүйрүүлэх хохирол учруулж чадах юм.

NASA дэлхийн орчимд тэнүүчилж байгаа 800 метрээс илүү диаметртэй астероидуудын 90 орчим хувийг хянаж байдаг.

Гэхдээ сансрын биетүүд жижиг хэмжээтэй байсан ч дэлхийд аюул учруулах чадвартай. Жишээлбэл 1908 онд 100 орчим метр диаметртэй сансрын биет Сибирийн Тунгуска орчимд унахдаа хоёр ширхэг Нью Йорк хотын хэмжээтэй газрын ой модыг хуйхалж, устгасан байдаг.

2005 онд АНУ-ын конгресс дэлхий орчмын 140 метрээс өргөн хэмжээтэй астероидуудын 90 хувийг 2020 он гэхэд хянадаг болох даалгаврыг NASA-д өгч байв.

Гэвч сүүлийн байдлаар эдгээр биетүүдийн гуравны нэг орчмын хөдөлгөөнийг л хянаж чадаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider