Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосыг “цагаан жагсаалт”-аас хасах эсэхийг Япон улс наймдугаар сарын 2-нд шийднэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Япон улс өөрийнх нь өндөр технологийг импортлох эрхтэй орнуудын “цагаан жагсаалт”-ыг баталсан байдаг. Энэ жагсаалтад одоогоор АНУ, Британи, Герман, Австрали, Шинэ Зеланд, Аргентин зэрэг нийт 27 орон багтдаг юм.

Өмнөд Солонгос улс 2004 онд уг жагсаалтад нэмэгдэн орж байжээ. Сүүлийн үед хоёр орны хооронд үүсээд байгаа маргаан зөрчлийн улмаас Японы засгийн газар “цагаан жагсаалт”-аас Өмнөд Солонгосыг хасах тухай судалж эхэлсэн юм. Хэрвээ ингэвэл уг жагсаалтаас хасагдсан анхны орон Өмнөд Солонгос болох ажээ.

Тэгвэл энэхүү асуудлыг Абэгийн засгийн газар наймдугаар сарын 2-ны өдөр шийдвэрлэхээр төлөвлөснийг өнөөдөр Токиогийн албаны эх сурвалж мэдээлсэн байна. Хэрвээ шийдвэр гарвал ирэх сарын сүүлээс мөрдөгдөж эхлэх гэнэ.

Үүнээс гадна долдугаар сарын эхнээс Япон улс хагас дамжуулагч, дэлгэцийн үйлдвэрлэлд ашиглагддаг химийн материалыг Өмнөд Солонгост нийлүүлэхдээ хатуу хяналт тавихаар болсон. Хариуд нь Өмнөд Солонгост Японы бараа бүтээгдэхүүнээс татгалзах олон нийтийн хөдөлгөөн өрнөөд байна.

1910-1945 онд Солонгосын хойгт тогтож байсан Японы колоничлолын дэглэмийн үеэс үүдэлтэй маргаан зөрчил хоёр хөршийн хооронд гүнзгийрснээс ийм арга хэмжээнүүдийг авах болсон юм.

Өнөөдөр Японы гадаад хэргийн сайд Коно Таротой Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Кюн Хва утсаар ярихдаа “цагаан жагсаалт”-аас хасахгүй байхыг уриалсан байна.

Хэрвээ ийм шийдвэр гарвал хоёр орны харилцаа улам муудахыг сайд Японы талд сануулжээ. Бас өндөр технологийн материалын экспортод тавьсан хатуу нөхцөл шаардлагаа цуцлахыг Кан Кюн Хва уриалсан байна. 

Японы экспортын хяналтыг эсэргүүцсэн Өмнөд Солонгосын засгийн газар Дэлхийн Худалдааны Байгууллагад гомдол гаргаад байгаа юм.

 

Эх сурвалж: Kyodo News